Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өчигдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ дөрвөн асуудлын талаар хөндсөн юм. Үүнд, МУИС-ын захиралд хариуцлага тооцох тухай, банкны шимтгэлийг хэрхэх тухай, хүүхдийн номын утга агуулгад хийсэн хяналт шалгалтын тухай, тендерийн будлиан яагаад гарч байгаа тухай зэрэг асуудал юм.
Эхний асуудал бол арилжааны банкуудтай холбоотой шимтгэлийг хэрхэх тухай асуудал байлаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэдээс ирсэн гомдолтой холбогдуулж зургаан сар гаруйн хугацаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт 13 банкинд шалгалт хийжээ. Энэ нь ихэвчлэн хураамж болон төрөл бүрийн шимтгэл нэрээр иргэдээс хууль бусаар мөнгө авч байна гэсэн гомдол байсан. Энэхүү шалгалтын дүнд арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл авдаг, дээрээс нь хураамж гэсэн нэрээр давхар мөнгө авдаг нь нотлогдсон байна. Энэ нь Өрсөлдөөний тухайхуулийн 12.1.2,12.1.10, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1, 12.9 заалтуудыг тус тус зөрчсөн явдал ажээ. Ингээд тухайн 13 банкинд холбогдох албан шаардлагыг хүргүүлсэн байна. Зээлийн шимтгэлийг зээл олгосноос гарч буй зардал гэж тайлбарлаж буй боловч зээл олгохтой холбогдуулан гарах зардалтай харьцуулахад өндөр тогтоогдсон. Гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, зарчмыг зөрчиж байгаа бөгеөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх үндэслэл болж байна.
Зээл
олгохтой холбогдуулан гарах зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа
нь Өрсөлдөөний хуулийн 12.1.2 буюу "Хууль ёсны ашиг сонирхолд харшлах
болон хэрэглэгчийг хууль бусаар хохироож, худалдааны арга хэрэглэхийг
хориглоно" гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа гэнэ. Иймд зөрчил
гаргасан арилжааны банкуудад дээр дурьдсан зөрчлийг арилгах 30 хоногийн
хугацаатай үүргийг Улсын байцаагчийн албан шаардлагын хамт хүргүүлжээ.
Энэ үүрэгт хугацааны дараа банкууд зээл олгохдоо шимтгэл болон хураамж
нэрээр иргэдээс төлбөр авахгүй болох юм байна.
А.Галтбаяр захирлыг оюутнуудаас 347 сая төгрөгийг завшсан гэв
О.Магнай даргын дараагийн өгсөн мэдээлэл бол МУИС-ийн захирал А.Галтбаяртай холбогдох асуудал байлаа. Шалгалт хийж, дүгнэлт хүргүүлсний үндсэн дээр ажлынхаа явцыг тайлагнав. 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр иргэн О-гоос МУИС-ийн шилжилтийн төлбөрийн талаар гомдол ирүүлсэн байна. МУИС-иас тухайн иргэний шилжилтийн төлбөрийг буцаан олгуулснаар энэхүү гомдлыг барагдуулж байжээ. Гэсэн ч шилжилтийн төлбөрийг бэлнээр авдаг, олон оюутныг хохироосон гэсэн мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр "Өглөөний сонин"-д гарч байсан. МУИС-ийн захирал А.Галтбаяр 2013 оны есдүгээр сарын 27-ны өдрийн А5841 тушаалаар 166 оюутныг шилжүүлэн суралцуулахдаа 236 сая 47 мянга 500 мянга, энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А45 тоот тушаалаар 75 оюутныг шилжүүлэн суралцуулахдаа 111 сая 134 мянга 500 төгрөгийг хууль бусаар хураан авсан болох нь шалгалтаар тогтоогджээ.
Үүнээс үндэслэн 2013 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 7.52 тоот Улсын байцаагчийн дүгнэлт, 7.309 тоот Улсын байцаагчийн албан шаардлагаар оюутнуудаас хураан авсан нийт 347 сая 182 мянган төгрөгийг буцаан олгох шаардлагыг хүргүүлсэн боловч шаардлагыг үл зөвшөөрөн давж заалдах гомдлыг гаргасан байна. Гэсэн ч МУИС-ийн захирал А.Галтбаярын давж заалдах гомдлыг хянаж үзээд Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй болохыг энэ оны тавдугаар сарын 26-ны өдрийн 1.566 тоот албан бичгээр мэдэгдсэн байгаа юм. Мөн хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа давтсан, оюутнуудыг их хэмжээгээр хохироосон гэж үзээд БШУ-ы сайд Л.Гантөмөрт энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр 1.571 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн аж.
Тендертэй холбоотой 50 орчим гомдол ШӨХТГ-т иржээ
Түүний
өгсөн гурав дахь асуудал бол тендертэй холбогдох маргаан байлаа.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар хүлээсэн
үүргийнхээ дагуу тендерийн өрсөлдөөнд шударга нөхцөл тавьж байгаа эсэх,
хэн нэгэн тухайн компанид зориулж тендер зарлаж байна уу гэдэг дээр
хяналт тавьдаг. Энэ оны эхний таван сарын байдлаар нийтдээ 50 орчим
тендерийн гомдол ШӨХТГ-т иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад тав дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Нийт 47 гомдол ирснээс
яам, агентлагаас зарласан тендертэй холбогдох 13, Худалдан авах
ажиллагааны газраас зарласан тендертэй холбогдох 12, төрийн өмчит
үйлдвэрийн газраас зарласан тендертэй холбогдох 11, аймаг, нийслэлээс
зарласан тендертэй холбогдох 10 гомдол байсан аж. Эдгээр гомдлуудыг
судалж үзсэний үндсэн дээр оролцогчдыг эрх тэгш байдлаар хангах,
өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, олон оролцогч оролцуулах тал дээр шийдвэр
гаргасан байна.
Ёс зүйгүй үг хэллэгтэй 32 хүүхдийн номыг хураан авчээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өгсөн сүүлийн мэдээлэл бол хүүхдийн ном, сурах бичигтэй холбогдох асуудал. Бага насны хүүхдийн ном, сурах бичигт зүй зохисгүй үг хэллэг их байна гэсэн гомдол эцэг эхчүүдээс их ирдэг. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас шалгалт хийсэн байна. Шалгалтыг БШУЯ-тай хамтарч хийх саналыг хүргүүлсэн боловч чадаагүй аж. Энэхүү шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас тавдугаар сарын хооронд хийжээ, Уг шалгалтаар нийтдээ Монголын зохиолчдын хүүхдэд зориулсан 253 номыг нягтлан үзснээс зөрчилтэй байж болзошгүй 32 номыг хураан авсан байна.
Үүнээс ноцтой зөрчилтэй дөрвөн номыг дэлгүүрээс эргүүлэн татах арга хэмжээг авчээ. Эдгээр номыг эргүүлсэн татах болсон гол үндэслэл бол бага насны хүүхдэд зориулсан номонд янз бүрийн ёс зүйгүй үг хэллэг ашигласан явдал юм. Дашрамд дурдахад ШӨХТГ-аас кино театруудаар гарч байгаа кинонуудын ашиг орлогыг зарладаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл ирэх долдугаар сараас номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа номуудын ашиг орлогыг зарладаг болох юм байна.
А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих