
Аливаа улс орны хөгжил, дэвшил нь барилга, зам тээвэртэй салшгүй
холбоотой байдаг. Гэтэл өнөөдөр төр засгийн хайхрамжгүй, харалган
бодлогын гайгаар барилгын салбар уналтад орох дээрээ тулж, дээсэн дөрөөн
дээр дэнжигнээд эхэлжээ.
Энэ талаар барилгын салбарын 11 холбоог эгнээндээ нэтгэсэн "Барилгын
хөгжлийн үндэсний нэгдсэн төв”-ийн удирдлагууд өчигдөр олон нийтэд
хандаж, мэдээлэл хийв. Тэдний ярьж буйгаар УИХ-ын 30 дугаар тогтоолоор
төсөвт өртгийг нэмэгдүүлсэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
сайдын 2012 оны 18 болон 181 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг Засгийн
газарт үүрэг болгосон байна.
Хэрэв дээрх хоёр тушаалыг Засгийн газар хүчингүй болгох аваас барилгын
салбарт ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг 100 мянга гаруй иргэн
гудамжинд гарч, ажилгүйчүүдийн эгнээд орох дээрээ тулах аж.
Өөрөөр хэлбэл дээрх хоёр тушаал хүчингүй болсноор барилгын салбарт үйл
ажиллагаагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн дураар
барилгын материалын үнэ хийгээд тендер, цалингийн хэмжээгээ тогтоодог
болох юм байна. Ингэснээр тус салбарын үйл ажиллагаа алдагдаж, улмаар
уналтад орох эрсдэлтэй талаар тэд ярьж байна.
Тэртээ 1998 онд батлагдсан 18 дугаар тушаалд "Барилгын төсөв зохиох
заавар”-аар ажилчдын төсөвт цалингийн дүнгээс нэмэгдсэн зардлыг 57-60,
бусад шууд зардлыг 48-58, төлөвлөгөөт хуримтлалыг 98 хувиар тус тус
тооцохоор заажээ.
Дээрх гурван зардлын хэмжээг ажилчдын цалингийн өсөлтийг дагаад
нэмэгдүүлэхгүй гэж 2007 онд 0.52, 2009 онд 0.26 гэх итгэлцүүр хэрэглэн
эх үүсвэрийг хүчээр бууруулж байсныг хүчингүй болгосон байна.
Харин 181 дүгээр тушаалаар барилгын дөрвөн норм, дүрэм баталж
мөрдүүлэн барилгын төсөв, үнэ бүрдэлттэй холбогдсон найман төрлийн
хуучин заавар, дүрэм, нормуудыг хүчингүй болгосон.
Ингэхдээ зах зээлийн нөхцөлд тохируулж барилгын төсөвт өртөгт бүтцийн
өөрчлөлт хийж, Барилга архитектур техник хяналтын улсын хорооны 1990 оны
дөрөвдүгээр тогтоолоор "Барилгын төсөвт өртөг тодорхойлох дүрэм”
болон Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 200 дугаар тушаалаар баталсан
"Барилгын төсөв зохиох заавар”-ыг мөн хүчингүй болгосон байдаг аж.
Сүүлийн 20 жилд энэхүү хуучин заавар, дүрмүүдийг зөвхөн цалингийн өсөлт
дагуулан индексжүүлэн мөрдөж байсан төдийгүй норм, дүрмүүдэд байсан
зардлууд индексээрээ өсөлтөө нөхнө гэж үзэж байжээ.
Гэтэл зах зээлийн нөхцөлд өнгөрсөн хугацаанд гарсан тоо томшгүй олон
хууль тогтоомж, дүрэм зааврууд ямар ч эх үүсвэргүй тул огт хэрэгжихгүй
явсаар өдийг хүрсэн байна.
Энэ талаар "Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв”-ийн гүйцэтгэх
захирал Г.Батсүх "Барилгын салбарт осол ихээр гарч байгаа нь үүнтэй
холбоотой. Барилгын салбарт ашгийг цалингаас тооцож байсан нь нягтлан
бодох бүртгэлийн олон улсын стандартыг зөрчиж байсан.
Төсөв цалингийн хэмжээ багаас барилгын гүйцэтгэгч байгууллага
ашигтай ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн ажилчдынхаа орон сууц, нийгмийн
асуудлыг шийдэх хөрөнгө санхүүгийн ямар ч эх үүсвэр алга.
Үүний гороор алдагдалтай ажиллахад хүрч байна. Барилгын төсөвт тусгаж
байгаа тарифт цалингийн жишгээр тооцоход сард 168 цаг ажиллаад III
зэрэгтэй ажилчин 488 мянган төгрөгийн цалин авахаар байгаа нь өнөөгийн
нийгэмд амьдралын хэрэгцээг хангахгүй байна” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн "Тендер шалгаруулалтад хамгийн бага үнэ сонгодог
гажуудлаас болж барилгын гүйцэтгэгч байгууллага шаардлагатай зарим
зардлаа хасдаг. Үүнээс болж барилгад хямд, чанаргүй материал хэрэглэх,
хөдөлмөр хамгаалалтын зөрчил, осол зэрэг үзэгдэл байсаар байна” гэлээ.
"Барилгын хөгжлийн төв”-ийн мэргэжилтнүүдийн харьцуулсан
судалгаанаас харахад 2010-2013 онд авто замын барилга байгууламжийн үнэ
211, эрчим хүчний салбарын барилга байгууламжийн үнэ 230 хувиар өссөн
байхад барилгын салбарын үнэ 184 буюу хамгийн бага өсөлттэй гарсан
байна.
Харин УИХ-аас 30 дугаар тогтоол гаргах болсон шалтгаан нь "царцсан”
барилгуудтай холбоотой аж. Ямар ч зураг, төсөвгүй барилгыг улсын
төлөвлөгөөнд оруулснаар ихэнх барилгын зураг, төсөл хийгээд техникийн
нөхцөл өөрчдөгдсөн байна. Тэр ч бүү хэл барилгын явцад зураг төслийг дур
мэдэн өөрчилсөн зэрэг асуудал гардаг аж.
Дээрх шалтаг, шалтгаанаас болж төсөвт өртөг нэмэгдсэн нь төсөв зохиох
арга зүй, аргачлалтай огт хамааралгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа
юм.
Иймд Засгийн газар 18 болон 181 дүгээр тушаалыг хүчингүй болгосон
тохиолдолд тендерээр авсан бүх гэрээний үнэ, барилгын ажлын
гүйцэтгэл 30-35 хувиар буурч улс, орон нутгийн төсвөөр хийгдэж буй
бүтээн байгуулалт зогсох аюул нүүрлэх аж.
Улмаар барилгын компаниуд хаалгаа барьж, тус салбарт ажиллаж
амьжиргаагаа залгуулж буй 100 мянга гаруй иргэн ажилгүйчүүдийн тоог
нэмэх нь. Улс орны хөгжлийг тодорхойлдог барилгын салбараа уналтад
оруулах эсэх нь Засгийн газраас өөрсдөөс нь шалтгаалах болчихоод байна.
Б.Төрбат
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих