Хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг, хэрэгждэг хуулийн засаглалтай улс орны хөгжил манайхаас хол тасарсан. Харин бид дуйлаан дагуулсан олон том хэргийн талаар сонсож хөөрцөглөсөөр өнөөдөртөө золгожээ. Одоогоор эцэслэн шийдэгдсэн хэрэг бараг байхгүй. Хамгийн сүүлийн Жижиг дунд үйлдэрлэлийг дэмжих сангийн (ЖДҮ) зээлийг УИХ-ын гишүүд, эрх баригч намын өндөр албан тушаалтнууд бүлэглэн хулгайлсан хэрэг илэрснээс хойш нэг жилийн ой болох гэж байна. ЖДҮ хулгай бол маш ноцтой гэмт хэрэг бөгөөд бусад том хэргүүдтэй харьцуулахад нотлох баримттай, холбогдсон эзэд нь тодорхой, олон нийтийн анхааралд бүрэн орж чадсан.
ЖДҮ хулгайлсан УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг заалтыг зөрчсөн. Тиймээс ЖДҮ-чин гишүүд нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасуулж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх ёстой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 05-нд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Б.Батзориг дээрх зүйл заалтаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үүссэн тул Улсын ерөнхий прокуророос түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д анх албан бичгээр хүргүүлсэн.
Үүнд тэрээр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 17-ы өдрийн А/88 тушаалаар 134 иргэн, аж ахуйн нэгжид 72.4 тэрбум, мөн оны наймдугаар сарын 28-ы өдрийн А/141 тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэжээ. А/88 тушаалаар ЖДҮ зээл олгосон 134 иргэн аж ахуйн нэгжийн 93 хувь буюу 124 нь УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтны компани байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд зарласан. Гэвч УИХ-ын гишүүдийн олонхи өнгөрсөн оны арваннэгдүгээрсарын 7-ы өдрийн ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүн Б.Батзоригийг хамгаалан авч үлдсэн.
Энэ явдлаас хойш нэг сарын дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 9-нд Улсын Ерөнхий Прокуророос Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын УИХ-ын ЖДҮ-чийн гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч мөн л 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр чуулганаар эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг бүтэн өдөр шөнийг хамарч хуралдсан ч эцэстээ ЖДҮ-чид бүгд бүрэн эрхтэйгээ үлдэж чадсан. УИХ-ын гишүүн Л.Энхболд охиныхоо нэр дээрх компанид 1.3 тэрбумын, мөн өөр нэгэн хамаарал бүхий этгээдүүдийн компанид 950 сая, 1.2 тэрбумаар гэсэн дүнгээр ЖДҮ зээл тус тус авсан гэж яригдаж байгаа.
Мөн түүнийг ЖДҮ сангийн зээлийн хөрөнгөөр бусдаас авсан зээлээ төлсөн гэж олон эх сурвалж үзэж байгаа. Б.Ундармаа гишүүний “Доктор МЭИК” ХХК нь ЖДҮХ сангаас зээл авах нэрсээс хасагдсан байсан ч УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдын алдарт тушаалаар зээлийн жагсаалтад эргэн багтаж зээл авч чадсан байдаг. Мөн өөрийнх нь 99.98 хувийг нь эзэмшдэг “Капитал” банк нь 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ сангаас авсан. УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” ХХК зээл авахаар материал өгсөн ч зээлийн шаардлага хангаагүй боловч тэрээр компанидаа 950 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан байдаг. Мөн ЖДҮ сангаас авсан мөнгө нь гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн гэсэн яриа цахим орчинд их байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тодорхойгүй “Сапфир стоун” ХХК-д барьцаагүйгээр 1.2 тэрбум төгрөгийн ЖДҮ зээл авсан байдаг. Ийнхүү дээрх нэр бүхий УИХ-ын ЖДҮ-чийн таван гишүүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг гацаанд орсон байдалтай байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулиас гадна ЖДҮ-чид бас нэг хуулийг зөрчсөн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн болон тэдгээртэй хамаарал бүхий этгээд төрөөс зээл хүртэгчбайхыг хориглосон. Энэ хуулийг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, зөвшөөрлийг хүчингүй болгох заалттай. Энэ хуулийн хүрээнд ЖДҮ зээлтэй холбоотой гэрээ зөвшөөрлийг хүчингүй болгох боломжууд байгаа хэдий ч бас л таг чиг байсаар байна.
Хэрэг шийдвэрлэгдэхгүй байх гол учиг нь ЖДҮ-чин гишүүд зээл авахаасаа өмнө олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өөрсөддөө ашигтай байдал үүсгэсэн аж. Үүний уршгаар авилга, албан тушаалын хэрэгт холбогдоод хэрэг хийсэн нь нотлогдсон нилээдгүй хүмүүс ял завшсан олны анхаарлын төвд байна. Энэ оны наймдугаар сарын 2-ы өдөр Монгол Улсын Их хурлын даргын 177 тоот захирамжаар “төрөөс авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
Гэвч тус ажлын хэсэгт орсон таван УИХ-ын гишүүний дөрөв нь ЖДҮ хэрэгт нэр холбогдсон гишүүд буюу Л.Энхболд, Н.Оюундарь, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар байна. УИХ-ын гишүүн Л.Энхболдын талаар дээр хангалттай дурьдсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Рэд стар клуб" ХХК-даа 800 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан бөгөөд тэрээр “мэдээлэлд ойрхон нь зээл авдаг, уучлалт гүйхгүй” гэж ярьж явсан хүн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд авсан гэсэн баримтууд хэвлэлд ил болоод удаж байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн гэх бөгөөд тэрбээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг. Бүтэн жилийн турш олон нийтийн анхааралд байгаа ЖДҮ гэмт хэрэгт холбогдсон гишүүд хөөн хэлэлцэх хугацааг судлах ажлын хэсгийн 80 хувийг бүрдүүлж байгаа нь тэр чигтээ ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж олон нийт үзэж байгаа. Энэ нь ЖДҮ-чин гишүүд өөрсдийгөө гэмт хэргээс мултлах, ял завших боломжийг бий болгожээ гэсэн хардалтыг дагуулж байна. Мөн энэ хуулийн заалтыг эргэж харах хэрэгтэйг олон улсын мөнгө угаах, терроризтмтэй тэмцэх байгууллагаас манай мөнгө угаахтай тэмцэх Хамтын байгууллагуудад зөвлөсөн байна.
Р.Шинэгэрэл /Эдийн засагч/
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих