Хятадын оюутнууд зөвхөн
олон улсын боловсролын үнэлгээгээр шилдэгээр шалгараад зогсохгүй дэлхийд
хамгийн их боловсролын хөрөнгө оруулалтыг боловсролын салбартаа оруулж
буйд тооцогдож байна. Хятадууд улсынхаа хөгжилд гүйцэтгэх боловсролын
үнэ цэнийг сайн мэдэж байгааг наад зах нь боловсролын салбарт зориулж
буй хүчин чармайлт, төрийн бодлогын тусгалаас харж болохоор.
Хятадын боловсролын салбар дэлхийд
хамгийн далайцтай нь. 2012 онд тус улсын бүтэн цагаар суралцдаг оюутны
тоо 200 сая байжээ. Хятад Дэлхийн худалдааны байгууллагад элсэж,
Хятадын зах зээл олон улсад илүү нээлттэй болж буй энэ үед тус улсын
эцэг эхчүүд хүүхдүүддээ өндөр хүлээлт өгч, хөрөнгө оруулалтыг ихээр хийж
буй. Гэвч Хятад улсын боловсролын тогтолцоо энэхүү эрэлттэй нийцэж
өгөлгүй шалгууруудад унаж буй. Тиймээс олон улсын боловсролын
байгууллагуудын хувьд Хятадын боловсролын тогтолцоо үргэлж сонирхол
татам байсаар ирсэн, байхаар ч байх болно. Тус улс хөдөө, алс газраас
нүүж ирж буй хэдэн арван сая залуу иргэдээ боловсруулахаар жил бүр 250
тэрбум ам.долларыг боловсролын салбартаа зарцуулахаар төлөвлөж байна.
Цаашид тэд эдийн засгийн өсөлтөө дэмжих олон талт ажиллах хүчний
хэрэгцээг үндэсний хэмжээнд авч үзэж буй нь энэ.
Эртнээс хятад хүмүүс хөгжилд
боловсролын салбарын гүйцэтгэх үүргийг чухалчилж ирсэн байдаг. Энэ
уламжлал нь "Нэг хүүхэд” бодлогыг 1970 оны сүүлчээс хэрэгжүүлж
эхэлсэнээс хойш улам эрчимжсэн. Эцэг эхчүүд энэ үеэс ганц хүүхэддээ
өндөр хариуцлага хүлээлгэж, тэдэндээ юугаа ч хайрлахгүй өгөхийг зорьж,
сайн боловсролд гар татахгүйг хичээх болсон байна.
Сургалтын зардалын аливаа өрхийн нийт
орлогод эзлэх хувь хэмжээ үлэмж бөгөөд энэ байр суурь нэмэгдсээр байгаа.
Тухайлбал, ихэнх хотын эцэг эхчүүд өрхийн орлогынхоо гуравны нэгийг
зарцуулдаг бол зарим хотуудад тал хувийг ч зориулдаг байна. Сургуультай
холбоотой зардал дээр сургуулийн дараах төрөл бүрийн тэр дундаа төгөлдөр
хуур, бүжиг, англи хэл зэргийн дугуйлан, давтлага мөн нэмэгдэх болсон
нь өрхийн боловсролд зориулж буй зардал нэмэгдэж буйг харуулж байгаа
юм.
Боловсрол руу хошуурах энэхүү үндэсний
давамгайлал мөн Засгийн газрын бодлогод ч мөн тусгалаа олсон байгаа.
Эдийн засгийн шинэчлэлийн эхэн үед День Сяопин боловсролыг "Газар
тариалан, үйлдвэрлэл, үндэсний батлан хамгаалах,шинжлэх ухаан-технологи
гэсэн шинэчлэхээр онцолсон дөрвөн талбарын-” суурь нь гэж авч үзсэн
байдаг.
Ингээд 1983 онд Хятадын боловсролын
тогтолцоонд гурван чиг хандлагыг тогтоож өгсөн байдаг бөгөөд энэ нь
Боловсрол орчин үеийг, дэлхийг, ирээдүйг чиглэсэн байх ёстой гэжээ. Мөн
тухайн жилдээ Хятадын Коммунист намын Төв хороо болон Төрийн консул
Боловсролын шинэчлэл, хөгжлийн зураглалыг баталж, олон нийтэд
тунхагласан. Тэд үүндээ "Хүчирхэг үндэстэн боловсрол дээр тогтоно,
хүчтэй боловсролын тогтолцоо багш нар дээр тогтоно” гэсэн байдаг.
Үүнээс хойш 1977 онд, Коммунист намын
15-р Их хурал дээр Үндэсний хөгжлийн стратегийг шинжлэх ухаан ба
боловсрол дээр суурилахаар тогтсон байна. Улмаар Төрийн консул 2004 онд
2003-2007 оны хооронд Боловсролыг дэмжих Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөрийг баталж, боловсролыг орчин үеийн Хятадын хөгжлийн стратегид
тэргүүлэх чиглэл болгов.
Хятадын Үндэсний Статистикийн газрын
мэдээллээр, Хятадын Засгийн газар 2006 оноос хойш Боловсролын салбар
дахь хөрөнгө оруулалтааүлэмж хэмжээгээр тасралтгүй нэмэгдүүлж, 2005 онд
5.161 их наяд юань буюу ДНБ-ий 2.82 хувь байсныг 2012 он гэхэд 20.772
тэрбум юань буюу ДНБ-ий дөрвөн хувьд хүргэжээ. Одоогоос дөрвөн жилийн
өмнө Боловсролын яам 2010-2020 он хүртэл мөрдөх Боловсролын шинэчлэл,
хөгжил гэсэн дунд болон урт хугацааны Үндэсний төлөвлөгөөг хүчин
төгөлдөржүүлж, мөрдөж эхэлсэн. Энэ нь Хятадыг дэлхийд мэдлэг, технологид
суурилсан тэргүүлэгч орон болгож өөрчлөхөд чиглэгдсэн байна.
Хятадын
боловсролын тогтолцоо 6-3-3-3/4 буюу бөгөөд 6-жил бага анги, 3-жил дунд
анги, 3-жил ахлах анги, 3-жил коллеж, 4-жил их сургууль гэсэн загварыг
мөрддөг. Сургуульд анх орсноос хойших есөн жил нь зайлшгүй эзэмших
боловсрол. Бага ангиа дүүргэсний дараа хүүхдүүд дунд ангид шууд ордог.
Гэсэн ч дунд ангийн хүүхдүүд ахлах сургуульд орох улсын шалтгалт өгдөг
бөгөөд голлох дунд суруулиудын хязгаарлагдмал суудлын тоонд багтах том
өрсөлдөөн явагддаг. Энэ нь ч томоохон их сургуулиудад цаашид орох
ганцхан гарц. Олон улсын боловсролын институцийн мэдээлснээр өнгөрсөн
жил гаднын улсуудад сурч буй хятад оюутнуудын тоо 194.000 хүрсэн нь
таван жилийн өмнөх 67 мянгыг гурав нугалсан тоо юм.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад
улс коллеж, их сургуулийнхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж, 2409 болгосон
гэж Нью Йорк Таймс мэдээлжээ. Тэд 2020 он гэхэд 195 сая хүнийг коллеж
болон их сургууль төгсгөж зах зээл дээр гаргахаар төлөвлөж байгаа нь
олон улсын боловсролын эх орон АНУ-ын 120 саяаас давсан тоо юм. Шинээр
төгсөгчид шинээр гарч ирж буй салбарууд болох эрчим хүч, хэмнэлттэй
эрчим хүчний хэрэглээ, байгаль орчны хамгаалал, биотехнологи, дэвшилтэт
мэдээлэл технологи, өндөр технологи, тоног төхөөржийн салбар дахь ажлын
байруудыг дүүргэнэ гэсэн тооцоо байгаа аж. Харин үүнд хангалттай өндөр
түвшинд боловсорсон сайн профессоруудын дутагдал гарч болзошгүй байгаа.
Тиймээс тус улс эдгээр салбарыг тэлж, үйллдвэрлэлийн бүтээмжийг нь 2015
он гэхэд ДНБ-ий найман хувьд хүргэх зорилгоор 1.6 их наяд ам.долларын
хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Хятадын багш нарын хувьд карьер өсгөх
үйл явц ширүүн өрсөлдөөн дунд байдаг бөгөөд сургуулийн захирлууд болон
багш нарыг шургуу хөдөлмөрлөж, сайн үзүүлэлт үзүүлэх шахалт өндөр байдаг
байна. Учир нь өндөр үзүүлэлттэй багш нар шагнал урамшуулал хүртэж,
тушаал дэвших нь төдий чинээ хурдан. Харин үзүүлэлт тааруу багш нарын
хувьд ажлын амжилт хязгаарлагдмал. Түүнчлэн тэд хүндлэл бага хүртэхийн
зэрэгцээ ажлын бүтээмжээс шалтгаалсан цалин олголтын тогтолцоогоор бага
орлоготой байдаг байна. Үүнд оюутан сурагчдын сурлагын дүн хамгийн чухал
үзүүлэлт бөгөөд багш нарыг үүгээр үнэлээд зогсохгүй сурагчдын чансааг
эндээс гаргадаг. Тиймээс багш сурагчийн аль, алиных нь зүгээс нөр их
хөдөлмөр шаарддаг тэмцэл байдаг байна.
Шалгалтын дүнд өгч буй ач холбогдол нь
Хятадын оюутнуудыг дэлхийн шилдгүүдийн тоонд ороход нөлөөлж буй гол
хүчин зүйл болж байна. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа,
хөгжлийн байгууллагын гурван жил тутамд зохион байгуулдаг Олон улсын
сурагчдын хөтөлбөрт, 2009 онд Шанхайн Хятад оюутнууд математик, шинжлэх
ухаан, уншлагаар хамгийн сайн үзүүлэлтийг үзүүлж байсан бол 2012 онд ч
энэ амжилтаа хадгалжээ.
Гэсэн ч шалгалтын дүнд сурилсан
сурагчийн үнэлэмж нь залуу иргэд мэдээллийг автоматаар цээжилж, улмаар
мэдлэг болгож үлдээлгүй хаяхад хүргэж байна. Эцсийн дүндээ аливааг олон
талаас нь харах эргэцүүлсэн, бүтээлч сэтгэлгээ дутмаг, асуудлыг
шийдвэрлэх ур чадваргүй болгож байна гэж Өмнөд Австралийн Их сургуулийн
профессор Жонн Бенсон, Эва Хуанг, Еин Зу үзжээ. Энэхүү болвсролын
салбарын согог нь боловсрол, технологи дээр суурилсан тогтвортой,
чинээлэг нийгмийг байгуулах гэж буй Хятадын Засгийн газрын хувьд
томоохон сорилт гэж тэд мөн хэлж байна.
Боловсролын тогтолцооны хөгжил нь
одоогийн өөрчлөгдөж буй эдийн засгийн хэрэгцээ шаардлагад тохирсон олон
тооны мэргэжилтнүүд болон ур чадвартай ажилтан бэлтгэх бололцоог олгож
буй. Боловсорсон ажиллах хүчний нийлүүлэлт нь Хятадын өсөлтийг хүчтэй
дэмжиж байгаа нь маргашгүй үнэн. Хятадын боловсрол нь төр болон хувийн
хэвшилд зөвхөн том бизнессийн боломж биш юм. Энэ нь Хятадын эдийн
засгийн давалгааны эрчийг тодорхойлогч аугаа хүч.
Б.Энхцэцэг
mongolianeconomyURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3183
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих