Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар жил жилд дэлгэрэхэд Бөртэ чонын удамт бидний монголчуудын зарим нь гоо марал буга, түүний төрөл садан - бор гөрөөс, хар сүүлт, бөхөн, цагаан зээрийн халуун цус ууж витаминжин эмийн бус эмчилгээнд хамрагддаг ямар ч үр дүнгүй гаж уламжлал тогтсоор удлаа. Харин сүүлийн жилүүдэд бага малын засаа идэж аминдэм авдаг моод дэлгэрлээ.
Ойрмогхон улсын аварга, арслан, гарди ахалсан бөхчүүдийн баг шүдлэн үрээ, бярууны засаа идэхээр Улаанбаатараас гарч хөдөөг зорьж байна. Улсын наадамд сайн барилдах бэлтгэл хангахад нэмэгдэл бүтээгдэхүүний цэвэр уураг халбагадсанаас засааны түүхий уургийг хоол боловсруулах эрхтэндээ тушаавал бяр нэмэгдэнэ гэсэн гэнэн ойлголттой тэдгээр бөх цолныхоо эрэмбээр нэг суурин дээр 18, 16, 14, 12, 10, 8, 6, 4, 2 гэсэн тэгш тоогоор засаа иддэг аж.
Идэх засааны тоо тэгш байдаг нь чанасан толгойны нүдийг хосоор бус нэгийг нь буюу сондгой тоогоор идвэл мэлмийд халтай гэсэн эцэг өвгөдийн цээрлэх ёс заншилтай жишиж тогтоосон эерэг дэг жаяг юм билээ. Энд бас эр амьтан бүрт хоёр засааг Бурхан багшаас үржихүйн хэрэглүүр болгон хуваарилсан гэдгийг санахад илүүдэхгүй. Нөгөөтэйгүүр малын хос эрхтэнг хоёуланг нь нэг бөх хүмүүн зооглох учиртай гэж ч тайлбарлаж болно.
Малын засаа идэх “хөдөлгөөн” нь нөгөө марал бугын удмынхныг егүүтгэж байж халуун цус уудаг заншлаас ан амьтан хамгаалах, нүгэл болох талаасаа 100 хувь эерэг юм. Монголчуудын уламжлалт мал аж ахуйн дүрмээр хаврын улиралд адуунаас шүдлэн үрээ, үхрээс бярууг засдаг. Энэ хавар гэхэд 2017 онд гарсан эр унага, өнөөдрийн 220 мянган шүдлэн үрээний 440 мянга, 2018 оны эр тугал, одоогийн 600 мянган бярууны 1.2 сая, нийт 1640000 засааны нөөц бүрджээ. Дашрамд сонирхуулахад, манай малчид жил тутам дунджаар унага, тугал, ботго, хурга, ишиг нийт 20 сая төл бойжуулдаг. Дунджаар үүний тал нь эр. Тус бүр нь хос засаатай тул хоёроор буцааж үржүүлэхэд 20 сая гэсэн тоо гарна. Монгол Улсын хүн ам өнөөдөр 3,239 сая. 20 сая ширхэг засааг бүх хүндээ хуваахаар нэг иргэнд ойролцоогоор зургаан засаа ногдож байна. Тэгэхээр хүн бүр жилд ийм тооны бага малын засаа идэж, цэвэр экологийн эрхтэнээр уурагжих боломжтой гэсэн үг. Энэ бол манай улсын нийт иргэнд хамаатай статистик.
Ер нь бага малын засааг бөхчүүд шиг түүхийгээр нь нэг сууринд олныг идэх нь ачтай тустай гэсэн заавар зөвлөгөө хаана ч байхгүй. Харин Завхан аймгийн Яруугийн хүрээний алдартай оточ маарамба нар бага малын засааг хүмүүний тамир тэнхээг сайжруулах /одоогийнхоор бол допинг уу ?/ зориулалтаар идүүлэхдээ түүхийгээр нь бус доорх аргаар боловсруулж бэлтгэдэг байжээ.
Үүнд, “Шувууны мах чанаж шөл гаргана. Чанасан махаа тогооноос гаргаж тунгалаг шөлөнд нь бага малын засааг атга будаатай /цагаан будаанаас бусад/ хамт хийж зөөлөн галаар нуугиулан буцалгана. Засааг ялз болгосны дараа дээр нь нэмж “тунгалгийг оронд нь шингээгч” хэмээх нэг тун “Данмайнайжүг” эм хийж иднэ. Орой унтахын өмнө орондоо орсон даруй өдөр дараалан идэж хэрэглэх нь хүүхэд багачууд, хөгшин залуу гэж ялгаа нь үгүй хүмүүн бүрт тустай. Хэдэн өдөр дараалан хэрэглэх нь бүр өгөөжтэй” гэсэн заавартай. Бөхчүүд төдийгүй та бид бүгдээрээ энэхүү “ном заавраар” бага малын засаа идвэл яасан юм бэ...Шувууны мах хэрэгтэй гэвэл хүнсний зах, дэлгүүрийн лангуугаар дүүрэн тахианы мөч байж байна. “Данмайнайжүг” эм нь болохоор уламжлалт анагаах ухааны эмийн санд боодол боодлоороо байгаа.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих