Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан С.Зориг агсан одоо ч Монголын улстөрчдийн амны зугаа болсоор байна. Хорин жил шалгасан хэргийн эзэд олдож, гурван хүнд ял оноож, хорьсон. Гэвч тэр нь эцэстээ бодит үнэн, зохиомол эмгэнэлт жүжгийн алин болох нь үл мэдэгдэх үйл явдлууд өрнөсөөр байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хоёр хүнд эрүү шүүлт тулган ял оноосон гэх хэрэг өрнөсөөр Монголын улстөрчдийн үнэн төрхийг харуулах бололтой.
Бие бие рүүгээ ээлж дараалан ширүүн үг шидэлцэж, бараг л С.Зориг агсны хэргийн “ЗАХИАЛАГЧ” тодорхой болох шахав. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хаягласан бүтэн нийтлэл бичиж, нийтлүүлж. “Цадиг” нэртэй тус нийтлэлд ...Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Нямдоржийн хувьд улс төрийн амьдралаа уртасгах, ээлжит сонгуульд нэр дэвших, ардчиллыг дарах хэрэгсэл болж ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн...
...Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд Ц.Нямдоржийн гаргаад байгаа үйлдлийг би үнэхээр гайхдаг. Улсын маань Хууль зүйн сайд хүн. Захиалагч хатгагчийг олох шалгах эгзэгтэй үед. Ийм авир гаргах ямар шаардлага байв? Алуурчдыг мөрдөн шалгахад хууль зөрчигдсөн бол асуудлыг яаж шийдэх, яаж хариуцлага тооцох ёстойг Нямдорж сайн мэднэ.
“Хэрэг задарна” гэж шорон оронгүй, дотоод гадаадгүй хошуу өргөөд, нохой шуугиулаад. Хань хамсаатан татаад. Задарсан ч энэ хэрэг хуулиар л задрах байлгүй. Энэ хэргийг иж бүрэн шийдэхэд Нямдоржийн хүргэх ганц л тус харагдаж байна. Нямдорж өөрөө энд оролцохгүй байх. Өөрийнхөө энэ хэрэгтэй холбоотой гаргасан, гаргаж байгаа үйлдэл бүрийг шударгаар шалгуулах.
Ц.Нямдоржийн ойлгомжгүй үйлдэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг самраад зогссонгүй. Арай ядан бүрэлдэж байсан хуулийн засаглал Монголд устаж үгүй болоход тулж байна. Энэ байдал сүүлийн 30 жилд 5 удаа хууль зүйн салбарыг толгойлсон Нямдоржид хайран бас харамсалтай биш гэж үү! Эсвэл энэ нь Нямдоржийн санаатай урьдчилан төлөвлөсөн үйлдэл үү!...гэжээ
Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас хэргийн нууцын “эзэн”-ийг зарлав. Тэрбээр “Энэ гардаг 10 дугаар сарын 2-ны орой мэргэжлийн том алдаанууд гарсан. Нэгдүгээрт, хэргийн газарт Ц.Элбэгдорж тэргүүтэй 70 хүн ороод гарсан. Хэрэг илрэхгүй байхад энэ асар их нөлөө үзүүлсэн.
Хоёрдугаарт, хойшлуулашгүй авах хатуу арга хэмжээг авч чадаагүй. Үүнээс бол бүх зүйл замхарсан.
Гуравдугаарт, шалгадаг ажлын хэсэг нь хоёр газар байгуулагдсан. Тагнуул дээр нэг ажлын хэсэг, цагдаа дээр нэг ажлын хэсэг.
Хамгийн сонирхолтой нь энэ хэрэг Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад гараад Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болоход хоёр хүн балмад мэдээллээр шийтгүүлээд төгсгөл болсон. 25 жилийн хугацаанд энэ хэрэгт хэн ч хүрч болохгүй байх шүүх хурал хийсэн.
Одоо үүнийг ил гаргах гэхээр гаргаж өгөхгүй байна. Засгийн газрын хуралдаанаар 2-3 удаа оруулж байж нууцаас гаргасан. Тэгээд прокурор дээр очихоор дахиад хэнд ч үзүүлэхгүй. Прокурор гэдэг байгууллага тэндээ бас нууц тогтоодог болчихсон. Тэр бүхэн гараад ирвэл энэ бүх балай юм дотор нь байгаа учраас нуугаад, хөндөж ярьсан хүнд эрүү үүсгэж, дарамталдаг” гэж ярилаа. Жаахан мушгиж, хэтийдүүлэн ойлговол экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар бие биенийгээ С.Зоригийг хөнөөсөн хэргийн “Захиалагч” гээд хэлчихэв бололтой.
М.Болд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих