Дорнод аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран "Эрүүл аюулгүй ирээдүйн Хөдөлмөрийн төлөө” зүүн бүсийн зөвлөгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чойбалсан хотноо зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ш.Ёл үг хэлсэн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дэд хөтөлбөрийн хэрэгжилт, Олон Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдлын өдрийг тохиолдуулан орон нутагт зохион байгуулж буй сарын аяны талаарх мэдээллийг тус тус хүргэлээ.
Бүсийн зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд, сумдын салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар, аж ахуйн нэгж байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнуудаас бүрдсэн нийт 100 гаруй төлөөлөл оролцлоо.
Энэхүү зөвлөгөөний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Ч.Ариунзаяа, Х.Чинзаяа нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох журам, зааврын талаарх сургалт, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тухай ойлголт, Эрүүл ахуйг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар тус тус танилцуулав.
Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үлгэр жишээ байгууллага болох "Дорнод бүсийн эрчим хүчний систем” Төрийн өмчит хувьцаат компани, Дорнод Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30600
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих