Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “…Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, бүх шатны төрийн албан хаагчийг мөрийтэй /Казино тоглох/ тоглохыг хориглолоо” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Түүний ярьснаар Засгийн газар уг шийдвэрийн биелэлтийг улирал бүр тайлагнаж байхаар холбогдох албаныханд үүрэг өгсөн. Төрийн албан хаагч казино тоглож байгаа талаар мэдээлэл ирж, энэ нь батлагдвал ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт улс төрийн албан тушаалтнууд ч багтана. Эхний ээлжинд журмыг хэрэгжүүлээд зургаан сар харж, үр дүнг нь харъя гэж байгаа. Журам хэрэгжихгүй, үр дүнд хүрэхгүй байвал хуулийн төсөл санаачлахаар Засгийн газрын хуралдааны үеэр ярилаа” гэв.
Гэнэт мэдэгдсэн энэ дүрмийн өөрчлөлт яагаад, ямар учраас гарсан нь сонин байгаа юм. Мэдээж хэрэг, улсын эдийн засаг ийм хүнд байхад төрд алба хашдаг хүмүүс казинодоод яваад байж болохгүй. Тэгээд ч хөлсөө урсгаж хэдэн төгрөг олдог бизнесмэнүүд казино руу шагайдаг ч үгүй. “Үнэгүй” олдсон мөнгө л казинод үрэгддэг.
Гэхдээ ямар ч хууль, дүрмийн өөрчлөлтийг судалгаатай, ард нь яах вэ гэдгийг бодож хийх ёстой.
ЗГХЭГ-ын даргын ярьснаар бол “…Эхний ээлжинд журмыг хэрэгжүүлээд зургаан сар харж, үр дүнг нь харъя” гэж байна. Яг энэ дүрмийг хэрэгжүүлэхэд өнөөдөр төрд ажиллаж байгаа 200 мянган албан хаагчийг яаж хянах вэ гэдгийг бодсон эсэх нь эргэлзээтэй. Бүгдэд нь “чип” суулгадаггүй юм бол хаанахын ямар казинод хэний мөнгөөр тоглоод явж байгааг мэдэх боломж байхгүй. Байдаг юм гэхэд адаглаад л араас нь тагнуулынхан хөөцөлдөнө. Тэр зардлыг яаж шийдэх вэ гэхчлэнгээс дүрмийн өөрчлөлт “түүхий” байгааг харж болно.
Гэсэн хэдий ч ийм дүрмийн өөрчлөлт хийх шаардлага эрх баригчдад байгаа бололтой байна.
Зарим эх сурвалжийн мэдээллээр, ажлыг нь авах гээд үзээд байгаа нэр бүхий албан тушаалтанд зориулсан гэх мэдээлэл ирж байна. Засгийн газрын “борвиндоо баастай” энэ тогтоолын зорилго явж явж ийм л байж таарах вий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих