Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Голомт” хотхоны “С” байранд 2018 оны аравдугаар сарын 2-нд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Сөрөх тагнуулын газар, тусгай албаныхантайгаа хамтран гадаадын нэг иргэний түрээсэлдэг байранд нэгжлэг хийсэн бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдаж, тухайн үедээ олны анхаарал татаж байсан билээ. Манай улсад суурьшин тагнуул хийж байсан гэх Тайванийн иргэн Ван Чен Хуныг улс орны нүд чих болсон ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрынхан нэлээд удаан судалж, байж нотлох баримтынх нь хамтаар баривчлан шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлснээр хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Нийслэлийн Прокурорын газраас Ван Чен Хуныг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин түүнд мэдээлэл дамжуулж байсан гэх хэрэгт холбогдсон, тагнуулын байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Амгалан, А.Мөнхжаран нарыг Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд дамжуулсан”, 19.12-2 дахь хэсгийн “Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан”, 17.4-2 дахь хэсэг дэх “Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Манай улсын харьяат албан тушаалтнууд Тайванийн иргэнд хоёр жил орчим мэдээлэл дамжуулж байсан нь шалгалтаар тодорхой болсон гэдэг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэн гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэснийг удирдлага болгон өчигдрийг хүртэл шүүх хурлыг завсарлуулсан юм. Тус шүүхэд өчигдөр 15.30 цагт ТЕГ-ын ажилтан Д.Амгалан, А.Мөнхжаран, Тайванийн иргэн Ван Чен Хун нарын гэм бурууд тохирсон ял шийтгэсэн байна. Гэхдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нар ч, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр оролцсон Б.Цэнгүүн тэргүүтэн ч хэчнээн хугацаагаар, ямар дэглэмтэй ангид ял эдлүүлэх болсон талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Мэдээж улсын нууцад хамаарах хэргийг хаалттай хэлэлцсэн ч, шүүгдэгч нарт оноосон ялыг нууцлахаар хуульд заагаагүй байлтай.
Шүүх хуралд улсын яллагчаар оролцсон НПГ-ын хяналтын прокурор О.Гэрэл ээлжийн амралттай хэмээн утсаа салгасан учраас ямар нэг мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Уг нь Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайхан томилогдсоныхоо дараа “Шүүх хурал дуусмагц прокурор мэдээлэл өгч байх болно” хэмээсэн нь шоу байсан бололтой.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих