Хүн бүхэн бурханаас өөр өөрийн өгөгдөлтэй төрдөг гэдэг. Сайн ч хүн алдаа гаргана. Муу хүнд ч сайн зүйл байдаг. Сайн, муу хүн гэдэг өрөөсгөл ойлголт. Хамгийн гол нь хүн алдаа гаргаж болно. Түүнийг засч болдог нь ардчиллын үнэт зүйл. Хүн бүр төгс байх албагүй. Өөрт байгаа давуу талаа өнгө оруулж бусдад байгаа өөрт байхгүй чадвараас суралцаж хамтдаа хөгжих нь манлайлагч хүний гол зарчим. Манлайлагчдыг “үнэг ба арслан” гэж хуваадаг. Улстөрч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл хамгийн эелдэгхэнээр худлаа ярьж чаддаг хүнийг улстөрч гэнэ хэмээн ярьдаг. Ийм манлайлагчийг үнэг хэв шинжтэй улстөрч гэдэг. Худал ярьсаар байгаад хэзээ юу гэж ярьснаа мэдэхээ больдог. Өнөөдөр нэг мэдэгдэл хийснээ маргааш нь түүнийгээ няцаасан худал мэдэгдэл хийдэг улстөрч сайд нар жишээ татвал олон. Харин “арслан” хэв шинжийн манлайлыг гол болгосон удирдагчийг нэрлэ гэвэл тодорхой. Ийм удирдагч бодигоор хичээллэж булчингаа томруулаад л цэргийн хувцастай танк дээр зурагаа авахуулж мотоцикль унаж давхисан зурагаа олон нийтийн сүлжээнд тавихад сүр хүчийг харуулдаг. Энэ нь хэрээс хэтэрч хазайхаараа “арслан” хэв шинжийг илүү илэрхийлдэг. Африкийн цэргийн удирдагч нар шиг. Ийм удирдагч хэн бэ гэдгийг та бүхэн гадарлаж л байгаа байх. Тэр өөрийгөө “ Би шүдгүй арслан шиг байна. Шүдгүй учраас юу ч хийж чадахгүй байна” гэж хэлсэн. Энэ нь түүнийг улам хэн бэ гэдгийг тодорхой болгож байгаа байх. Тэгснээ удалгүй “би шүдтэй арслан” болсон гээд Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гаргаж Авлигатай тэмцэх газар, бүх хүчний байгууллагыг томилох эрхийг өөртөө авсан. Дараа нь энэ хангалтгүй байна хэмээсэн. Гэтэл шүүгчид айж эхэлсэн.Тэд Засгийн газрын эсрэг шийдвэр гаргаж чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл, “араа шүдээ хурцалсан” хэрнээ сэтгэл нь ханаагүй улам даварч Захиргааны хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газрыг Захиргааны шүүх, хуулийн гадна гаргасан. Уул уурхай, ашигт малтмалтай, төрийн өмч хувьчлалтай холбоотой бүх шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэж хуульд өөрчлөлт оруулсан. Энэ мэтээр олон араа шүдтэй болсон. Хэнд ч хүчрэгдэхгүй, хэн ч түүнийг зогсоож чадахгүйгээр өөрийгөө хүчирхэгжүүлсэн. Одоо Засгийн газар ашигт малтмал болон байгалийн баялагтай холбоотой шийдвэр гаргахад хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Захиргааны ямар ч байгууллага хянах боломжгүй зүйлд хүргэсэн. Иргэний нийгмийн байгууллагынхан энэ хуульд хориг тавиулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргасан.Гэтэл Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байна. Засгийн тэргүүн У.Хүрэлсүх ийнхүү хууль эрх зүйг өөртөө зориулан өөрчилж, өөрийгөө зэвсэглэх байдлаар “араа шүдээ” хурцалж өөрийнхөө эрх мэдлийг улам хүчирхэгжүүлсэн манлайллын удирдлагын загварыг хэрэгжүүлж байна. Үүний хор уршгаар “Эрдэнэт” үйлдвэрийн тэнцвэртэй байдлыг алдагдуулсан. Ийм арслан сүр хүчийг үзүүлсэн имижтэй удирдагч удахгүй тэр өндрөөс газарт унахдаа бяц унах нь тодорхой болсон.Тэр удирдлагыг гартаа авангуутаа “Би Монгол Улсаа мандуулаад өгнө. Болохгүй бүтэхгүй зүйлийг цавчаад, цавчаад өгнө” гэсэн. Энэ үгэнд нь ард түмэн итгэсэн. Хүлээлт үүсгэсэн. Хэрэв тэр энэ амлалтаас буцвал түүнийг хэн ч өршөөхгүй.Тэгэхээр үүнийгээ биелүүлэхийн тулд хүчээр хийх арга тактик боловсруулж эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн. Нэг үгээр хэлбэл түүнээс ерөнхийлөгчийн засаглалтай, нэг хүний дарангуйлалтай улсын улирдагчийг даган дуурайх хандлагатай байгаа нь ийм засаглалтай төрийг хүсээд байна гэсэн хардлага төрүүлж буй. 76 хүн удирдсанаас нэг хүн удирдах боломжтой гэж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх PR-ийг хийж байна. Ийм дарангуйллын удирдлагын загвараас салах цаг болсон. Хэрэв салж чадахгүй зууралдвал ард түмэн түүнийг бяц ниргэх нь тодорхой.
Улстөрчийн удирдлагын загвар эрэгтэйлэг хэв шинжээс эмэгтэйлэг рүү чиглэсэн
Нийгмийн сайн сайхны төлөө тэмцэлд хэн нэгэн ганцаараа тодрох биш хамтын манлайллаар ялгарч улс орноо хөгжүүлэх шинэ улс төрийн удирдлагын арга барил менежментийн онолын Z загвар руу дэлхий нийтээрээ аль эрт шилжсэн. Гэтэл “моод” Монголоор дуусдаг гэдэг шиг манай удирдагчид, манлайлагчдын арга барил Х загвар буюу дарангуйллын хэв шинжит арга барилтайгаа зууралдсаар удирдлагын шинэ загвар руу шилжихийг хүсэхгүй байна. Мөн мэдэхгүй байна. Тэд ард түмэнд биелэгдэх үндэслэлгүй поп амлалтуудыг цувруулан мэдэгдсээр. Түр зуурийн энэхүү мэдэгдэл шийдвэрүүд нь биелэгдэхгүй болохоор хууль хүчний байгууллагын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж хүчээр хийсээр. Энэ арга барил манай одоогийн Засгийн тэргүүн У.Хүрэлсүхийн удирдлагын арга барилаас шууд харагдаж байна.Тиймээс дарангуйллын уламжлалт арга барилаас орчин цагийн Z хэлбэрийн загвар руу шилжих нь ирээдүйн улстөрч манлайлагчид, удирдагчдын өмнө тулгарч байна хэмээн өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болсон “Хөвсгөлөө хамтдаа хөгжүүлцгээе” уриатай Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганд “Хамтын манлайлал” илтгэл тавьсан Хөвсгөл аймгийн АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга Б.Баярмаа онцлон тэмдэглэсэн юм. Улс төрийн намд удирдагчийн манлайллын үйл хэргийг хэрэгжүүлэхэд спортын нэгэн адил багийн дүрмээр тоглох зайлшгүй шаардлагатай аж. Энэ дүрэм 1776 онд эрэгтэйлэг хэв маягтай байсан бол өнөөдөр эмэгтэйлэг хэв шинж рүү шилжиж өөрчлөгдөж байна. Үүнийг анзаарч улс төрийн үйл хэрэгт манлайллыг хэрэгжүүлэх цаг үе, нийгэмд бий болжээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр улс төрд хэн нэгэн манлайлахын тулд хүчирхэг, эрэлхэг, эрэмгий, шийдэмгий хатуу байхыг шаардаж байсан бол өнөөдөр эмэгтэйлэг, өөрөөрөө байж чаддаг, бусдыг татах чадвараар бусдыг манлайлах удирдлагын хэв маяг руу шилжиж байна. Өмнө нь илүү төмөр мэт хатуу эрэгтэйлэг дүр төрхийг илэрхийлж байсан. Тиймээс эмэгтэй улстөрчийн гаднах имиж нь эрэгтэйлэг, үс нь богино, зангиа зүүсэн, хатуу чанд дүр төрхтэй байхыг эрмэлзэж байв. Гаднах имижээ ингэж бүрдүүлснээр түүнийг улстөрч гэж хүлээн зөвшөөрдөг хандлагатай байв. Тэгвэл өнөөдөр өөрөөрөө байж чаддаг. Өөрийн гэсэн үнэт зүйлтэй, хэн нэгнийг даган дуурайх биш, бусдаас ялгарах онцлогтой байснаар энэ хэв шинжид суурилсан улс төрчийн хэв маяг давамгайлах хандлагатай боллоо. Тухайлбал, Английн улстөрч эмэгтэй Маргарет Тэтчер эрэгтэйлэг хэв шинжид суурилсан улстөрч. Тиймдээ ч төмөр хатагтайн дүр төрхөөр олонд танигдсан. Харин Германы нэртэй улстөрч эмэгтэй Ангела Маркель, Маргарет Тэтчерээс илүү аядуу, зөөлөн эмэгтэйлэг байж улс төрд шийдвэр гаргаж, өөрөөрөө байж чадснаараа ялгарч дэлхийн хамгийн хүчирхэг манлайлагчаар тодорч байна.Тиймээс улстөрч болохын тулд хэн нэгэнг дуурайх хэрэггүй. Бусдыг даган дуурайж хоёр дахь хуулбар байснаас өөрт байгаа давуу талаа өнгө оруулан зүлгэж “эх хувь” байж чадснаар бусдыг дагуулж манлайлж чадах дүр төрх, арга барил руу шилжсэн. Өөрийнхөөрөө байж дүрээ бүтээ.Яагаад вэ гэвэл бусад бүх дүр эзэнтэй гэдэг үгийг “Хамтын манлайлал” сургалтаар эмэгтэй улстөрч эмэгтэйчүүдэд сануулж байв. Дэлхийн санхүүгийн корпорациуд нэг үе ихэвчлэн эрэгтэй захирлуудтай байсан аж. Гэвч шийдвэр гаргалт, удирдлагын арга барил нь Х хэлбэрийн буюу дарангуйлах хандлагатай хамтын шийдвэрийг үл харгалзах шинжтэй байснаас ажилчид тогтворгүй, бизнесийн нэр хүндэд муугаар нөлөөлөх нь их байжээ.Тиймээс эвсэг, аядуу зөөлөн, хамтын манлайллыг эрхэмлэдэг либериал удирдлагын арга барил үгүйлгэдэж буйг анзаарчээ. Одоо дэлхийн том корпорациудын гүйцэтгэх удирдлагад ихэвчлэн эмэгтэйчүүд голлодог нь ийм учиртай.
Амжилтад хүрсэн дэлхийн манлайлагчдын удирдлагын шинжүүдийг судлахад дэлхийн I дайнаас өмнө буюу 1776 оноос өмнө шударга, даруухан, зоригтой, тэвчээртэй, хөдөлмөрч, энгийн тууштай хандлага, шийдвэр гаргалт илүү ул суурьтай, гаднах имиж, биеэ авч яваа байдал, хувь хүний өөрийн мөн чанар, үнэт зүйл, ёс суртахууны өндөр зарчимд суурилсан дүр төрхтэй удирдагчид манлайлж байжээ. Өөрөөр хэлбэл, өөрийгөө бүтээлчээр хөгжүүлж өөрчлөлтийг авчирдаг шинж давамгайлж байсан аж. Харин 1776 оноос хойш түр зуурийн шийдвэр гаргалт давамгайлсан тодорхой арга техникээр олон нийтэд таалагдах гэсэн дүрийг бүтээсэн хэв шинж рүү шилжжээ. Үүнийгээ дагаад дүр бүтээх мэргэжлийн хүмүүс /имижмекирүүд/ бий болсон. Гаднах дүр төрхийг өөрөөс нь тэс өөр болгож үс засалт, хувцаслалт барих цүнх, ээмэг зүүлт, хэлэх үгийг зааварлаж өнгөлөн далдлах маягаар хувь хүнийг өөрөөр нь биш өөр хүн болгодог. Энэ байдал нь удирдагчыг түр зуурийн шийдвэр гаргах, хий хоосон поп дүрд хувиргасан гэсэн үг. Энэ нь удаан үргэлжилж төгсрүүлэх гэснээр хазайлт, туйлшрал үүсчээ.Тэгвэл одоо дэлхий нийтээр энэ байдлыг засах эргээд 1776 оноос өмнө удирдлагын манлайлал руу шилжиж хүн өөрийнхөөрөө байж гэмээнэ нийгмийн сайн сайхан байдал, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, өөрийн үнэт зүйл үзэл бодолдоо тууштай байх загвар руу буцаж шилжих хандлага руу явж байна. Тиймээс удирдлагын хэв шинж хаашаа чиглэж байгааг соргогоор мэдэж байх нь улстөрч хүнд байх хамгийн торгон мэдрэмж. 2020 он болон түүний дараа дараагийн сонгуульд өрсөлдөх улстөрч энэ чиг хандлагыг баримталсан удирдагч олныг дагуулж манлайлах нь тодорхой.
Удирдлагын Z хэлбэрийн манлайлал руу чиглэж байна
Менежмент онолын удирдлагын X, Y, Z гэсэн гурван загвартай ижил удирдлагын арга барил хэв шинж нь дарангуйллын буюу авторитар, демократ буюу илүү уян хатан, манлайлуулж яваа хүмүүстэйгээ ижил тэгш эрхтэй эвсэг харьцдаг, манлайллыг хамтын хүчээр бүтээлцдэг либерал арга зэргээр томъёолдог. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орон менежментийн онолын удирдлагын Z загвар буюу илүү либерал арга барил руу аль эрт шилжсэн. АН либерал үзэл баримтлалтай нам. Тиймээс намын гишүүд, эмэгтэйчүүд улс төрд манлайлахын тулд удирдлагын Z загварыг хэрэгжүүлэх цаг үед ирсэн. Х удирдлагын буюу дарангуйллын хэв шинжтэй арга барил хоцрогдсон. Өөрөөр хэлбэл, Х загвар нь захиран тушаах, эрх мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлж удирдуулж буй багийн гишүүддээ өөрийн гаргасан шийдвэрийг үг дуугүй дагаж мөрдүүлэх, хэрэв гаргасан шийдвэрийг эсэргүүцбэл хүчээр зайлуулдаг тогтолцоо. Харин Z хэлбэрийн тогтолцоо нь илүү ардчилсан, эвсэг харьцааны хэв шинжийн хандлага юм. Энэ загвараар манлайллыг бий болговол хүрэх оргилдоо хамтын хүчээр амархан хүрэх юм. Z хэлбэр нь орчин цагийн манлайллын удирдлагын гол арга барил. Өөрөөр хэлбэл, уламжлалт манлайллын загвараас хамтын манлайллын загвар руу шилжиж байгаа хэмээн удирдлагын манлайллын хэв шинжийг харьцуулсан судалгаа ирээдүйн манлайлагч, удирдагчдад үр дүнтэй шинэ сонирхол татахуйц шинэлэг зүйл юм.
Ц.МЯГМАРБАЯР /ЗУУНЫ МЭДЭЭ сонин/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих