Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа. Эрхэм аймгийн Засаг дарга энэхүү зөвлөлгөөнд оролцож байгаа эрхэм хүндэт зочид оо.
Бидний өвөг дээдэс, ахмад буурлууд маань төрийн сүлд минь өршөө гэж сүслэн залбирдаг төрөө дээдлэн хүндэлдэг ард түмэн билээ. Манай эриний өмнөх 209 онд Хүннүгийн хаан ширээнд заларсан Модун хааныг анхны төрт улсыг эмхлэн байгуулсан гэж зарим судлаачид үздэг. Энэ түүхээс улбаалан үзэх юм бол 2000 гаруй жилийн түүхийн урт хугацаанд Монголын төр хөгжин дэвжсээр иржээ.
Дорнод аймаг 82 мянган хүнтэй. Тэгвэл аймгийн хэмжээнд эмч, багш, жижүүр, үйлчлэгч гэхчлэн Төрийн үйлчилгээний албан хаагчдыг оролцуулаад нийтдээ 4774 төрийн албан хаагч байна. Үүнээс төрийн жинхэнэ албан хаагч нь 615 байна. Энэ нь нийт иргэдийн 1.75 хувийг эзэлж байна. Төрийн албанд орж ажиллах хүсэлтэй залуусын тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. Жилдээ төрийн албаны шалгалтанд 250 орчим хүн орж 40-50 нь л шалгалтанд тэнцдэг бөгөөд үүнээс 18-25 нь л тухайн албан тушаалдаа ажиллах боломж олддог гэсэн мэдээлэл байна. Үүнээс харах юм бол төрийн алба хичнээн өндөр босготой болох нь харагдаж байна. Та бүхэн бол энэ өндөр босгыг давж чадсан азтай хүмүүс нэг талаар тэр хэмжээний чадвартай мэдлэгтэй өндөр боловсролтой хүмүүс. Хэрвээ төрийг, төрийн албыг амьд биет юм гэж үзвэл түүнийг амилуулан тэжээж хөдөлгөж байдаг эд эс нь энэ танхимд сууж байгаа та бүхэн нийт төрийн албан хаагчид та нар билээ. Төр эрүүл орших нь төр эмгэггүй байх эсэх нь төрийн албан хаагчид та бүхнээс л шалтгаална. Сүүлийн үед төрд, төрийн албан хаагчдад итгэх итгэл багасч төрийн албаны нэр хүнд суларч байгаа нь нууц биш ээ. Энэ нь нийт төрийн албан хаагчдаас биш зарим нэг төрийн албан хаагчийн болчимгүй үйлдэл, ихэмсэг яравгар зан, хүйтэн, хөндий харилцаа, хүнд сурталтай холбоотой юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг зүйр үг бий. Нэг хүний гаргасан ганцхан зохисгүй үйлдэл л нийт төрийн албан хаагчдыг буруутгах хангалттай шалтаг болж байна.
"Төрийн албан хаагч бол үйлчлэгчээс өөр хэн ч биш” гэж бичсэн нэг нийтлэлийг би уншсанаа санаж байна. Үнээн. Төрийн албан хаагч бол иргэдэд үйлчлэх л үүрэгтэй.
Хаанаасаа хаалгач нь гэдэг. Иргэд хамгийн түрүүнд уулзаж үйлчилгээ авсан төрийн албан хаагчаар танай байгуулагыг төрийн байгууллагыг үнэлж дүгнэж байна. Тэр төрийн албан хаагчийн харилцаа үзүүлсэн үйлчилгээнд сэтгэл дундуур үлдсэн бол тэр байгууллагад, улмаар төр засагт бүхэлд нь гомдож төрийн албаныханы хүнд суртлын талаар таарсан бүхэндээ ярьж байдаг. Нэг удаа иргэдтэй уулзах уулзалтын үеэр хэсэг иргэдийн хэлсэн үг миний санаанд байнга хадгалагдаж байдаг. Төрийн байгууллага дээр очоод түшмэдүүдтэй нь уулзсанаас дарга нартай нь уулзсан нь дээр байдаг. Асуудал шийдэхгүй ч аятайхан тайлбарлаад өгдөг. Доод улсууд нь үгүй ээ мөн хэцүү гэж.
Төрийн албан хаагчид нь иргэдээ хүндэлж, хүн ёсоор хандаж чаддаг байвал иргэдэд төрөө дээдлэх ухамсар, сэтгэл нь аяндаа төрнө. Харилцан итгэлцэл, хүндлэл гэсэн ёс зүйн хэмжүүр үүнээс үүснэ.
Өнөөдрийн зөвлөгөөн "Хандлага өөрчлөлт” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм байна. Цаг үеэ олсон чухал сэдвийг хөнджээ. Хэд хоногийн өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Бат-Эрдэнэ Төрийн албан хаагчдад өгөх зөвлөмж юу вэ гэсэн судалгааг иргэдээс авсныг харсан. Судалгаанд оролцогсодын 72 хувь нь хандлагаа өөрчил гэж зөвлөсөн байсан.
Иргэд биднээс, танаас хандлагаа өөрчлөхийг хүсч байна. Биднийг төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг хүмүүс байгаасай гэж хүсч байна. Төрөөс үйлчилгээ авахдаа сэтгэл хангалуун сэтгэл дүүрэн байхыг хүсч байна.
Төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа ТАХ бүр төрийг төлөөлж байгаа, төрийн нүүр царай болж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна.
Танаас Монгол төрийн монголын төрийн албан хаагчдын нэр хүнд хамаарч байгаа гэдгийг байнга санаж хичээж явах хэрэгтэй байна.
Өнгөрсөн жил болсон Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн дээр УИХ-ын даргын хэлсэн ТӨР БОЛ ямар нэг байшин барилга, эсвэл аппарат хэрэгсэл биш, ердөө л төрийн нэрийн өмнөөс ажил алба эрхэлж, иргэддээ үйлчилгээ үзүүлж буй ХҮМҮҮС юм. Тиймээс Монгол төрийг би төлөөлж байгаа гэдгээ төрийн албан хаагч бүхэн ухамсарлан ойлгож, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллах ёстой гэж хэлсэн үгийг давтан сануулж хэлье.
Ингээд та бүхэндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Монгол төрийн нэр хүндийг буртаггүй цэвэр ариун авч явахыг хүсье. Зөвлөлгөөний ажиллагаанд амжилт хүсье.
БАЯРЛАЛАА
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30341
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих