Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг манай улс 2004 онд баталсан. Гэвч хууль үүргээ биелүүлж чадахгүй байна. Судалгаагаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдох гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 иргэн амь насаа алдаж 1180 иргэн гэмтжээ.
Мөн цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс тав дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд гаргасан судалгаа харуулдаг аж. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи найман жил гаруйн хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч шийдвэрээс нэг нь ч хэрэгжээгүй аж.
Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл улам хүндэрч буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж Хууль зүйн яамнаас өргөн барьсан төслийг өчигдөр холбогдох байнгын хороо хэлэлцлээ. Хуулийн төсөлд үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаахүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг хуулийн хамгаалалтад хамрагдах боломжтой болгосон байна.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолж өгсөн аж.
Гэхдээ хүчирхийлэгч хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан уу, хүнд гэмтэл учруулсан уу гэдгээс хамаарч шийтгэл ногдоно. Хөнгөн төрлийнхөд тооцогдвол албадан ажил хийлгэнэ, ингэхдээ долоо хоног хүртэл саатуулах боломжтой. Хэрвээ хохирогчийн биед гэмтэл учруулсан, амь насанд нь халдсан байвал зүйчлэлээрээ ялын хэмжээ нь нэмэгдэх юм байна. Тухайлбал, хүүхдийн биед гэмтэл учруулсан бол 5-8 хүртэл жилээр хоригдож болзошгүй. Хүний амь насыг хохироосон бол түүнээс олон жилээр хоригдох ял ногдуулах аж.
Хохирогчдыг хамгаалах, тэдэнд байнгын хараа хяналт тавьж байхын тулд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд дэд зөвлөл байгуулан ажиллуулахаар төсөлд тусгажээ. Үүнийг ажиллуулахад нэмэлт орон тоо шаардахгүй өнөөгийн хүчин чадлаараа хүндээ хүрч ажиллах боломжтой хэмээн үзжээ.
Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд байрлах түр хамгаалах байр гуравдугаар сараас хойш 32 иргэнд үйлчилсэн байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэдэх хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг төвөөс гадна Дорнод Дундговь, Орхон аймагт мөн байгуулжээ. Эмнэлэгт суурилсан нэг цэгийн үйлчилгээ Гэмтлййн эмнэлгээс гадна, хоёр дүүргийн эмнэлэгт байгуулсан бөгөөд энэ цэгт хохирогчид 1-3 хоног байрлан эмнэлгийн үйлчилгээнээс гадна мөрдөн байцаагчтайгаа уулзан асуудлаа ярилцах боломжтой аж.
Э.Долгион /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих