Эрх баригч Ардын намын бүлэг Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд улсаараа нэг тойрог болох заалт дээр санал нэгдээд байгаа. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан бүлгийнхээ хуралд танилцуулсан. Тэрээр “Сонгуулийн ажлын хэсэгт УИХ-д суудалтай намууд болон бие даагчдын төлөөлөл багтсан. 2015 онд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн байсныг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын сонгууль нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, Орон нутаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурал нь тусдаа сонгуулийн хуулиар явах зайлшгүй шаардлага байна гэх үндэслэл гарсан учир өөрчлөлт хийсэн.
Цаашдаа Монгол Улс тогтвортой хөгжихийн тулд нэр хүндтэй хүмүүсээр УИХ-ыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсад ашигтай хувилбарыг сонгосон. Бид дөрвөн хувилбар боловсруулсан. Нэгдүгээрт, одоогийн байгаа жижиг 76 тойрог, хоёрдугаарт, томсгосон мажоритар буюу олон мандаттай, гуравдугаарт, бүсчилсэн, дөрөвдүгээрт, улс нэг тойрог гэсэн хувилбар боловсруулаад байна. Эдгээрээс улс орны нийтлэг эрх ашигт нийцэх хувилбараар Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв зүйтэй гэж үзсэн” гэдгээ тодорхой мэдэгдсэн. Мөн өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиуд улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойрог, жалгын сэтгэлгээнд үндэслэж байсан. Иймээс улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн ажилгүйдэл, ядуурлын асуудалд УИХ-д сонгогдсон 76 гишүүн нэг тойргийн сэтгэлгээгээр ажиллах учиртайг ажлын хэсгийн гишүүд дор бүрнээ хэлж байсан.
Ийнхүү эрх баригч улс төрийн хүчин “Монгол Улс нэг тойрог” гэсэн сонгуулийн хуулийн заалттай дээр буух магадлал өндөр байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд мөн л улсаараа нэг тойрог гэх хувилбарыг санал болгоод байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгч одоо байгаа 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох, УИХ-ын 108 гишүүний 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорциональ буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэж санал өгсөн. Их хурлын гишүүний тоог 108 болгох болон сонгуулийн тогтолцоотой холбоотой Ерөнхийлөгчийн уг саналыг парламентын гишүүдийн дийлэнх олонх нь буюу 60 орчим хувь нь дэмжиж байна гэсэн судалгаа гарсан.
Сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулж мэргэжлийн хуульч, судлаач эрдэмтэд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Монгол Улсын их сургуулийн багш доктор, профессор Д.Гангабаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Одоо 76 гишүүнтэй байгаа боловч 20 гишүүн хууль батлах боломжтой. Гурван сая иргэн, улс даяараа дагаж мөрдөх хуулийг 20 гишүүн гар өргөөд батлах боломжтой байгаа. УИХ-ын гишүүдэд нөлөөлж, лоббидож өөртөө, өөрсдөдөө, бизнестээ, бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргуулах ашиг сонирхолтой этгээдүүд байгаа л байх. Тэгэхээр ийм цөөн тооны гишүүд лоббид автахгүй, хувийн компанийнхаа эрх ашгийг урьтал болголгүй, гадна, дотны нөлөөнд оролгүй бүх ард түмнийг төлөөлж чадахуйц тоо гэж үзэхэд хангалтгүй санагддаг юм. УИХ ард иргэдээ бүрэн төлөөлж, гадна дотны нөлөөллөөс ангид тасралтгүй үйл ажиллагаа явуулж чадахуйц тооны гишүүнтэй байх нь Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа юм” гэж хэлсэн байна лээ.
Энэ бүгдээс харахад ирэх оны УИХ-ын ээлжит сонгууль улсаараа нэг тойрог гэсэн хууль, заалтын дагуу болох өнгөтэй байна. Сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байгаа, улс төрд өөрийгөө сойж байгаа нөхөд ерөөсөө сонинтой нөхөрлөхөөс өөр замгүй болжээ. Учир нь иргэн таныг улс орны хэмжээнд бүрэн бүтэн таниулж өгөх ганц зүйл бол сонин хэвлэл гээд хэлчихэд буруудахгүй. Ялангуяа Монголын ард түмний дунд нэр хүндээ хадгалсан, мэргэжлийн редакцитай, олон жилийн туршид уншигчдынхаа итгэлийг алдаж, урмыг нь хугалж байгаагүй нэр төртэй өдөр тутмын сонин гол тулгуур нь болно. Тэгэхээр улс орны нэр нүүр болсон нөлөө бүхий өдөр тутмын сонинд та ярилцлага өгч, нийтлэлээ гаргуулж өөрийгөө таниулах хэрэгтэй. Таны удам судар, ижий аав, ус нутаг, төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол, туулж өнгөрүүлсэн зам мөр, хийж бүтээсэн ажил, үзэл бодол, баримталдаг зарчим өөр юу байна тэр бүгд чинь өдөр тутмын сонины хуудсанд мэргэжлийн сэтгүүлч, мэргэжлийн редакцийн бэлтгэснээр Монголын мянга мянган уншигчдын хүртээл болно. Ингэж иргэн та Монголын ард түмэнд өөрийгөө таниулах боломжтой.
Улс төрийн нөхцөл байдлын үүднээс Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн зүйл заалт өөрчлөгдөхөд дагаад бүх зүйл өөрчлөгддөг. Та тухайн нутаг усандаа нэртэй, танигдсан, багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан нэгэн байж болно л доо. Сонгуулийн хуулиа дагаад тийм л байдлаар явж ирсэн хойно. Харин сонгуулийн хууль өөрчлөгдвөл иргэн таны ганц аймгийн таван сумын иргэдэд өөрийгөө таниулж, тэднийг тойглож суугаа чинь ямар ч үр нөлөөгүй болж хувирах нь мэдээж. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд, 21 аймгийн 335 суманд өөрийгөө таниулах ийм л нөхцөл байдал үүснэ. Улсаараа нэг тойрог байх сонгуулийн тогтолцоог олонд танигдсан улстөрчид, популистууд олны танил хүмүүст ашигтай гэдэг. Яг өнөөдрийн улс төрийн өнгө аясыг харахад хэрвээ яригдаад байгаа энэ тогтолцоогоор сонгууль явбал Монголын ард түмэнд өөрийгөө таниулж, ойлгуулж чадсан, боловсролтой, тухайн салбартаа нэр хүндтэй, цахим ертөнцийн баатар болж нэр нүүрээ бараагүй, эрүүл саруул ийм хүмүүс төрийн түшээгээр сонгогдох магадлал өндөр байгаа. Судлаач ажиглагчдын байр суурь ч ийм байна.
Сонгуульд өрсөлдөгчид Сонгуулийн тухай хуулийн хориглосон заалттай нүүр тулдаг. Мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдаалах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглосон. Мөн сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах, аливаа шашны зан үйл ашиглах, сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, цалин хөлс, урамшуулал олгохыг хуулиар хатуу хориглодог. Харин эл бүх хориотой жагсаалтад сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа этгээд сонин хэвлэлд ярилцлага өгөх хийгээд мэдээ материал нийлүүлж болохгүй гэсэн үг өгүүлбэр байхгүйг анхаарах хэрэгтэй. Гэхдээ улс төрийн ямар нэгэн акц үзүүлэх, хэн нэгэн хүний нэр төрд халдах, гутаан доромжлох зэрэг нь мэдээж хууль бус үйлдэл болно. “Сонгуульд өрсөлдье л гэж байгаа бол сонинтой нөхөрлө” гэж бид өмнө нь олон удаа сануулж байсан. Ирэх жилийн сонгууль “Улсаараа нэг тойрог” гэх зүйл заалтаар явах магадлалтай байгаа учир дахин дахин сануулж байгаа минь энэ л дээ. Ер нь өдөр тутмын сонинд нийтлэгдсэн материал тэр чигээрээ түүх болж, тухайн сонины хуудсыг ураад шатаачихдаггүй л юм бол хичнээн мянган жил оюуны бүтээл болон хадгалагддаг. Мэдээллийн энэ эрин зуунд, цахим ертөнц хүчээ авч буй нийгэмд сонин хэвлэлийн гол үнэ цэнэ үүнд оршдог. “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, “Asahi Shimbun”, “China Daily”, “Daily Mail” гэхчлэн олон сониныг дэлхий нийт албан ёсны эх сурвалжаа болгосоор ирсэн нь ч үүнтэй холбоотой.
Сониноос гадна зурагт, мөн цахим сайтуудаар гараад ард түмэнд амархан танигдчихна гэсэн бодол олон хүнд байгаа байх. Мэдээж танигдана, гэхдээ учир дутагдалтай. Өнөөдөр зурагтын хэдэн зуун сувгийг нэг бүрчлэн үзээд суух завтай хүн бий юу. Дээрээс нь телевизийн сувгийг ухрааж болдог болсноос хойш хүмүүс дуртай зүйлээ дараа нь нөхөөд үзчихдэг болсон. Өөрт хамааралгүй реклам, нэвтрүүлэг, шоу цэнгүүнийг үзэхээ больсон. Мөн Сонгуулийн тухай хуулинд “Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа (60 минут)-ны хоногт хорин таваас илүү хувь (15 минут) нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно. Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно” гэж заасан байгаа. Ийм мөчидхөн хугацаанд эрхэм нэр дэвшигч та сонгогч олондоо танигдах уу гэдэг бас асуудал. Цахим сайтын тухайд бол өнөөдөр үнэндээ баталгаагүй. Ихэнх сайт мэргэжлийн редакци гэж байхгүй, тухайн мэдээ мэдээлэлд үүрэг хариуцлага гэж байхгүй, юуг ч хамаагүй гаргадаг. Таван төгрөг өгвөл хэнийг юу ч гэж бичиж болдог, ийм айхавтар эрсдэлтэйг бид сайн мэднэ. Өмнөх сонгуулиудаар цахим ертөнц үнэн нүүр царайгаа ард түмэнд хангалттай харуулсан. Ялангуяа 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль юу болов. Ганц ч гэгээтэй мэдээ байхгүй, дан хар пиараар нийгмээ будсан сонгууль болсон. Өнөөдрийн үй түмэн сайт, цахим жиргээчид, нүүрээ нуусан хүмүүст хэн итгэж, тэдний мэдээллээр сонголтоо хийхэв дээ.
Сонины хуудсанд гарсан материал наад зах нь зуун жилд хадгалагддаг бол цахим сайтын мэдээлэл хэдхэн секундэд хүнд харагдаад л урсаад л өнгөрдөг. Сайтад тавигдсан мэдээ материал усны урсгал шиг тэр даруйдаа урсаад өнгөрдгийг хүн бүгд мэдэж байгаа. Мэдээллийн хэрэгслүүдийн үнэн бодит байдал ийм учир сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байгаа хүмүүс сонинтой нөхөрлөж өөрийгөө бүрэн бүтэн танилцуулахаас өөр гарцгүй гэж бардам хэлээд байгаа юм. Тэгээд ч шинэ хуулиар улсаараа нэг тойрог болчих юм бол таныг өдөр тутмын нэр хүндтэй сонин л Монголын ард түмэнд таниулна, өөр гарц байхгүй.
Б.Батболд
Эх сурвалж: Өдрийн сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих