Архангайн баруун сумын малын төв бааз нь одоогийн Тариат суманд байж.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө Цахир, Тариат, Чулуут, Хангай сумаас
авчирсан мал махны үхрийг тууварчин Чуваамэд гуай ялгаж шилсээр 280 эр
үхэр, гурвуулаа туугаад Улаанбаатар луу гараад "шидчихэв". Чулуут суманд
долоо хоногийн дараа ирж цаг агаарын мэдээ сонсвол долоо хоногийн дараа
сүрхий аадар бороо орно гэхээр нь Чуваамэд өөрийн хоёр туслах тууварчин
залуудаа хандаж "Энд долоо хоноод юугаа хийх вэ. Эртхэн зам дөхье" гэж
тушаажээ. Тэд өглөө сэрүүн дээр хөдөлж гурван өдөр явсаар Төвшрүүлэх сум
орж, тэндээс цаашаа Хотонт сумын араар гарч ахин хоёр хоног саатав.
Хөгшин Орхоны хөвөөнд бүтэн өдөр амраад Хашаат сумын ар, Бэрхийн нуруугаар дайрч Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт буудаллажээ. Санаа нь Чуваамэд гуай Хөгнөхаан уул хүрч Савангийн голд бороо шороог өнгөрөөхөөр төлөвлөжээ. Гурван тууварчин амрах чөлөөгүй явсан болохоор бүтэн шөнө явсаар Хөгнөхаан Савангийн голд хүрэв. Цаг агаарынхан бас л худлаа "гөрчихжээ". Арав хоноход ямар ч бороо, шороо тэнгэрээс буусангүй. Тэгэхээр нь Савангийн голоо дагасаар Булганы Рашаант сумын араар гараад явж байтал арван нэг дэх хоногийн үдэш юу юугүй усан бороо асгарах нь тэр. Орой болж байсныг хэлэх үү. Бороо мөддөө онгойх янзгүй. Хэдэн үхрээ туугаад яваад л байлаа. Бороо баруун хойноос орж байсан болохоор үхэр хар аяндаа зүүн тийш уруудна.
Хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй мөндөр бууж эхлэхэд Чуваамэд өөрийн туслах тууварчин Төмөртогоо, Батбаатар хоёр хандаж "Үхрийнхээ цаагуур ор. Элсэн тасархайн шугуйд хэдэн үхрээ алдчихвал чи бид төлбөр тооцоонд орж дээлээ нөмөрнө гэдгийг мартуузай. Чанх хойш нь туугаарай" гэчихээд үхрээ ширүүхэн туусаар жалга уруудуулсан байна. Чуваамэд гуай уг нь олон жил Донров гэдэг эртэй туувар туусан авч цаадахь нь энэ жил бие чилээрхэж аймгийн нэгдсэн эмнэлэг барааджээ. Иймээс юугаа ч мэдэхгүй хоёр залууг дагуулан явсандаа хий л өөртөө харамсаж, толгой руугаа шаана. Явсаар уулын хормойд хүрч хавь орчноо ажиглавал хүн амьтан ойрын хэдэн жил буугаагүй саравчтай өвөлжөө үзэгдэв.
Гэхдээ тэнгэр онгойсонгүй битүү манан буусан тул Чуваамэд хоёр залуугаа дагуулан өнөөх хаваржаанд ирж үхрээ саравчинд хашиж санаа нь амрав. Хаваржааны хураасан аргал ухаж хуурай аргал, хөсрий банз цуулан түлж цай хоолоо бэлдэж эхэлсэн байна. Халуун цай, борцтой шөл уусан хоёр залуу дороо сэргэж хувцас хунараа сольж норсон дээлээ хатаах юм болцгоов. Өвгөн тууварчин жоорноосоо нэг шил архи гаргаж 100 грамм татаад өнөөх хоёртоо ч өгөв. Хүйтэн бороонд цохиулсан улс эрүүл мэндээ бодож явахгүй бол хээрийн хүмүүс хэцүүднэ.
Батбаатар гэх шүлэг бичдэг залуу нэлээд архинд дуртай тул шууд хөнтөрчихсөн байна. Харин Төмөртогоо нь хахаж цацаж аягатай архиа буцааж өгчээ. Гурвуулаа архиа уугаад майхнаа зоож унтахаар пүүгээндээ оров. Тэгтэл саравчинд хэвтэж байсан үхэрнүүд муухай мөөрөн орилолдоод ямар нэг араатнаас үргэх шиг болжээ. Чуваамэд босч "Алий Баагий үхрээ нэг харчихаад ир. Чоно нохой ч байж мэднэ" гэхэд Батбаатар яаран босч хувцаслаад гарчээ. Хүлээгээд байсан залуу орж ирсэнгүй.
Төмөртогоог дагуулан гарч дэнлүүгээ асаан үхрээ бүртгэвэл бүрэн байх. Харин Батбаатар алга. Тэр хоёр өвөлжөөний хойд хамар дээр гарч түүнийг нэрээр нь хичнээн дуудсан авч гарч ирсэнгүй. Тэгэхээр нь Төмөртогоо зүүн тийш, өвгөн тууварчин баруун тийш хайхаар тохироод салжээ. Чуваамэд дэнлүүгээ барин явж байтал буруу харсан жалган дотор Батбаатар өмдөө өвдгөндөө хүртэл шувталж хамаг юмаа ил гаргачихсан хурхиран унтаж байх юм гэнэ. Түүнийг сэрээвэл залуу цочин босч ирснээ "Чуваамэд ах аа. Намайг саравчинд ороход нэг залуухан бүсгүй зогсож байсан. Дан дээл өмссөн тэр бүсгүй намайг хараад шууд таньж хоёулаа жаахан юм ярья гэхээр нь бид энд ирсэн юм. Тэр хаачив аа" гэжээ.
Жаахан уусан архиндаа согтож
хэмээн одсон өвгөн "Элэнцгийн чинь залуу хүүхэн. Хар усан борооноор ямар
юмных нь хүүхэн байдаг юм" гээд түүнийг дагуулан майхандаа ирэхэд
Төмөртогоо хэзээний майхандаа ирчихсэн хачин муухай царай зүстэй юм сууж
байв гэнэ. Тэр үгээ дээр дээрээс нь давхцуулан:
-Чууяа ахаа эндээс
хурдан хөдөлье. Сая намайг зүүн тийш алхаж явтал араас нэг хүүхэн
дуудаад эргээд харахаар урд гарчихаад. Хойшоо харахаар ар талд гарчихаад
байсан. Их муухай зүс царайтай, гандсан хөх тэрлэг өмсчихсөн хэрнээ
газраас хөндийрч явах нь яг л салхинд туугдаж байгаа хамхуул аятай
аймаар юм үзэгдлээ гэхэд өвгөн нэг их тоосонгүй "Зүгээр ээ, зүгээр"
гэчихээд буруу харан хурхираад өгчээ. Хоёр залуу ч "Эндээс өглөө эртхэн
хөдлөнө шүү" гэсээр унтаад өгөв. Шөнө дунд муухай зүүд зүүдлэн сэрсэн
Чуваамэд үхрээ эргэхээр дэнлүүгээ барин гадаа гарвал сарны гэрэлд тэдний
майхнаас холгүй нэг юм сүүтэгнэх шиг харагджээ. Өвгөн майхан руугаа
эргэн орж калибрь буугаа үүрэн өнөөх сүүтгэнэсэн юмны араас дагавал
цаадахь нь саравчны араар яваад орчихжээ.
Хараажаар чоно нохой биш хүний хөлийн чимээ байсан болохоор тууварчин буугаа сумлан агаарт нэг сайн буудаж өгөөд саравчны ард гарчээ. Дэнлүүгээ тусгаад харвал хэн ч байсангүй. Гэнэт чихэнд нь "Та намайг хармаар байна уу?" гэх дуу ян хийтэл сонсогдох нь тэр. Дэнлүүгээ саравчны дээгүүр тусгавал гандсан хөх тэрлэг өмссөн 16-18 насны охин цомцойн сууж байв. Арван хэдэн жил туувар туусан Чуваамэд айхаасаа илүү гайхан "Чи чинь хаа хүрч яваа амьтан бэ?" гэвэл охин инээх гэснээ больж "Харин та нар яагаад манай өвөлжөөнд урилгагүй хүрээд ирэв!" хэмээн муухай харахад нүд нь час улаанаар эргэлдэнэ. Тэнэмэл солиотой хүүхэд, хүүхнүүд хаа сайгүй л тууварчидтай тааралддаг. Тэдний нэг байх гэж бодсон Чуваамэд "Танайх хаана байдаг юм. Аав ээж чинь чамайг ингэж явааг мэдэх үү?" гэвэл охин "Аав ээж маань тээр тэр тэнгэрт бий. Би өвөлжөөгөө сахиж суудаг юм. Заримдаа уйтгартай, харин одоо та нар байгаа болохоор ханьтай амар байна" гэхэд л тууварчин өвгөн "Энэ чинь хүн биш буг чөтгөр, сүнс сүүдэр байх нь" хэмээн ойлгожээ.
Өвгөний ар нуруугаар хүйтэн хөлс чийхэрч, хоёр өвдөг гар нь дагжин чичрээд эхэлсэн байна. Тэр үг хэлэх гээд амнаас нь ямар ч авиа гарсангүй. Хоёр залуугийн хэлсэн үнэн байж гэсээр Чуваамэд хойшоо ухран майхандаа орсон байна. Амьсгаагаа дарж ядсан өвгөн майхандаа орвол Батбаатар хамраа хүржигнүүлэн хурхирч байсан ба түүнийг гялс сэрээжээ. Өвгөн түгшүүрийн тушаал буулган Батбаатарыг чөдөртэй мориндоо явуулаад, өөрөө майхнаа баглаж байтал Төмөртогоо сандарчихсан амьтан гүйгээд иржээ. "Яав" гэвэл залуу амьсгаагаа арайхийн дараад "Чууяа ах. Манай өвөлжөөний яг дор нэг бүсгүй амаржих гээд орилоод хэвтэж байна. Одоо бараг ус нь гарчихсан байх. Та очиж хүүхдийг нь эх барих уу?" гэсэн аж. Чуваамэд "Битгий донгосоод бай. Энэ өвөлжөө чинь сүнстэй юм байна, Хурдан майхнаа ачаал" гэвэл залуу уурлах маягтай "Юуны чинь сүнс вэ, хөөрхий бүсгүй одоо бараг амаржиж байгаа болов уу. Очиж хүйг нь тасалж, нялх үрийг дээл хувцсаараа өлгийдье?" гээд түнэр харанхуй руу уусан алга болжээ. Түүнийг явсны дараа Батбаатар инээд алдчихсан морьдоо хөтлөн хүрч ирээд "Өвөлжөөний яг дор жаахан хүүхэд гэрээсээ төөрчихсөн уйлаад явж байна. Тэр жаалыг дүүрээд замын айлд орхиё" гэж солиорчээ.
Чуваамэд "Юуны чинь жирэмсэн хүүхэн бас дээр нь төөрсөн жаал вэ. Энэ чинь буг чөтгөртэй өвөлжөө байна" гэвэл Батбаатар хэсэг тээнгэлзсэнээ морьдоо эмээлэн өвгөний үгэнд орсон байна. Тун удалгүй Төмөртогоо ядарч туйлдсан амьтан ирээд "Нөгөө жирэмсэн хүүхнийг чинь нөхөр нь үүрээд доошоо гүйчихлээ" гэж сандран хашгирчээ. Ингээд тэд мориндоо мордож, майхнаа ачаад сүнс сүүдэр хорогдсон өнөөх өвөлжөөнөөс холдов. Хожим Чуваамэд гуай буг чөтгөртэй өвөлжөөний хойгуур туувар тууж гарахдаа нутгийн айлд хоноглосон юмсанж. Өвгөн өөрт учирсан зүйлийн тухай хүүрнэвэл айлын эзэд нэгэн түүхийг түүнд ярьж өгчээ.
Тус өвөлжөөнд Бадарчийнх гэдэг
айл өвөлжиж, бог малаа төллүүлдэг байж. Тэр нэгэн өвөл саравчны шонд
өлгөсөн дэнлүү газар унаж, хуурай өтөгтэй авалцан саравчтэй хонь,
жирэмсэн эхнэр, бас 17 настай дагавар охин нь шатаж үхсэн юмсанж. Бадарч
тэр үед сум руу эмч дуудахаар явсан бөгөөд эргэж ирээд гал голомт, гэр
бүл, нэгдэл нийгмийн өчнөөн мал нь үнс нурам болсныг мэдээд өөрийгөө
буудчихсан гэнэ. Түүнээс хойш хоёр жилийн дараа өнөөх өвөлжөөг нэгдлийн
зүгээс засаж сэлбээд ахин босгосон авч тэнд буусан айлууд "Сүнс
сүүдэртэй" хэмээн цээрлэх болсон тухай сонсчээ. Харин буг чөтгөртэй
өвөлжөөг мэдэхгүй явуулын хүмүүс, тууварчид буудаллаад шээс алдтал айж,
ичдэг тухай гэрийн эзэн 5D кино шиг "өнгөтөөр" ярьжээ.
ХОРИОТОЙ СОНИН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих