Өнөөдөр буюу зургадугаар сарын 4-нд Тяньаньмыний талбайд жагссан оюутнуудын жагсаалыг хэрцгийгээр дарсны 25 жилийн ой тохиож байна.
Дэлхийн социалист орнуудад хувьсгал гарч, хоёр туйлт дэлхийг нэг туйлт болгосон 1989 онд юу болсон талаар "Удирдагч” сэтгүүл тойм өгүүлэл гаргасан билээ. Уг өгүүллээс Тяньаньмыний талбайд болсон жагсаалын талаархи хэсгийг хүргэж байна.
Дөрөвдүгээр сарын 15:
Тяньаньмыний талбайд оюутнуудын жагсаал эхлэв
Тэдний хувьд жагсаал хийх шалтгаан нь Хятадын Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны консерватив үзлийг баримтлагчдын шийдвэрээр гурван жилийн өмнө гэрийн хорионд орсон ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Яобаны үхэл болсон юм.
Оюутнуудын барьсан гол уриа нь "Биеэ худалдагч түшмэлүүд сөнөтүгэй” байв. Оюутнууд Зөвлөлтийн загвараар ардчилсан өөрчлөлт, ил тод байдлыг бий болгохыг шаардаж, авлига, хээл хахууль, боловсон хүчний томилгооны тогтолцооны талаар үгээ хэлжээ. Мөн тэдний шүүмжлэлийн гол бай нь тухайн үед төрийн өндөр алба хашаагүй ч асар их нөлөөгөө хэвээр хадгалж үлдсэн Дэн Сяопин рүү чиглэв.
Оюутнууд "Хөшигний цаана шивнэлдэхээ боль” гэсэн уриа барьж, Дэн Сяопинийг зориг муутай эр хүн улсыг ийм л аргаар удирддаг гэсэн агуулгаар манжийн эзэн хаантай харьцуулан зуржээ. Дараахь өдрүүдэд энэхүү том талбай болон ойролцоох гудамжнуудад сая гаруй хүн цугларчээ. Бээжингийн олон иргэн жагсагчдад хоол унд дөхүүлж өгч байв.
Михаил Горбачев тавдугаар сарын 15-18-ны хооронд Хятадад айлчлах үедээ Тяньаньмыний талбай дахь ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх байж. Оюутнууд түүний айлчлалд зориулан орос хэлээр "Ардчилал бол бидний нийтлэг мөрөөдөл” гэсэн уриа бэлтгэсэн байв.
Гэвч Зөвлөлтийн удирдагч айлчлалын хөтөлбөрөө өөрчилж, болж буй үйл явдлын талаар түүний байр суурийг сонирхсон сэтгүүлчийн асуултад "энэ бол БНХАУ-ын дотоод хэрэг” гэж хариулжээ. Тавдугаар сарын 19-нд эрх баригчид олон нийтийн бүхий л арга хэмжээг хориглохоо мэдэгдсэн ч жагсаал үргэлжилсээр байлаа.
Зургадугаар сарын 3-4-нд шилжих шөнө:
Тяньаньмыний талбайд жагсагчдыг хэрцгийгээр дарав
1989 онд ардчилагчид ялагдал хүлээснээр Хятад цорын ганц социалист улс болсон юм. Жагсагчид удирдлагуудын дунд хагарал үүсгэв.
"Хятадын Горбачев” гэгддэг ХКН-ын дарга Чжао Цыян оюутнуудад хандан жагсаалаа тараахыг уриалж, реформ явуулахаа амлав. Гэсэн хэдий ч Улстөрийн товчоон дахь дийлэнх консервативчууд түүнийг эрх мэдлийг хүчингүй болгож, гэрийн хорионд суулган \тэрбээр гэрийн хорионд амьдралынхаа сүүлийн 15 жилийг өнгөрөөсөн\, жагсагчдын эсрэг хүч хэрэглэх шийдвэр гаргав.
Олон гэрчийн мэдүүлснээр тус улсын арми жагсагчдын эсрэг харгис хэрцгий үйл ажиллагаа явуулжээ. Гар хоосон хүмүүсийг танкаар дайрч, газар дээр нь буудан хороож, жадалж байсан юм. Хохирогчдын тоог Хятадын эрх баригчид өнөөг хүртэл нууцалсаар байна.
Янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 400-2600-д хэлбэлзэж байгаа юм. Мөн 7000-10 мянган хүн гэмтэж шархаджээ. Бээжин болон бусад хотод хэдэн өдрийн турш олныг хамарсан баривчилгаа явагдав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих