Үнэндээ үл үзэгдэх коммунизм манай нийгэмд амь бөхтэй өнөөг хүртэл баттай оршин тогтносоор байна. Энэ үзэгдэл хэзээ дуусах нь тодорхойгүй бөгөөд үүнийг хэн ч тааж хэлж мэдэхгүй. Сэтгэхүйн тураал генетикийн тураал бидний ба бидний өмнөх, дараагийн гурван үед бат суугаад түүндээ идэгдчихсэнийг ”үл үзэгдэх коммунизм” хэмээн нэрлэж байна. Энэ гурван үе тэр чигээрээ айдас, үл үзэгдэх юмнаас айх бөгөөд энэхүү айдас яван явсаар бусдыг хорлодог донд хөтлөн нэг нэгнээ татан унагааж эхэлдэг.
Үүнийг тамын тогооны үлгэр гэж нэрлэж болох юм. Өнгөрсөн хугацаанд манай нийгэм 26 жилийн турш савлалаа. Өөрөөр хэлбэл нийгмээ савлуур гэж үзвэл тэр савлуур маань хэмжээнээсээ ямагт хэтэрч, дундаж нэг цэг дээрх огтхон ч ирсэнгүй. Тийм болоод л манай улсын хөгжил дэндүү удаан байгаа хэрэг. Коммунизм нь манайхтай нэгэн цаг үед нурсан дорнод Европын орнууд аль хэдийнэ ардчилал чөлөөт зах зээлийн системд бүхэн шилжиж орсон. Нэг үгээр хэлбэл тэд оюун санааныхаа эрх чөлөөнд нэгэнт хүрсэн.
Түүнийгээ тэд ардчилал хэмээн нэрлэдэг. Тэгвэл монголчууд бид эдийн засгийн, хэрэгцээнийхээ эрх чөлөөнд хүрсэн шилжилтийг 26 жил хийгээд оюун санааныхаа эрх чөлөөнд яг ч хүрчихээгүй байна. Үүний шалтгааныг олон янзаар тайлбарлаж болно. Хүн ардаа үр бүтээлтэй, тууштай ажлуулдаг төгс механизмыг бүрдүүлж чадаагүй явж ирснээс болж манай үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гол заалтууд цаасан дээрээ үлдэж, ажилгүйдэл, ядуурал нь хэвэндээ явсаар өнөөг хүрсэн нь нууц биш юм.
Манай зарим эрдэмтэд, эдийн засагчид Монгол улсыг "халамжийн улс” хэмээн өхөөрдөн нэрлэдэг. Ард түмнээ ажилтай орлоготой байлгалгүй харин ч бүр үүний эсрэгээр нийгмийн халамжийн элдэв мөнгө тарааж, залхуучуудын эгнээг өргөтгөх, монголчуудыг бэлэнчлэх социалист сэтгэлгээнд эргүүлэн оруулах бодлого явуулж ирсэн нь манай улсын өмнөх Засгийн газруудын алдаатай бодлогын нэг бөгөөд энэ нь улс орны хөгжил дэвшилд цаг үргэлж саад тушаа болж ирсэн юм. Монгол улсын өнгөрсөн 70 жилийн түүхийг авч үзвэл дан ганц ЗХУ-аас хамааралтай явж ирсэнийг бид бүхэн сайн мэднэ.
Харин өнөөдөр Монгол улс өнөөх Орос ах нараасаа хамааралтай бус урд хөрш Хятад хэмээх аварга том гүрнээс хамааралтай улс болон хувирсан. Өнөөдөр Монголд өөрийн аж амьдарлаа урд хөршгүйгээр, Эрээн хотгүйгээр төсөөлж чадахгүй болсон хүмүүс хэтэрхий олон болсон гэвэл лав хэтрүүлэг болохгүй байх. Захаар амьдарлаа залгуулдаг тэдгээр хүмүүс урд хөршөөс элдэв янзын бараа таваар оруулж ирэн улс орон нь улам бүр Хятадын хараат болсоор байгааг өнөөгийн улс төрчид ерөөсөө ойлгохгүй байна. Эрх баригч намууд сонгуулиар гарч ирэхдээ "мөрийн хөтөлбөр” гэдэг үлгэрийн далай шиг элдэв марзан төсөл хөтөлбөрүүдийг дэвшүүлэн зарладаг ч тэдгээр нь хэзээ ч бодит амьдрал дээр биелж байсангүй. Энэ талаар өмнө нь мөн ч их ярьж, хэлж, бичиж байсан ч ойлгож байгаа улс төрч нэгээхэн ч алга.
Хамгийн наад захын жишээг дурдахад өнгөрсөн хугацаанд Монгол улсын Засгийн газар улс орны эдийн засагт амин чухалд тооцогдох том хэмжээний ямар ч төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулсангүй. Гадаадын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй бол танай улсын эдийн засаг хэзээ ч хөгжихгүй гэдгийг тодорхой хэлсэн ч улс төрчид маань өнөөх л бахь байдгаараа хий хоосон ярьж зүгээр суусаар л байгаа.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ нэгэн голд орсон үнэн үг хэлж билээ. Тэрээр "Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөнтэй холбоотойгоор манай улсын эдийн засаг бага зэрэг сэргэсэн ч үүнийг эдийн засаг сайжирлаа гэж үзэхгүй байна. Монгол улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ экспортод гаргахүйгээр улс орны эдийн засаг хэзээ ч хөгжихгүй” гэж хэлсэн байдаг. Гэвч Монголд одоогоор тэрхүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явц зүүд зэрэглээ төдий л байна.
Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа болохоор Монгол улс өнөөдөр ядуурал авлигалдаа улам бүр шигдсээр байгааг бид бүхэн харж байна. Өнөөдөр Монгол улс юу ч бүтээхгүй байгаа учир манай улсын эдийн засаг сайжирахгүй байна. Нэг үгээр хэлбэл өрнийхний дэргэд бид тэнэг, дорныхны дэргэд залхуу байна. Энэ байдлаасаа ангижрахгүйгээр цаашид хөгжинө дэвшинэ гэхэд тун бэрх. Учир нь дэлхий нийтээрээ ижил төстэй чөлөөт эдийн засаг буюу харилцан нээлттэй өрсөлдөх системд шилжсэн үед өрсөлдөөнгүйгээр, бүтээхгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр урагшаа ахих ямар ч боломжгүй юм.
Бүх нийтээрээ юм бүтээхгүй байгаа нь бид гадаад зах зээлд уул уурхайгаас өөр бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй, дотооддоо хөдөө аж ахуйгаас өөр дорвитой үйлдвэрлэл явуулахгүй байгаагаас тод харагдана. Тиймдээ ч бид бусдын хийснийг хэрэглэхдээ сайн бөгөөд энэ байдал биднийг 100 хувь үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болгож байна. Монголын ард түмэн өнөөдөр төр засгаас юу хүсэн хүлээж байгаа вэ гэхээр мэдээж эдийн засаг сайжирч, ард иргэдийн амьдралд нааштай эерэг өөрчлөлт гарахыг л хүсэн хүлээж байгаа.
Нэгэнтээ дэлхийн суу билэгт нэгэн цэргийн жанжин ингэж хэлсэн байдаг. "Дайнд зөвхөн зоригтой нь бус харин ухаантай, эвтэй, тэвчээртэй тал нь ялдаг” гэж. Харин ард түмэнд сайн сайхан зүйл амлаж гарч ирсэн Засгийн газар маань энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадах болов уу? Хэрвээ чадна гэж гарч ирсэн бол тэдэнд алдах эрх байхгүй гэсэн үг. Тийм болохоор ард түмэн У.Хүрэлсүхийн Засгийн газраас эдийн засгаа сайжруулж, ядуурал ажилгүйдлийг бууруулхыг тэсэн ядан харж хүлээж байна. Өөрөөр хэлбэл тэднийг тэрхүү дайндаа ялахыг хүлээх л үлдэж байгааг тэд маш сайн ойлгох хэрэгтэй байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: Bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих