Нидерландын хэсэг эрдэмтэд болон Уралын Холбооны их сургуулийн судлаач А.Панфилов нар гэрлийн багц цацрагийг ашиглан зүрхний хэм алдагдалтыг шуурхай зогсоох шинэ аргыг санал болгож байна. Дефибриллятор аппарат хэрэглэхээс ялгаатай нь гэвэл, уг аргаар эмчлэхэд зүрхний эд эсийг гэмтээхгүй ба тухайн хүнд өвдөлт мэдрэгддэггүй байна. Энэ тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хэвлэлийн алба мэдээллээ.
Зүрхний хэм алдагдалтаас үүдэлтэй гэнэтийн үхлээс аврах хамгийн түгээмэл арга бол зүрх зогсох үед хүчтэй цахилгаан орон үүсгэдэг дефибриллятор аппаратыг ашиглах явдал юм. Гэвч энэ аппарат нь зүрхний эд эсийг гэмтээдэг ба асар их өвдөлт үүсгэснээр тухайн хүнийг сэтгэцийн өөрчлөлтөд оруулах магадлалтай.
Нидерландын Лейдений их сургуулийн эрдэмтэд зүрхний хэмийг хэвийн байдалд оруулахын тулд оптогенетикийн аргыг ашиглах санааг сэджээ. Энэ аргын гол санааг тайлбарлаваас, зүрхний эдийн эсүүдэд “тусгай вирусууд” халдварлуулснаар тэдгээр эс нь гэрэл мэдрэмтгий родопсин гэдэг уургийг ялгаруулдаг байна. Өөрөөр хэлбэл гэрэл мэдрэмтгий болно гэсэн үг. Эсүүдэд гэрлийн багц цацрагаар үйлчилснээр зүрхний хэм алдагдалтыг зогсоож, хэвийн байдалд оруулах боломжтой.
Одоогийн байдлаар эрдэмтэд Лейдений их сургуулийн Эрүүл мэндийн төв, Германы Макс Планкийн хүрээлэнд судалгаагаа үргэлжлүүлэн, клиник туршилт хийхийн тулд шинэ аргыг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд дурдсанаар, хүмүүсийн нас баралтын гол хоёр шалтгаан нь зүрхний цусан хангамжийн дутагдал ба тархины цус харвалт болж байна. Тодруулбал, цус харвалтаас үүдэн нас барсан тохиолдлуудын гуравны нэг нь зүрхний хэм алдалдалттай холбоотой байдаг ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих