Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин "Бүх Оросын ардын фронт" нийгэм-улс төрийн байгууллагуудын эвслийн медиа форумын үеэр мэдэгдсэн байна. Уг медиа форумд оролцогчдоос Далай лам ойрын үед ОХУ-д айлчлах боломжтой юу? гэж Путинээс асуужээ. “Далай ламыг Орост нэвтрэхийг бид хориглодоггүй. Гэхдээ манай улсад амьдарч буй буддын шашинтнууд тийм ч олон биш. Бид христийн шашинтнууд, иудейчүүд, лалын шашны төлөөлөгчдөд бүгдэд нь адил тэгш ханддаг” гэж Путин хэлсэн байна. “Энэ сэдвээр бид тусдаа ярилцана. Буддын шашин шүтдэг маш олон иргэнтэй улс орнууд бий боловч тэдний Далай ламтай хийж буй харилцаа тийм ч сайн биш. Гэсэн хэдий ч бид бодож үзнэ” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Далай ламыг Хятадын эрх баригчид “үндэстний эв нэгдэлд аюул учруулагч салан тусгаарлах үзэлтэн” гэж үздэг. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тэрбээр Монгол Улсад айлчилсан нь Бээжингийн зүгээс сөрөг нөлөө дагуулсан юм. Хоёр улсын харилцаанд хохирол учруулж байгаа учир “Далай ламыг ашиглахаа зогсоохыг” БНХАУ-ын Гадаад хэргийн яам юуны өмнө Энэтхэгийн эрх баригчдаас шаарджээ. Төвдийн бурхан шашны тэргүүний үйл ажиллагаанд “улс төрийн сиймхий” байдаг учраас Далай лам ОХУ-д айлчлах боломжгүй гэж үзэж байгаагаа тус улсын Гадаад хэргийн яам урьд нь мэдэгдсэн байна. "Бүх Оросын ардын фронт"-оос зохион байгуулсан "Үнэн ба шударга ёс" бүс нутгийн болон орон нутгийн хараат бус олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа форум ОХУ-ын Сочи хотод тавдугаар сарын 14-16-нд болжээ.
Д.Жаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих