УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн төв Хэрлэн сум болон Жаргалтхаан, Мөрөн суманд явагдах нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд явуулахаар болсон. Энэхүү сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо эдгээр намын бичиг баримтуудыг нягтлаад 11 намд нь батламж олгохоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд дараах 11 нам өрсөлдөхөөр болсон.
1.Хөдөлмөрийн үндэсний нам
2. Ард түмний олонхийн засаглал нам
3.Монголын ногоон нам
4.Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
5.Ардчилсан нам
6.Монгол ардын хувьсгалт нам
7.Монгол ардын нам
8.Дэлхийн монголчууд нам
9.Монгол консерватив нам
10.Зон олны нам
11.Үнэн ба зөв нам
Нөхөн сонгуульд 11 нам оролцох ч гол өрсөлдөөн гурван намын дунд явагдах нь ойлгомжтой. Тодруулбал, МАН, АН, МАХН энэ сонгуулийн гол өрсөлдөгчид. Нөхөн сонгуулийн гол дүр нь Н.Энхбаяр. Учир нь, олон нийт түүнийг яах бол хэмээн харж байгаа. Тэрээр анх 1997 онд нөхөн сонгуулиар УИХ-д орж ирж байлаа. УИХ-ын 21 дүгээр тойрог буюу Завхан аймгийн Улиастай, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй суманд явагдсан нөхөн сонгуульд МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр үнэмлэхүй ялалт байгуулж байв. Н.Энхбаярын УИХ-ын гишүүн болсон түүх энэ. Нөхөн сонгуульд ялалт байгуулсан түүний амжилт Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болох замынх нь эхлэл болсон юм. Одоогийн байдлаар энэхүү гурван албан тушаалыг хашиж үзсэн хүн түүнээс өөр алга.
Удахгүй болох нөхөн сонгууль Н.Энхбаярт эргэн ирэх боломж олгох эсэх нь анхаарал татаж байна. Үүнээс гадна Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сайд нараа дагуулан өнгөрсөн бямба гаригаас эхлэн Хэнтий аймагт ажиллаж эхэлсэн нь анхаарал татах болов. Ингэхдээ бүр нөхөн сонгууль болох сумдад ажиллаж байгаа нь бүр ч сонирхолтой.
Ерөнхий сайд энэ сарын 4-10-ны хооронд Хэнтий аймагт ажиллаж байгаа юм. Тэрээр өмнө нь орон нутагт ийм олон хоног ажиллаж байсангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллахдаа 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад танилцуулжээ. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгасан байна. Мөн 3.2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтаан тус сумын эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгожээ. Түүнчлэн Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өгсөн байна.
УИХ-ын 42 дугаар тойрогт багтах дараагийн сум болох Мөрөн суманд ажиллахдаа Хэнтий аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангадаг тус сумын таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өгчээ. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барьж байгуулахаар болсон байна.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байгаа юм байна. Хэнтий аймагт нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Энэ бол нөхөн сонгуультай холбоотой асуудал биш. Хэнтийн нуруунд гарсан гал түймэр. Гэвч Ерөнхий сайд үүнд бус нөхөн сонгуульд анхаарлаа хандуулж байгаа нь харамсалтай. Монгол Улс нэг УИХ-ын гишүүнээр дутахгүй. Харин байгаль экологиороо дутна” гэсэн юм.
Ийнхүү Ерөнхий сайдыг Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт анхаарлаа хандуулж эхлэхтэй зэрэгцэн түүнийг “МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохирсон” гэсэн хардлага бий боллоо. Ингэхээс аргагүй. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намынх нь гишүүд “Хэнтий аймагт нэр дэвшихээс татгалзаж байсан, татгалзсан” хэмээн хэлж байсан удаатай. Гэвч тэрээр гэнэт итгэл дүүрэн тус тойрогт ажиллах болсон нь дээрх хардлагыг төрүүлээд байна. Хэрэв ингэсэн бол нөхөн сонгууль өрсөлдөөнгүй болох бололтой. Гэхдээ шинэ нөхцөл байдал үүсч нөхөн сонгууль болох уу, үгүй юү гэсэн эргэлзээ бий болж байна.
Судлаач Д.Ганхуяг өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Тэрээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Судлаач Д.Ганхуяг энэ талаар хэлэхдээ “Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь бас буруу. УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэлээ.
Энэ бүхнээс үзвэл, нөхөн сонгууль болох эсэх нь эргэлзээтэй. Боллоо ч өрсөлдөөнгүй болох магадлалтай нь сүүлийн өдрүүдийн үйл явдлаас харагдаж байна.
Эх сурвалж: http://eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих