Балт ван: Хятадын сенатын гишүүн байсан.
Минжүүр: Ууган хүү, Тайваны парламентын гишүүн байсан.
Цэдэндорж: Удаах хүү, Германд суралцсан, Бээжинд герман хэл зааж байсан.
Сэрцоо: Ууган охин, Францад хүн эмнэлгээр суралцсан.
Ниржидмаа: Отгон охин, Хятад, Францад боловсрол эзэмшсэн. Англи, франц, хятад, орос, араб, перс хэлтэй.
Даваанямбуу: Минжүүрийн хүү, ренбүчи цолтой, одоо Малайзад амьдардаг.
XX зууны эхэнд монголчуудын дунд “дани хүн” хэмээн нэрлэгдсэн аялагч, эрдэмтэн судлаач Х.Хасслунд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд багагүй хугацаагаар сууж байх зуурт торгуудууд Ниржидмаа гэх бүсгүйн тухай үлгэр мэт зүйл ярьдаг байжээ. Хасслунд “тийм хүн үнэхээр байдаг л юм байх даа” гэж боддог байв. Дараа нь Хятад, Монголоор аялсан барууны хүмүүсээс Ниржидмаа гэх нэрийг хэдэнтээ сонссон гэдэг.
Х.Хаслунд нутаг буцах гээд Монголын баруун хилийн боомт Чугучакт (монголчууд Тарвагатай гэдэг) ирэхэд нөгөө алдарт Ниржидмаа Монголдоо харьж ирж байгаатай таарчээ. “Өнгө жавхааг нүүрэндээ тодруулсан, гоолиг биетэй, яриа хөөрөөтэй, донж маяг нь европ шинжтэй байсан нь аргагүй сэтгэл татаж байсан” хэмээн хожим Х.Хасслунд бичсэн байдаг. Боомтын дэн буудалд Хасслунд, Ниржидмаа хоёр бүтэн 14 цаг ярилцсан бөгөөд Ниржидмаагийн хэлний мэдлэг, ухаалаг яриа, хурц ухаан, чөлөөтэй өргөн сэтгэлгээг биширчээ. Ийнхүү уулзсанаас хойш 10 гаруй жилийн дараа 1935 онд Х.Хасслунд “Монгол: Хүмүүн ба бурхадын орон” номоо хэвлүүлэхдээ Ниржидмаагаар өмнөх үгийг нь бичүүлсэн аж.
Сонсоход сонин гайхам түүхтэй Ниржидмаа гэж хэн бэ? 1771 онд Ижил мөрнөөс буцаж нүүсэн торгуудын голлох ноёдын нэг Бамбарын хойч, Шинжааны захирагч, торгуудын Балт вангийн охин ажээ. Балт ван 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан, Манжийн үед, түүний дараа төрд ч Хятадын төрийн хэрэгт нөлөөтэй оролцдог монгол ноёдын нэг байсан гэх мэтээр тэмдэглэгдсэн байдаг. Балт ван Бээжинд хүмүүнлэгийн, Токиод цэргийн боловсрол (1906-1908) эзэмшиж, 1917 онд Шинжаанаас Бээжинд шилжиж, Хятадын сенатын гишүүн байгаад 1920 онд Токиод нас барсан гэдэг. Хятад хэл соёлыг нэвтэрхий мэддэг, япон, англи хэл эзэмшсэн Балт ван хүүхдүүддээ өрнийн боловсрол олгосон бөгөөд ууган хүү Минжүүрийг Николай II хааны тэтгэлгээр Санкт-Петербургт, удаах хүү Цэдэндоржоо Германд, хоёр охиноо Францын сургуульд сургажээ. Ууган охин Сэрцоо нь хүн эмнэлгийн чиглэлээр суралцсан боловч залуугаараа өөд болсон. Харин отгон охин Ниржидмаа нь багаасаа Бээжингийн Франц сургуульд суралцаж хожим Францад хэл соёлын мэргэжил эзэмшжээ.
Оросын иргэний дайнаас дайжиж Францад суусан халимаг монголчуудын эрхлэн гаргадаг “Ковыльные волны” (Хаг халиурсан тал) сэтгүүлийн эхний дугаарт буюу 1930 онд Ниржидмааг Парист хэрхэн хүлээж авч уулзсан тухай томоохон өгүүлэл нийтэлжээ. Оюунлаг, золбоолог төрхөөрөө хэнийг ч эзэмдэн татах ер бусын увидастай монгол бүсгүйн тухай мэдээ Парисаар эгшин зуур тархаж, түүнд бичсэн захидал, зориулсан дуу шүлэг нь сэтгүүлийн редакцыг дарж байсан гэдэг.
Сэтгүүл 6 жил хэвлэгдэн гарахдаа Ниржидмаагийн тухай мэдээг байнга дурддаг байв. 1936 онд лам Нимбушов, ноён Н.Тундутов нарын зохиосон буян номын ажилд оролцсон мэдээ, 1933 онд Белград дахь Буддын сүмд болсон шашны ёслолд оролцсон тухай, мөн 1933 онд “Халимаг Тангчин туг” нийгэмлэгээс Ниржидмаад зориулан Парист ёслолын хүлээн авалт хийсэн тухай гэх мэтээр нийтэлжээ. Парисын хүлээн авалтанд Ниржидмаа монгол үндэсний бүрэн хувцас, зүүсгэлтэй байсан зургийг И.Билибин гэх хүн тусгайлан авчээ. Зургийн баруун дээд өнцөгт худам монгол үсгээр бичсэн гурван мөр байх бөгөөд эрдэмтэн Владимир Санчировын уншсанаар бол “Эрээн хавиргын хуучин торгуудын хошууны бүгдийн дарга, ван ноёны охин Ниржидмаа” гэсэн утга аж.
Ниржидмаа Францад байхдаа 1937 онд “монгол уртын дууны ном” гаргаж 18 дууны үгийг латин үсгээр, монгол хэлээр, мөн тод монгол үсгээр буулгасан нь ойрад монголчуудын хэл соёлыг Баруун Европт танилцуулсан хамгийн анхны бүтээл ч байж мэдэх аж. Ниржидмааг 1937 онд нутагтаа буцаж ирсний дараа жил нь нөхөр болох сурвалжит ноён нас баржээ. Удалгүй Бээжинд сууж байсан Францын ерөнхий консул Мишель Браэльтай гэрлэсэн бөгөөд дипломат нөхрөө даган Азийн олон оронд суужээ. Хожим нь түүнтэй байнгын захидал харилцаатай байсан Х.Хасслунд өөрийн тэмдэглэлдээ “Ниржидмаа Афганистан, Лаос, Тайланд зэрэг олон оронд байхдаа араб, перс хэлийг идэвхийлэн судалсан, түүхийн мэдлэгээ улам зузаалсан, цэцэрлэг байгуулж арчилсан, хөгжим тоглож сурсан” гэх зэргээр дурдсан байна. Монгол хүний, монгол бүсгүйн нэрийг очсон газар болгондоо бахдуулж, бишрүүлж явсан торгууд бүсгүй Ниржидмаа Парист 1983 онд 76 настайдаа бие баржээ.
Монгол нөхрөөс нь гарсан түүний хоёр хүү Шарль дө Торгут, Бонни дө Торгут нар эдүгээ Францад амьдардаг. Ниржидмаа тэдний торгууд монгол ястайг үеийн үед мартуулахгүйн тулд de Torgout хэмээх овог авахуулсан бөгөөд дө хэмээх угтварыг Францад эртний сурвалжит угсааныхан овгийнхоо өмнө заавал хэлж, бичиж хэрэглэдэг ажээ. Ниржидмаагийн ач охин Натали дө Торгут нь хэдэн жилийн өмнө Халимагт очиж байжээ.
Ниржидмаагийн ах дүү, тэдний үр хойчсийн түүх намтар ч сонирхолтой юм. Ах Минжүүр ван нь (эцгээсээ хэргэм залгамжилсан) Санкт-Петербургт орос, слав судлалаар мэргэшсэн бөгөөд 1949 онд халимаг, орос хоёр эхнэрийн хамтаар Түвд, Энэтхэгээр дамжин АНУ-д гарсан бөгөөд хожим нь Тайваний иргэн болж парламентын гишүүнээр сонгогдож байв. Түүний халимаг эхнэрээс гарсан охин Даваанямбуу хоёр хүү төрүүлсний нэг нь Түвдийн томоохон хувилгаан ламын хойд дүрээр тодорч одоо ренбүчи цолтойгоор Малайзад буян номын ажил эрхэлж буй. Ниржидмаагийн удаах ах Цэрэндорж 1920-иод онд Германд сургууль төгсөж ирээд Бээжингийн католик их сургуульд герман хэл зааж байснаас өөр мэдээ олдоогүй байна.
ДӨ ТОРГУТ нар Монголд ирж байсан болов уу?
Эх сурвалж - Buyan Choi
Дэлхийн Монголчууд групп Бат-Амгалан Хөх Морит
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих