Импортын мотоцикльтой холбоотой тоо баримтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн статистикаар үзүүлье
НЭГ УЛИРАЛД 5.5 МЯНГАН МОТОЦИКЛЬ ОРУУЛЖЭЭ
Манай улс 2013 онд гаалиар 36.9 мянган ширхэг, 2014 оны нэгдүгээр улиралд 5.5 мянган ширхэг мотоцикль импортолсон байна. Эдгээр мотоцикль нь ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг улсаас ирдэг ба борлуулалтын ихэнх хувийг БНХАУ-ынх эзэлдэг байна. Эдгээр нь олон улсын стандартын асфальтан замын мотоциклиуд байдаг. Манай улсад хот, хөдөө, хар зам, шороон зам гэх мэт газруудад зориулан үйлдвэрлэгдсэн иргэдийн нийтлэг хэрэглээний мотоциклийн стандарт байдаггүйгээс осол аваар буурахгүй байна.
ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭСЭН НЬ МАНАЙ НӨХЦӨЛД ТОХИРОХГҮЙ
Мотоцикльтой холбоотой зам тээврийн осол нь тухайн жолоочийн замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй, дүрмийн мэдлэг хомс, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддог, хэн дуртай хүн нь жолооддог, хамгаалах малгай өмсдөггүй, улирлын чанартай унааг жилийн дөрвөн улиралд хэрэглэж ихэвчлэн уул хад, бартаа ихтэй замуудад согтуугаар жолоодож хурд хэтрүүлэн давхиснаас шалтгаалж байгаа юм. Үүний хажуугаар манай улсад оруулж ирдэг БНХАУ-ын мотоциклиуд нь манай нөхцөлд тохирохгүй гэдгийг Замын цагдаагийн газраас хэлж байна. Үүнд:
1. Хайлшин обудтай учир хурдтай явж буй үед чулуунд цохиж бутрах аюул өндөр байдаг.
2. Мотоциклийн хүндийн төв доороо байх байтал дээрээ байрладаг нь мөн адил осол гарах том аюул болж байна.
БАЯНХОНГОР АЙМАГТ ХАМГИЙН ОЛОН ОСОЛ ГАРЧЭЭ
Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудад ихэвчлэн бүртгэгдсэн байгаа нь байгууллагуудын судалгаанаас харагдаж байна. Эндээс баруун бүсийн уулархаг, бартаа саад ихтэй газруудад осол аваар ихээр гардаг гэсэн таамаглал дэвшүүлэхээр байна. Мөн Нийслэлийн замын цагдаагийн газар болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээлэл зөрүүтэй байгааг албаныхан онцоллоо. Тиймээс 2013 онд аймгуудад гарсан ослын тоог харьцуулан хүргэе.
ОСЛЫН 99 ХУВИЙГ ХЯТАД МОТОЦИКЛЬ ЭЗЭЛЖ БАЙНА
Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 110 орчим хүн нас барж, мөн төдий тооны хүн бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Энэ оны эхний улиралд 17 хүн амиа алджээ. Замын цагдаагийн газар болон эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо хоорондоо зөрүүтэй байгааг албаныхан онцолж байлаа. Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр:
-Ослын 99 хувийг хятад мотоцикль эзэлж байна.
-Өвөрхангай, Булган, Завхан, Ховд аймагт нас баралт өндөр байна.
- Ослын 42.2 хувь нь малаа бэлчээх, эргүүлэх үед гарчээ.
-Нийт ослын 71.2 хувь нь шороон зам дээр гарчээ.
-Судалгаанд хамрагдсан осолд өртөгсдийн 93.4 хувь нь хамгаалалтын малгай хэрэглээгүй бөгөөд 46.9 хувь нь толгойдоо гэмтэл авчээ.
-Цаг агаарын ердийн нөхцөлд нийт ослын 59 хувь нь гарсан байна.
ХОЁР ШИРХЭГ МАЛГАЙ ЗААВАЛ ДАГАЛДУУЛАХЫГ САНАЛ БОЛГОВ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Авто тээврийн үндэсний төв, Механик инженерийн сургууль, Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах газартай хамтран манай улсад импортоор оруулж ирэн худалдаалагдаж буй мотоциклийн зарим эд ангийн техникийн үзүүлэлт, метал хийцийн бүтэц, чанар байдлыг судлах, стандарт үзүүлэлтийг тогтоох шалгалт хийжээ. Шалгалтын дүнг үндэслэн ажлын хэсгээс импортоор оруулж ирэн худалдаалдаг мотоцикль болон түүнтэй төстэй техник хэрэгслүүдэд хоёр ширхэг хамгаалах малгайг заавал дагалдуулан өгдөг болгох, манай нөхцөлд тохирсон стандарттай зайлшгүй болохын тулд ажлын хэсгээс Механик инженерын сургуулийн лабораторын шинжилгээнд өгсөн мотоциклийн дүнг үндэслэн боловсруулж Шадар сайдын түвшинд асуудлыг тавьж шийдвэрлүүлэхээр болжээ. Түүнчлэн согтуугаар мотоцикль жолоодохгүй байх чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажилд төрийн байгууллага, олон нийт хамтарч ажиллах, мотоциклийг зөвхөн хуулийн этгээдийн эрхтэй аж ахуй нэгжээр дамжуулан оруулж ирдэг байх, зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авсан байхаар эрх зүйн зохицуулалт хийлгэх хэрэгтэй байгааг онцолсон байна.
Б.ТӨГС /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих