Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр ихэвчлэн тархан амьдардаг цагаан зээрийн сүрэг цуйван, бууз, хуушууранд дуртай монголчууд бидний хоолны мах болон олноороо хороогдож буйг нутгийн иргэд манай сонинд мэдээлж байна. Цагаан зээр нэг газартаа удаан тогтдоггүй, байнга бэлчээр сэлгэн нүүдэллэж байдаг онцлогтой. Харамсалтай нь зөвхөн Монголын тал хээрт тохиолдох зээрийн их сүрэг, нүүдлийн цуваа жил ирэх бүр сүрэг сүргээрээ багассаар л байна. Энэ янзаараа байвал тун удахгүй Монголын цагаан зээр ховор амьтны жагсаалтад орох нь дамжиггүй болжээ. Дэлхийн байгаль хамгаалах холбооны шалгуур, бүс нутгийн үнэлгээгээр Монгол Улсын хөхтний улаан дансанд Цагаан зээрийг “устаж болзошгүй” гэсэн ангилалд хамааруулжээ.
Харин зэргэлдээ орших Хятад, Орос оронд хоёрт цагаан зээр байхгүйтэй адил болж нэн ховор амьтдын жагсаалт “Улаан ном”-онд хэдийнээ бичигджээ. Эрдэмтдийн судалгаагаар Монголд 1940-өөд онд 4-5 сая, 1994 онд 2,5 сая, 1997 онд 2,0 сая гаруй цагаан зээр манай улсын зүүн аймгуудын нутаг дэвсгэрт байсан бол 2003 онд 800000-900000 толгой цагаан зээр байна гэж тогтоожээ. Харин үүнээс хойш дахин албан ёсны тооллогыг явуулаагүй бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан болон зарим мэргэжлийн байгууллагын тойм тоогоор 500-600 мянган цагаан зээр байгаа гэж үзжээ. Зөвхөн энэ тооноос харахад л цагаан зээрийн тоо толгой эрс буурсан нь харагдаж байгаа юм. Хэрвээ энэ байдлаараа цаашид байсаар байвал монголын цагаан зээр ховор амьтны жагсаалтад орох нь ойлгомжтой болжээ.
Судалгаанаас үзэхэд цагаан зээрийн тогтвортой сүрэг хэдэн өдөр, хэдэн долоо хоногт 2-3 мянган толгойгоор сүрэглэн явах ба нүүдлийн үе, нүүхийн өмнө, эсвэл төллөлтийн өмнө хэд хэдэн сүрэг хоорондоо нийлж бөөгнөрөл үүсгэх ба энэ нь хэдэн цаг, хэдэн өдөр болдог бөгөөд ийм бөөгнөрөл голдуу 30-40 мянган зээртэй байж болдог байна. Янзаганууд нь бойжиж томорсон есдүгээр сараас намрын нүүдэл эхэлж, нүүдэллэх явцдаа өвөлжих газартаа тархан байршдаг байна. Сүүлийн жилүүдэд цагаан зээр бүхий аймаг, сумд жил бүр тодорхой тоогоор агнахыг зовшөөрч, иргэдээс зохих төлбөр хураамж авч агнуулж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт сулаас зөвшөөрөлгүй агнах явдал нь хэрээс хэтэрчээ. Цагаан зээрийг зохих эрхийн бичиггүй, хориотой арга, хэрэгслээр тухайлбал, машин, мотоциклоор хөөх, хурц гэрлээр гэрэлтүүлэх, байлдааны буу зэвсэг хэрэглэн олноор нь хомроголон буудаж шархдуулах, хавх зүүх зэргээр хууль бусаар агнаж хороох зөрчил багагүй гарч ирсэн байна. Үүний зэрэгцээ цагаан зээрийг нүүдлийн амьтан гэсэн сэтгэлээр түүнийг хайрлах, хамгаалах сэтгэл илт дутагдаж, харин амин хувийн ашиг хонжоо харсан байдал даамжирсан байна. Ялангуяа 1990-ээд оноос хойш хэсэг хугацаанд хяналтгүй, замбараагүй хууль бусаар агнаж ирсэн нь хүний гарт үй олноор хөнөөгдөж, хэрцгий аллагын золиос болж зовлон үзсэн амьтдын нэг бол яахын аргагүй цагаан зээр болоод байна.
Цагаан зээрийн сүрэг нь бэлчээрлэсэн газрынхаа өнгөн хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын үрийг тараах зэргээр ургамал ургаж үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг амьтан судлаачид удаа дараа тайлбарладаг ч жирийн иргэд хайхардаггүй нь харамсалтай. Энэ нь тал хээрийн эко системийг тэнцвэртэй байлгахад нэн чухал нөлөө үзүүлдэг гэж ургамал судлаачид ч мөн баталсан байдаг. Нөгөө талаар цагаан зээр ховордож, устах аюул тулгарвал тал хээрийн зэрлэг амьтдын идэш тэжээлийн гинжин хэлхээ тасарч, хээрийн эко системийн төлөв байдал алдагдах, доройтох нэг гол нөхцөл болох нь гарцаагүй. Гэтэл аль социалист нийгмийн үеэс л хайр найргүй хядаж байсны хар гайгаар тоо толгой нь хэдэн арван мянгаараа хороогджээ. Цэргийн ангиуд анги нэгтгэлийнхээ хоол хүнсний хэрэгцээнд, мөн дээрх гурван аймгийн сургууль, цэцэрлэгүүд хүртэл идэш тэжээлдээ цагаан зээрийг олноор нь хороож, нэмэрлэдэг байна. Саяхан Байгаль хамгаалах холбоо болон холбогдох хууль хяналтын байгууллагууд хамтран цагаан зээрийг улаан цусыг нь урсган их хядлага үйлдэж байгааг үйлдэл дээр нь баталгаажуулжээ. Тэгэхэд хэд хэдэн жийп машин хөлөглөсөн хүмүүс зөвхөн бууныхаа цэц мэргэнийг үзэхийн төлөө цагаан зээрийн сүргийг хуйлруулан буудаж байжээ.
Хамгийн аймшигтай нь машиныхаа люкийг онгойлгон 10-хан настай хүүгээрээ цагаан зээрийн сүрэг рүү буугаар шүршүүлж байсан нь аймшигтай. Энэ балмад ажиллагааг газар дээр нь зогсоож, буу болон багаж төхөөрөмжийг нь хурааж авсан бөгөөд “Аравхан настай хүүхдээр яагаад буу бариулж, амьтан тамлуулж байгаа юм” гэж асуухад “Зүгээр л бууныхаа цэцийг сорьсон юм. Өөрөө буудаж үзье гээд байхаар нь буудуулсан” гэж хээв нэг хариулсан байх юм. Хэнтий аймагт болсон энэ явдлын дараа Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр төсвийн байгууллагын идшинд бэлтгэхээр мөн л цагаан зээрийг хядаж байгаатай тааралджээ. Цагаан зээрийг агнахад харанхуйд хурц гэрэл дор оруулахад хаашаа ч зугтаж чадахгүй хий дэмий дороо зогсч байгаад л сүргээрээ нам буудуулдаг байна. Иймд хулгайн аргаар хууль бусаар агнаад сурчихсан нөхөд хурц гэрэл бэлдэж ирэн, өглөө эрт эсвэл орой харанхуйд гэрэл тусгаж байгаад л хөөрхий муу цагаан зээрийг хэдэн талаас нь хашиж байгаад, хурц гэрлээ тусгаж байгаад ханаруулж хиаруулж өгдөг байна.
Мөн зарим хүмүүс ашиг олох зорилгоор хэдэн зуугаар нь хядчихаад хямдхан бусдад зардаг аж. Мах үнэд орчихоод байгаа өнөө үед махандаа нэмэр болгох зорилгоор хүмүүс багагүй худалдан авдаг нь хулгайн анчдыг улам өөгшүүлж байгаа бололтой. Тэр ч байтугай хотондоо хоёр мянга гаруй мал хашчихсан мянгат малчин өвлийнхөө идшинд өч төчнөөн зээр агначихаад илүү гэртээ битүү овоолчихсон байжээ. Энэ их махыг ямар зорилгоор хураасан байгааг асуухад “Цагаан сарын буузаа хийх гэж байсан” хэмээн ичих ч үгүй хариулжээ. Мал мянга хүрэхээр алж идэх хонь олдохгүй гэгчээр хэдэн хонь төхөөрчихөж чадахгүй хармын сэтгэлтэй мянгат малчин цагаан зээрийг хэдэн арваар нь хайр найргүй хядсан байсан нь дэндүү харамсалтай. Уг нь мал малчдад хамгийн хэрэгтэй, байгаль экологийн тэнцвэрийг бүрдүүлж өгч буй гэм хоргүй амьтан бол цагаан зээр юм.
Гэтэл ашиг хонжоо хайдаг, амин хувиа хичээдэг зарим нэг малчид буруу зөрүү ойлголтоосоо болж, цагаан зээрийг хүйс тэмтрэх болсон нь харамсалтай. Өөрсдөө мал хуйндаа цаг тухайд нь вакцин тариаг нь хийлгээгүй байж цагаан зээрийг шүлхий өвчин тарааж байна хэмээн буруу боддог байна. Харин үүнээс харамсмаар мэдээ сонсогдсон нь сүүлийн үед Улаанбаатар хотын хуушуур буузны газрууд цагаан зээрийн махаар хоол хийдэг болсон гэнэ. Амталж шараад, жижиглэж хэрчээд хийхэд хонь ямааны махаас ямар ч ялгаагүй байдаг болохоор хүмүүс юуны махаар хийснийг нь яагаад ч мэддэггүй аж. Ийнхүү ашиг олох гэсэн ахар бодолтой хүмүүсийн хар гайгаар, цагаан зээрийг сүрэг сүргээр нь намнаж, улаан цусаар нь будсаар байгаад холбогдох байгууллагууд хатуухан хяналт тавьж, чангатахгүй бол хэдхэн жилийн дараа цагаан зээр гэдэг амьтныг бид үр хүүхэддээ зааж өгөхдөө номын хуудаснаас, телевизийн дэлгэцээс л хараад сууж байх цаг ойрхон болжээ.
Эх сурвалж: Одоо цаг сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих