Монголын түүхэнд бахархал, омогшил төрүүлэх олон үйл явдал болж
өнгөрсөний зэрэгцээ эмгэнэл, харуусал төрүүлсэн үйл явдалууд олон
тохиолдсон юм.
1. Монголын анхны төрт улс Хүннү гүрэний
үед НТӨ 50-аад онд Хухуань шаньюй, Би шаньюй нь дотоодын хямралаас болж
хятадын Хан улсад дагаар орсон нь түүхэнд хар мөр үлдээсэн юм.
2. Сяньбичүүдийн бутрал, дотоодын хямралаас болж 183 онд шинэ тутам мандсан Сяньби гүрэн дорхоноо бутран сарнисан юм.
3. Нирун улсын Амагай хаан Тоба улсад урваж очсон бөгөөд удалгүй 552 онд түрэгүүдэд ялагдаж улсаа мөхөөсөн байна.
4.
Тоба улсын үед Тоба Дао хаан улсынхаа нийслэлийг урагш нь нүүлгэж
шилжүүлсэнээр олон нүүдэлчин аймгууд хятадын соёлд автаж, хүн ам нь
уусаж үгүй болсон юм. Хитан, Муюн зэрэг монгол аймгууд ч хятадыг байлдан
эзэлсэнийхээ дараа тухай газар нутгийнхаа соёлд уусаж хүн амын хувьд
хятадчлагдсан байна.
5. Их Монгол улсын үед 1260 онд Их хааны суурины
төлөө Аригбөх, Хубилай нарын дайн нь Их Монгол улсын төрийн бодлого,
нэгдмэл зохион байгуулалтыг сулруулсан юм. Ариг Бөх-Хубилай нарын дайн,
Хүлэгү-Бэрх нарын дайн нь Монголын дотоодын хямралын үүдийг нээсэн.
6.
XVI зуунд Монгол, Ойрадын хямрал нь хэдэн арван жилийн үргэлжилсэн их
дайн байлдаанд хүргэж, монголчууд өөр хоорондын өс хонзон, газар нутгийн
маргаан, эрх мэдлийн тэмцэлд хятадын Мин улсыг татан оролцуулж Монголын
дотоодын хямралыг улам даамжруулсан. 1452 онд Ойрадын Эсэн тайш Чингис
хааны угсааны Алтан урагийн олон ноёдыг хомроглон алсанаар Монголын хаан
ширээний их сууриныг эзэнгүйдүүлэхэд хүргэж байсан.
7. XVI зуунд
Түмэдийн Алтан хан, Халхын Абатай сайн хан нар тэргүүтэй эрх баригчид
Түвдийн шашины зүтгэлтэнүүдтэй холбоо тогтоон Буддын шашиныг Монголд
дэлгэрүүлэх болсоноор дотоодын хямралыг даамжруулсан, нөгөө талаар
монголчуудын язгуур шашин шүтлэг Мөнх тэнгри-ийн шашин, Бөө мөргөлийг
устгах ажиллагааны үеэр олон зуун бөө алагдаж, эртний шүтлэгийн талаарх
хосгүй бүтээлүүд үрэгдсэн.
8. XVII зуунд Монголын сүүлчийн Их хаан
Лигдэн хаан төрийн буруу бодлого явуулсаны улмаас өөрийн харьяат олон
монгол аймгийг Манжид урвахад хүргэж манжтай хийсэн тулалдаанд ялагдсан.
9.
XVII зуунд дэгдсэн Халх Ойрадын дайнд монголчууд өөр хоорондоо байлдаж,
хэдүйгээр Галдан бошигт хааны ялалтаар өндөрлөсөн боловч Манжийн цэрэг
Монголын нутагт довтолж ирсэнээр Зүүнгарын цэрэг ялагдал хүлээсэн юм.
Энэ дайны уршигаар Монголын мэдэлд байсан Байгал нуурын газар нутаг, ард
түмэнтэйгээ Оросын мэдэлд шилжсэн байна.
10. 1691 онд Долоннуурын
хэлэлцээр дээр Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарын
шийдвэрээр монголчууд Манжид дагаар орсон. Ингэсэнээр Монголчууд 220
жилийн турш Манжийн холбоотон, дагуул улс болсоноор Монголын ард түмэнд
өгүүлшгүй их гай зовлон авчирч, цэрэг татлага, биеийн боолчлол, эд
баялгийн татварт хүндээр нэрвэгдсэн.
11. 1915 онд Орос, Монгол,
Дундад Иргэн улсын хамтарсан гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол улсын
тусгаар тогтнолыг үгүйсгэн хүчингүй болгож Дундад Иргэн улсын автономит
муж болгон зарласан.
12. XVIII зууны дундуур Ойрадын Зүүнгар улсад
дотоодын хямрал эхэлж, Даваач хаан, Амарсанаа ноён нарын хооронд эв
эвдрэлцэл, хаан ширээний төлөө тэмцэл ширүүсэж, Хойдын Амарсанаа ноён
манжийн талд урван тэрсэлж манжийн цэргийг дагуулан Зүүнгар улсыг 1755
онд довтолж Даваач хааныг дарсан нь Зүүнгар улсыг мөхөөхөд хүргэсэн юм.
Үүний уршигт 1755-1758 онд Зүүнгарын тусгаар тогтнолын бослогыг дарах
дайны хөлд манжийн цэрэг Зүүнгарын хүн амын 2/3-ийг буюу 600,000 хүн
амыг хүйс тэмтэрсэн байна.
13. 1920 онд хятадын цэрэгийн эрхтэн Сю
Шүжан гэгч этгээд Монголд цэрэглэн довтолж, Монгол улсын төрийг татан
буулгаж, Богд хааныг их сууринаас буулган эзэрхэг засаг тогтоосон.
14.
Зөвлөлт Холбоот улсын бодлогоор Бүгд Найрамдах Монгол Ард улсад
1931-1937 онд хүн амыг хоморголон баривчилж хоморголон устгах бодлогын
хүрээнд 31,000 хүнийг цаазалж, олон арван мянган хүн шоронд хоригдож
цөлөгдсөн байна. Энэ үед 700 гаруй сүм хийдийг нурааж, хэдэн арван
мянган эртний ном сударыг шатааж, үнс болгосоноор Монголын түүхийн болон
соёлын үнэт зүйлсийг устгасан байна.
15. Монгол үндэстэний бичиг
соёл нь 1000 жилийн түүхтэй байсан бөгөөд энэ урт хугацааны соёл,
бичгийн боловсролыг үгүйсгэж 1944 онд Оросын нөлөөгөөр монгол бичгийг
халж, крилл үсэгт шилжсэн юм. Ингэснээрээ өвөг дээдсийнхээ хийж бүтээсэн
соёлыг өөрөө өөрсдөө үгүйсгэн харийн бичгийн соёлд шилжсэн.
Монголын
түүхийн эмгэнэлт үйл явдалуудаас дүгнэлт хийж, ямар шалтгаанаас
эмгэнэлт байдалд хүрсэнийг авч үзвэл дотоод ба гадаад шалтгаантай байна.
Үүнд:
Дотоод шалтгаан:
1. Эрх мэдлийн төлөө ахас дүүс өөр хоорондоо байлдаж, төрийн хүчийг сулруулж байсан.
2. Билчээр, газар нутгийн маргаанаас үүдэн монгол аймгууд өөр хоорондоо үргэлжийн дайн самууныг бий болгож байсан.
3.
Өөрийн эрх мэдэл, нөлөөг нэмэгдүүлэхийн тулд бусдын соёлыг өөртөө
нялзааж, Буддын шашиныг хоймортоо залж, өөрийн өвөг дээдсийн шүтээнийг
хатавчны гадна суулгасан.
4. Дотоодын тэмцэл зөрчил нь эцэстээ өс
хонзон, атаа хорсолоор дүүрч ард түмэнийг дайн тулалдаанд татан
оролцуулж хүн амын өсөлтийг сааруулах болсон.
Гадаад шалтгаан:
1.
Гадаад улсын довтолгоон, түрэмгийллийн нөлөөгөөр эрх баригчдын хүчин
чадал буурах, энэ байдлыг ашиглан эрх мэдлийн төлөө шинэ хүчин гарч
ирэх, шинэ дайнд татагдах орж байсан.
2. Манж, Хятадын төрийн бодлого
зарим талаар Монголын төрийн үйл хэрэгт нөлөөлөх, Монголын хаад ноёдын
дунд яс хаяж дотоодын дайнд хүргэж байсан.
3. Түвдийн шашины
бодлогоор дамжуулан Монголчуудыг өөр хооронд нь байлдуулах, эвдрэлцүүлж
байсан. Түвдийн Буддын шашины улааны урсгал болон шарын урсгалаас үүдэн
Хошуудын Гүүш хан Төрбайх, Халхын Цогт хунтайж нарын хооронд Хөх нуурт
том байлдаан болжээ. Ийнхүү бусдын шашин хоорондын мөргөлдөөнд
Монголчууд татагдан орж байсан.
4. Мянган жилийн настай Монголын ард
түмний бүтээсэн монгол бичгийг шууд халж, өөрсдийн бичиг соёлыг тулгаж
үндэсний соёлд шууд халдаж байсан.
5. Оросын төрийн бодлогын
нөлөөгөөр Монголын дээд язгууртан, боловсролтой лам нар, сэхээтэн
хүмүүсийг хоморголон баривчилж цаазалсан, Үндэсний ухамсарыг үгүй
хийхийг санаархсан.
Монголын түүхэнд гарч байсан түүхэн эмгэнэлт
явдалд ард түмэн ямагт хохирч, амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл
зүрх, оюун санааны асар их хохирол хүлээжээ. Монголчууд газар нутгийн
бүрэн бүтэн байдал, ард түмний эв нэгдэл, хэл соёл, урлагийн нэгдмэл
байдлын төлөө энэхүү эмгэнэлт үйл явдалын эсрэг олон зуун жил тэмцэж,
зүтгэсэний хүчинд Монгол улс оршиж ирсэн, оршсоор байна.
Монголын
эмгэнэл нь түүхийн цаг үед хүнд бэрхийг авчирч, монголчуудад түм буман
гай зовлонг бий болгож байсан ч энэ бүхэн нь монголчуудад сургамж болж
үлдсэн юм.
Түүхийн мянга мянган жилийн туршид Монголын эмгэнэлт
явдалууд нь түүхэнд хар мөр үлдээсэн ч монголчууд энэ бүх хэцүүг, зовлон
бэрхшээлийг даван гарч Монгол үндэстэний хэл соёл, газар нутаг, ард
түмэнийг бүрдүүлж чадсан юм.
М.Дөш
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих