Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх ажлаа хэр хийж байгаагаа манай улс ирэх сард олон улсад үнэлүүлнэ. Тодруулбал, ирэх сард Австралийн нийслэлд болох ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллагын хурлаар Монгол Улсын тайланг хэлэлцэхээр бэлтгэж байна. Хурлаас манай улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлэх гэнэ. Хэрэв бид саарал жагсаалтад орчихвол эдийн засгийн хувьд томоохон эрсдэлд орох талаар өнгөрсөн долоо хоногт болсон Монголбанкны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан юм.
Манай улс 2013 онд энэ саарал жагсаалтад ороод 2014 онд гарч байжээ. Тухайн үед эдийн засгийн хувьд харьцангуй жижиг байсан тул компаниудын үйл ажиллагаа, иргэдийн хэтэвчинд төдийлөн мэдэгдэлгүй өнгөрсөн гэж Монголбанкны Санхүүгийн албаны дарга Х.Батчулуун хэлж байлаа. Харин одоо Монгол Улс дэлхийн зах зээлд амжилттай нэвтэрсэн, жижигдэхгүй тоглогчийн хэмжээнд байгаа тул нөхцөл байдал огт өөрөөр эргэж болохоор байгаа аж. Хэрэв саарал жагсаалтад орчихвол тухайн улс мөнгө угаахтай тэмцэхгүй байна гэсэн ойлголтыг олон улсад өгч байна гэсэн үг.
Тэгэхээр хамгийн түрүүнд харилцагч улс орнууд санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтаа өндөрсгөдөг байна. Жишээлбэл, гадаад, дотоодоос хийх гүйлгээнүүдэд тавих хяналт чангарч, нэмэлт мэдээллүүд шаардаж эхэлнэ. Бусад улс орон бохир мөнгөнөөс өөрсдийгөө хамгаалахын тулд хяналтаа чангатгана. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулалтуудад саад учрах эрсдэл үүсч болдог байна. Манай улсын хувьд 2016 онд үнэлгээ хийлгэж байхад мөнгө угаах гэмт хэргийн талаар болон түүний хор нөлөөг ойлгохгүй байна гэсэн хандлагыг олон улсад төрүүлчихжээ. Учир нь тухайн үед тодорхой хугацааны мэдээллүүдийг нэгтгэхэд мөнгө угаахтай холбоотой нэг ч хэрэг шүүхээр ороогүй байсан байна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ тэмцдэггүй юм байна гэсэн ойлголтыг өгсөн аж. Ер нь энэ чиглэлийн мэдээлэл огт сонсогддоггүй нь энэ жилийн үнэлгээний хурлын үеэр дээрх байдал давтагдахыг үгүйсгэхгүй болчихож байгаа юм байна. Олон улсад бол мөнгө угаахын эсрэг хяналтыг сул хийсэн банкууд маш өндөр торгуульд унадаг. Хувийн компани байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээнд ноцтой авч үздэг байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь тогтолцооны асуудал хэдий ч компани, байгууллага, хүн бүрт хамаатай асуудал гэдгийг хэлж байлаа. Тухайлбал, та санхүүгийн аль нэг байгууллагаар дамжуулан үйлчилгээ авч байгаа бол шаардсан бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн өгч байх нь энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд оруулж байгаа хувь нэмэр болно гэсэн үг.
Манай улс тогтолцоо болон зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийх зорилгоор хэд хэдэн ажлыг хийсэн байна. Тухайлбал, 2018 оны дөрөвдүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөлийг байгуулсан. Төрийн 16 байгууллагын төлөөлөл багтаж байгаа гэв. Мөн хууль сахиулах байгууллагуудын хувьд санхүүгийн шинжээч хэмээх нарийн мэргэшсэн хүмүүсийг хөлслөн авах үйл ажиллагаа явагдаж байгаа. Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албыг олон улсын стандартад нийцсэн программ хангамжтай болгох хүрээнд АНУ-ын Сангийн яамтай хамтарч, олон улсад хэрэглэгддэг программыг худалдан авах ажлыг эхлүүлсэн гэж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.29 ДАВАА №149 (6116)
Б.ТӨГС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих