Үнэ цэн нь 10 тэрбум ам.доллараар хэмжигдэх газрын ховор элементийн нөөц монголын хөрсөн доор нуугдаж байна. Итгэл дагуулсан ийм тооцоог дэлхийн банк танилцууллаа. Дэлхийн хөрөнгө оруулагчдыг соронз мэт татаж буй энэ төрлийн түүхий эдийн монгол дахь нөөцийн таамаг тооцоог салбарынхан өмнө нь нэг бус удаа мэдээлж, үнэ цэнийг нь тэрбум ам.доллараар үнэлж байсан юм. Тэгвэл энэ урьдчилсан үнэлгээг 10 дахин өсгөж, Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний баялаг манай газрын хэвлийд нуугдаж буйг олон улсын байгууллага танилцуулжээ.
Дэлхийн шинэ үеийн түүхий эдэд тооцогдож буй газрын ховор элемент сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарт цахиур хагалж, олон улсын хөрөнгө оруулагчдыг зогсолтгүй хуйлруулсаар буй. Гэвч энэ түүхий эдийн нөөцийг судлан тогтоож чадаагүй, хаана хэдий хэмжээний баялагтай нь тодорхойгүй Монгол Улс энэ хошуурлыг гайхсан янзтай суусаар өрсөлдөөний гадна үлдсэн. Бид дэлгээд харуулчих, санхүүгийн шаардлага хангачих дорвитой тооцоо судалгаагүй уул уурхайн салбарын хэдэн шинжээчийн хэлсэн үг, хуурай тооцоо, хоосон төсөөлөлтэй өдий хүрсэн.
Тэгвэл сүүлийн хэдэн жил ажиглагч байсан манай улс энэ зах зээлд өрсөлдөхөөр зэхэж эхэлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазарын мэдээлснээр Монгол Улсад Халзан бүрэгтэй, Лугийн гол, Мушгай худаг, Цагаан чулуут, Хотгор зэрэг газрын ховор элементийн нөөц, баялгийн агууламж бүхий орд болон томоохон хэмжээний 71 илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэг тогтоогджээ. Одоогоор тогтоогдоод буй болон боломжит нөөцийг тооцвол Монгол Улсад 10 тэрбум ам.долларын үнэ цэн бүхий газрын ховор элемент бий гэсэн дүгнэлтийг дэлхийн банк гаргасан. Хэдийгээр тойм дүн ийн гарсан ч цаашид Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан газрын ховор элементийн геологийн нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж салбарын яам үзэж байгаа аж. Энэ онд Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг эхлүүлэхээр MЭЗҮ-ийг батлуулсан гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлсэн.
Мөн энэ оны гуравдугаар сарын эхээр болсон дэлхийн уул уурхайн салбарын гол чуулган болох Канадын хайгуул, олборлогчдын холбооны жилийн уулзалтын (PDAC) үеэр Монгол Улсын Засгийн газар шинэ таваарын бодлогоо олон улсын хөрөнгө оруулагчдад анх удаа танилцуулсан. Энэ үеэр Монгол Улс алт, зэс, нүүрс зэрэг уламжлалт түүхий эдээс гадна газрын ховор элемент болон ураны салбарт хөрөнгө оруулалт татахаар зорьж буйгаа илэрхийлсэн юм. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэмээн PDAC-д оролцогчид онцолж байв.
Одоогоор газрын ховор элементийн хайгуулыг Герман улстай хамтран эрчимжүүлэхээр төлөвлөж буйгаа уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаан болж, газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллахаар талууд хэлэлцлээ. Мөн япончууд монголд газрын ховор элементийн ордуудад хайгуул хийх сонирхлоо илэрхийлсээр байна.
Сүүлийн хэдэн жил нам гүм байсан Монгол Улсын газрын ховор элементийн бодлого, тооцоо судалгаа сэрж эхлэх зуур технологийн тэжээл болдог энэ төрлийн түүхий эд худалдааны дайны гол хөзрийн нэг боллоо.
Дэлхийн өнөө болон ирээдүйн тэргүүлэх гүрнээр нэрлэгдэж буй АНУ, Хятадын худалдааны дайн эцэстээ техник технологийн салбарт ноёлохын төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн болохыг шинжээчид тэмдэглэж байгаа. Тиймээс энэ тэмцлийн гол бай нь Хятадын Huawei компани болж, АНУ-ын Аpple, Tesla, Qualcomm компани томоохон хохирол хүлээж магадгүй байна.
Тэгвэл технологийн өрсөлдөөний хөзөр нь түүний гол түүхий эд болох газрын ховор элемент болж байгаа юм. Гэтэл энэ түүхий эдийн зах зээлийг БНХАУ атгадаг. Харин АНУ нийт эрэлтийнхээ 80 хувийг БНХАУ-аас худалдан авч, цахилгаан хэрэгсэл, технологийн шинэ бүтээгдэхүүнээс эхлээд цэрэг зэвсгийн үйлдвэрлэлдээ ашигладаг. 2018 онд гэхэд л АНУ 10 мянган тонн түүхий эдийг 160 мянган ам.доллараар худалдан авсан байна.
Гэтэл ирэх сарын 1-нээс эхлэн БНХАУ АНУ-аас импортолж буй зарим бүтээгдэхүүний тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлэхээр болж байгаа. Үүний дотор газрын ховор элементийн хүдэр багтаж байгаа юм. Хэрэв газрын ховор элементийн нийлүүлэлтэд тарифын болон бусад төрлийн дарамт учирвал энэ нь технологийн компаниуд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
• Сүүлийн хэдэн жил ажиглагч байсан манай улс энэ зах зээлд өрсөлдөхөөр зэхэж эхэллээ.
• Монгол Улсад Халзан бүрэгтэй, Лугийн гол, Мушгай худаг, Цагаан чулуут, Хотгор зэрэг газрын ховор элементийн нөөц, баялгийн агууламж бүхий орд болон томоохон хэмжээний 71 илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэг тогтоогджээ.
• Канадын хайгуул, олборлогчдын холбооны жилийн уулзалтын (PDAC) үеэр Монгол Улсын Засгийн газар шинэ таваарын бодлогоо олон улсын хөрөнгө оруулагчдад анх удаа танилцуулсан.
Хэдийгээр газрын ховор элементээс улбаалсан нөлөө богино хугацаанд төдийлэн мэдэгдэхгүй ч хэтдээ хоёр гүрний технологийн өрсөлдөөний гол түүхий эд болж магадгүй байгаа аж. Улмаар технологийн салбарын өрсөлдөөний эргэлтийн цэг болж болзошгүй гэх таамаг шинжээчдээс хөвөрч байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын дундуур Жяньси муж дахь газрын ховор элементийн үйлдвэрт зочилсон. Энэ мэдээллийн дараа газрын ховор элементийн олон улсын жишиг индекс болох MVIS Global Rare Earth/ Strategic Minerals Index нэг өдрийн дотор 6.4 хувиар дээшилж, 2011 оны аравдугаар сараас хойших огцом өсөлтийг үзүүлсэн юм. Энэхүү индексэд газрын ховор элемент олборлогч БНХАУ, Австрали, Канад зэрэг 10 улсын 20 компани багтдаг. Худалдааны дайн улам хурцадсан энэ үед БНХАУ газрын ховор элементийг зэвсэг болгон ашиглах боломж тэдний гарт байгаа юм. Ийм таамаглалыг олон улсын шинжээчид ч таамаглаж байгаа.
Ийнхүү сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын мөнгөний урсгалыг өөртөө татаж, уламжлалт түүхий эдийн хөрөнгө оруулалтаас хуваалцах болсон газрын ховор элемент цаашид ч олон улсын анхааралд байхаар буй. Энэ хэрээр эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж, үнэ цэн нь өсөхөөр байгаа юм. Ингэснээр газрын ховор элементийн 10 тэрбум ам.долларын нөөцтэй ч газрын хэвлий дэх баялгаа үнэ цэнд хүргэлгүй өдий хүрсэн Монгол Улсад тэрбумаар хэмжигдэх орлогын том эх үүсвэр нээгдэхээр байна.
Өнөөг хүртэл Монгол Улс “хоёр чулуу”-ны эдийн засаг хэмээх нэрийг олон улсаас авах хүртлээ зэс, нүүрсний орлогоор эдийн засгаа тэжээн тэтгэж ирсэн. Тэгвэл үүнийг гурван тулгууртай болгож, жилд тэрбум ам.долларын орлого оруулах боломжийг олон улсын зах зээл, их гүрнүүд онцолж байна. Хэрэв бид зэс, нүүрснийх шиг орлогыг шинэ түүхий эдээс олоход манай жижигхэн эдийн засгийг сэвхийтэл дээш татах учиртай. Гагцхүү өнгөрсөн жилүүдийнх шигээ тооцоо судалгаагүй хэмээн гараа хумхиад суухгүйн тулд геологи хайгуул, бодлогоо сайжруулж, зах зээлийн эрэлтэд бэлэн байх нь чухал.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих