Тиймдээ ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоныхоо дараа эх орныхоо газар нутгийг лиценз нэртэй цаасаар дамлан зарах явдлыг зогсоосонд олон түмэн талархаж байсан удаатай. Гэвч Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр бол олон нийтийн оролцоо, хараа хяналтыг огт тусгаагүй учраас Б.Бат-Эрдэнэ гишүүн Ерөнхийлөгчид хандаж, дэмжлэг хүссэн нь энэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн ашигт малтмал, лиценз олголтын талаарх байр суурь хэвээрээ бол энэ асуудлаар үгээ хэлж, Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй хамтрахаас татгалзахгүй болов уу. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ хуулийн төслийг Иргэний танхим, ҮБАЗ-өөр хэлэлцүүлж, олон нийт, ард иргэд, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг сонсох хүсэлтийг Ерөнхийлөгчид тавьсан. Хэрвээ Ерөнхийлөгч түүний саналыг хүлээж авбал мөдхөн эл хууль олон нийтээр хэлэлцэгдэж, эргэлтэд орж мэдэх юм.
Гэхдээ Засгийн газрын зүгээс хуулийн төслөө сайжруулсан төдий болгоод дахин зүтгүүлэх байх. Учир нь өнгөрсөн сарын сүүлээр өргөн барьсан төслөө Засгийн газар өнөөдөр чуулганы хуралдаан эхэлмэгц татан авсан. Ер нь сүүлийн үед энэ салбарт ойлгомжгүй асуудал нэг бус удаа үүсч байгаа. Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн, оронд нь дэд дарга Д.Үүрийнтуяаг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Шинэ даргын хувьд хуучнаасаа дээрдэх юмгүй гэдэг нь ойлгомжтой. Эндээс үзвэл хуулийн төсөл нь болохгүй байгаа юм уу, эсвэл ажил хариуцсан хүмүүс нь асуудалтай юу гэдэг асуулт гарч ирж байна.
Хуулийн төслийг парламентын хэлэлцүүлэгт орж эхэлсэн ийм үед салбар хариуцсан даргыг нь өөрчилж, дараа нь хуулийн төслөө буцааж татсан зэрэг нь энэ хууль түүхий, бас хүмүүсийн шүүмжлэл ч бодитой болохыг батлах шиг. Их хурал дахь Ардын намын бүлэг ч мөн адил энэ хуулийн төслийн гол үзэл баримтлал нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасантай огт уялдахгүй байгааг сануулж, өөрчлөлт оруулахыг шаардсан. Ийм үед Засгийн газар салбарынхан болон улс төрийн намууд, ард иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч хуулийн төслөө дахин нягтлах ёстой. Үүн дээр ч Ерөнхийлөгчийн байр суурь үгүйлэгдэж байна. Тиймээс төрийн тэргүүн, Засгийн газрын алиных нь оролцоо илүү байхаас энэ хуулийн төслийн хувь заяа хамаарах нь ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих