Нэрт соён гэгээрүүлэгч, төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын охин Индратай хүүхэд насных нь аавтайгаа өнгөрөөсөн гэгээлэг дурсамж болон хувийн амьдралынх нь талаар сонирхолтой яриа өрнүүлсэнээ та бүхэндээ хүргэж байна.
-Номоо яагаад "Улаан дэвтэр” гэж нэрлэсэн юм бэ?
-1992 онд намайг зургаан настай байхад аав минь надад улаан хавтастай дэвтэр бэлэглэсэн. Тэр дэвтэр дээр 1992 оноос эхлэн гэрээр орж гардаг байсан урлаг, улстөр, утга зохиолын хүмүүсийн надад зориулж бичсэн ерөөлийн үгсийг бичдэг байсан юм. Жавхралал Неру охиндоо захиа бичээд тэр нь гурван боть ном болон гарсан байдаг. Үүн шиг аав маань охиндоо зориулж Монголын оюуны сор болсон хүмүүсээр ерөөлийн үг бичүүлж, охиныхоо замыг гэрэл гэгээтэй болгохоор гаргасан дэвтэр байсан. Тэгээд ерөөлийн үг мянга болохоор ном болгож надад бэлэглэнэ гэдэг байлаа. Харамсалтай нь 1999 онд аавыг бурхан болоход 150 хүн ерөөлийн үг бичсэн байсан. Хэдийгээр ерөөлийн үгс мянга болоогүй ч ном гаргах хэрэгтэй гэж бодсон юм. Тэгээд ч ном тухайн үед манай гэрээр орж гардаг байсан хүмүүсийн намтар түүх болон үлдэж байгаа юм.
-Тухайн үед гэрээр тань орж гардаг байсан аавынхаа найз нартай одоо хүртэл холбоотой байдаг уу?
-Холбоотой явдаг хүмүүс бий. Гэхдээ холбоогүй байлаа гээд нэг их эмзэглэхгүй. Одоо Батхуяг, Ням-Очир, Батрэгзэдмаа, Хулан, Мөнхцэцэг гээд шавь нартай нь мэнд устай явдаг юм. Харин найз нараас нь Саруулбуян, Мэнд-Ооёо нартай холбоотой байгаа.
- Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Би аавтайгаа үргэлж хөдөө хамт явдаг байсан. Мөн Их хурлын гишүүн
болдог сонгуулийн жилүүдэд хамт явдаг байлаа. Ер нь аав минь өөрийн
болон бусдын хүүхдийг хайрладаг, нохой их хооллодог, хүүхэд, хөгшчүүдэд
их тусалдаг хүн байсан юм. Аав минь "Чиний бие энэ хорвоод түр зуурхан
ирээд буцна гэж бодон бусдын төлөө сайн, сайхан зүйл хийж яваарай” гэж
захидаг байсан.
-Аав минь яг миний 13-ны жил дээр өнгөрсөн. Хэдийгээр аав намайг 13-тай байхад өнгөрсөн ч миний ертөнцийг үзэх үзэл, оюун санааг төлөвшүүлж өгсөн. Тиймээс ч бага насны дурсамж бүхэн аавтай минь холбогддог.
- Та аавтайгаа усны дусал шиг адилхан юм аа. Мэнгэ нь хүртэл адилхан байна шүү?
- Хүмүүс тэгж хэлдэг юм. Гэхдээ гадаад үзэмжээрээ адилхан байлаа ч, дотоод сэтгэл, хийж буй үйлдэл, үзэл бодлоороо адилхан байхыг хүсдэг. Монголын ард түмэн "Амьддаа бие биенээ хайрла" шүлгийг уншаад өнгөрөх биш, доторх агуулыг нь ойлгож, бие, биенээ хайрлаасай гэж боддог.
-Аавын тань хэлсэн үг, бичсэн шүлгийн мөр бүгд афоризм болсон. Энэ нь таны хувьд хамгийн том бахархал болов уу?
-Тийм ээ. Миний бахархал байлгүй яахав. Гэхдээ би яруу найраг бол миний аавын амьдралын зорилго байгаагүй гэж боддог. Өөрөө ч гэсэн "Яруу найраг бол миний хувьд үнэнийг олох гүүр байсан” гэж ярьдаг байсан. Мэнд-Ооёо гуайн аавын "Амьддаа бие биенээ хайрла” шүлгэнд бичсэн "Хайрлахуйн тарни” нийтлэлийг уншихад шүлгийн үг тарни шиг болсон гэж бичсэн байсан.
-Тэгвэл аавыгаа улстөрч байснаас илүү яруу найрагчийнхаа замаар явсан бол гэж бодож байсан үе бий юу?
-Би аавыгаа улстөрд орсныг нь зөв гэж боддог. Хамгийн цэвэр байх ёстой салбар бол улстөр. Улс орны аюулгүй байдал, сайн сайхан явах, ард түмнээ хамгаалах үүргийг хүлээсэн хүмүүс хамгийн шударга цэвэр ариун байх ёстой. Өнөөдөр Монголын ард түмэн аавыг эх орончийнх нь хувьд их хайрлаж байна. Эх оронч хүүгээрээ дутаж байна шүү дээ.
-Үнэхээр бичсэн шүлгийнх нь үг бүр утга учиртай байдаг болохоор хүн бүрийн зүрх сэтгэлд хүрсэн байдаг шүү дээ.
-"Хүнд хэрэгтэй зүйл хий” гэсэн санааг агуулдаг болохоор аавын бүтээл сүнстэй байдаг болов уу. Тэгж байж хүний мөн чанар оршино. "Уран бүтээл хийхдээ хэн нэгэнд ухаарал өгөх, уучлах сэтгэл төрүүлдэг байвал би хүн байгаагийн утга учир” гэж аав хэлдэг байсан. Тэгээд ч уран бүтээлийг нь харахад хайр сэтгэл гэхээсээ илүү эх орон, газар шороо, хүн байх, аав ээжийгээ хайрлахын тухай сэдэв бүтээлийнх нь 80 хувийг эзэлж байгаа юм. Хүмүүс аавыг сайн яруу найрагч, улстөрийн зүтгэлтэн гэж хэлдэг. Гэхдээ би аавыгаа эгэл хүн байсан гэж боддог. Эгэл бүхэн аугаа байдаг. Тиймээс аавын минь шүлэг ямар нэгэн давс хачиргүй, чихэргүй яг л бодит зүйлийг чин сэтгэлээсээ бичсэн учраас өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдахгүй байсаар байна.
-Таны соёл судлаач мэргэжлийг сонгох болсон нь таны сонголт байсан уу? Таны аавын хүсэл байсан уу?
-Зуун хувь аавын минь хүсэл байсан. Манай аавын найз нар намайг арван настайгаар минь төсөөлөөд байдаг юм. Тухайн үед гэртээ ирсэн хүмүүст бүжиглэж, дуу дуулж өгдөг хүүхэд байлаа. Тийм байсан болоод ч тэр үү жүжигчин болно гэж боддог байсан шүү. Тэгээд нас ахих тусам зорилго өөрчлөгддөг болохоор нэг мэдэхэд өөр зүйл хүсдэг болчихсон. Аавынхаа хуурай ах, СУИС-ийн захирал байсан Цэдэв ахаас ямар мэргэжилтэй болох вэ гэж асуусан. Тэр үед "Чи жүжигчин болох хэрэггүй. Аавын чинь гар бичмэл, материалууд чамд байна. Үүнийг соёлын биет өв болгох талаар анхаарч ажиллах хэрэгтэй. Тиймээс соёл судлаач бол” гэж зөвлөсөн. Тэгээд ч хүний хийж байгаа бүхий л үйл ажиллагаа соёлтой холбогддог учраас энэ мэргэжлийг сонгон суралцсан. Одоо СУИС-д багшилж байна.
-Эмэгтэй хүн болгон их ганцаарддаг шүү дээ. Та ч бас хааяа ганцаарддаг байх?
-Огт ганцаардаггүй. Гэхдээ хүн л юм чинь гомдох, гуних үе гаралгүй яахав.
-Тэр үед танд чухам юу хань болдог вэ?
-Хэн нэгнийг санасан, хүнд гомдсон үедээ аавынхаа бүтээлийг уншиж, мөн бурхан шашны холбогдолтой сургаал бүтээл уншдаг. Тийм болохоор аавын минь бүтээл амьдралын минь бас нэгэн хань юм уу даа. Энэ төлөвшлийг аав бий болгож өгсөн болохоор аливаа юм хоосон чанартай гэдгийг сайн ойлгодог. Аав маань "Тэнгэр шиг бай” гэдэг. Тэр бол миний амьдралын гол зарчим. Тийм ч учраас ямар нэгэн хүн ингэж байна, тэгж байна гэвэл тоодоггүй шүү дээ. Ер нь аливаа зүйлд зөв хандаад, буяны мөр хөөж амьдрах юм сан гэж боддог. Аав маань хэдийгээр энэ хорвоод байдаггүй ч оюун санааны хувьд үргэлж миний дэргэд байгаа юм шиг санагддаг.
-Бурхан шашны тухай Та их ярих юм. Тэгэхээр буддын шашинтай юу?
-Би буддын шашинтай. Гэхдээ бүх шашныг хүндэлдэг. Учир нь эдгээр шашны туйлын зорилго нэг шүү дээ.
-Таны нэр шашны холбогдолтой юу? Их содон нэр санагддаг юм.
-Тийм. Гэхдээ буддын шашинтай холбоотой нэр биш. Индра гэдэг нь Аадрын бурхан гэсэн утгатай. Энэтхэг гэдэг нэр өмнө нь мэргэдийн орон, бархманчуудын орон гэдэг байсан. Тэгэхэд Инд, Ганга гэж хоёр мөрөн нийлэхэд бархманчууд Индра гэдэг Аадрын бурхан шүтдэг байсан юм билээ. Индра гэдэг үгийг Монголоор хөрвүүлбэл хурмаст тэнгэр гэсэн утгатай.
-Та төрсөн ах, эгч нартайгаа одоо холбоотой байдаг уу?
-Хүн дандаа төгс төгөлдөрт тэмүүлж байдаг. Тэр дундаа аливаа зүйлийн гоо сайхныг харж байдаг хүмүүс бол яруу найрагчид. Миний ээжийг Анимаа гэдэг. Эмэгтэйчүүдийн "Анима” эмнэлэгт их эмч хийдэг. Ээж, аавын маань хамгийн сүүлд ханилсан бүсгүй. Тэгээд би аав ээж хоёрынхоо хамгийн бага нь. Тэгээд ч энэ чинь хүн болгоны амьдралд байдаг л зүйл шүү дээ. Хүн дандаа өөртөө дутагдаж байгаа зүйлээ хайж байдаг. Харин ч аавыг Төрийн соёрхол хүртсэн бүтээлийг бичих онгод нь болж байсан ээжээрээ бахархдаг юм. Би ээж нэгтэй нэг ах, нэг эгчтэй. Аав нэгтэй хоёр эгч, нэг ахтай. Би эгч ахтай гэдгээ ерөөсөө нуухыг хүсдэггүй. Түүх бол түүх л байх ёстой. Бид түүхийг өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр өөрчлөх ёсгүй. Ах эгч нартайгаа төдийлөн холбоотой байдаггүй. Гэхдээ бидний судсаар нэг цус гүйж байгаа учраас тэдэндээ үргэлж сайн сайхныг хүсдэг. Тэгээд ч цаг нь болоход бид уулзах байх.
-Хааяа ээжтэйгээ хамт суугаад аавыгаа дурсан санах үе гардаг байх?
-Аав, ээж хоёр 1985 оны арванхоёрдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг өдөр танилцсан гэсэн. Тиймээс тэр өдрийг маш гоё тэмдэглэдэг. Аав анх ээжтэй уулзахдаа "Өөрийг чинь мянган жил хайрлана аа” гэж хэлсэн гэдэг. Ер нь аавын маань эхнэр байсан Борхүүхэн, Оюунханд, тэгээд ээж маань үнэхээр аугаа эмэгтэйчүүд. Гурвуулаа ааваас минь хойш хэн нэгэнтэй дахин гэрлээгүй. Бүгд л үр хүүхдүүдийг нь өсгөж, боловсролтой болгохын төлөө амьдралаа зориулсан. Тиймээс би энэ гурван бүсгүйгээр бахархдаг. Мөн бурхан тахилыг нь аваад явах сэтгэлтэй эмэгтэйчүүдтэй ханилсан ааваараа бахархдаг.
-Таны эгч, ах нараас аавынхаа авьяасыг өвлөсөн хүн бий юу?
-Үүнийг хүн бүр сонирхдог. Аавын нэр хүнд намайг сүүдэр шиг дагадаг болохоор би хамаагүй үгээр тоглохыг хүсдэггүй. Харин сайн уншигч байхыг хичээдэг. Ер нь би аавыгаа байнга төрөөд байх хүн биш гэж боддог. Тэгэхээр аавын авьяас үр удамд нь үлдээгүй байх. Харин үзэл санааг нь үргэлжлүүлэх үр хүүхэд нь байгаа. Мөнгөндалай эгч сэтгүүлчээр ажиллаж байна. Гангаа ах маань улстөрийн салбарт байна. Хуульч мэргэжилтэй гээд бид үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3065
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих