УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг Монголдоо ирэлгүй хэдэн сар болж буй тухай мэдээлэл бий.
Тэрбээр сүүлийн жилүүдэд лав олонд ил тодоор төрд алба хашаагүй. Харин гэр бүлийнхнийхээ хүрээнд үүсгэн байгуулсан компанид ажиллаж байжээ. Т.Бадамжунай нь хүргэн Э.Жаргалсайханыхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг “Монголдарь инвестмент” ХХК-иас 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна.
Мөн Т.Бадамжунайгийн гэр бүлийнхэн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хувийн компанидаа ажиллацгааж байжээ.
Тухайлбал, охин Оюунбилэг нь 2018 оны зургаадугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өөрийнхөө үүсгэн байгуулсан “Түрүү таван эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, охин Гаваа нь 2019 оны гуравдугаар сарын 1-нээс хойш нэг сар нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Авшиг-Одсэр ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, охин Даваа нь 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл ээжтэйгээ хамт байгуулсан “Гурван-Эвтэн” ХХК-ийн Соёл, спорт, амралтын төвийн менежер, мөн 2015 онд ИНЕГ-ын Чингис хаан ОУНБ-ын Хэлтсийн дарга байжээ.
Хүргэн Э.Анар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын ажлаа өгснөөс хойш 2019 оны хоёрдугаар сарын 1-ээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл “Чоно групп” ХХК-ийн Хүмүүний нөөц, ажил, мэргэжлийн зөвлөгөө өгөгч мэргэжилтэн гэсэн албан тушаал хашиж байсан. Түүнчлэн хүргэн Э.Жаргалсайхан нь 2015-2017 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, 2017 оноос Б.Батзоригийг сайд байхад ХХАХҮЯ-ны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж байв.
Үүнээс гадна Т.Бадамжунайгийн үүсгэн байгуулсан “Хүрээт” ХХК, хүргэн Э.Анарын байгуулсан “Ану групп” ХХК, хүргэн Э.Жаргалсайханы байгуулсан “Универсал говь майнинг” ХХК-иудад хориг тавигдсан байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих