Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Баяртай холбоотой асуудлуудыг ярих болоод байгаа юм. Энэ талаар М.Баяр ийн хэлжээ.
Сүүлийн жилүүдэд Энхбаяр дарга байсхийгээд л гэнэт гарч ирж, аймаар аймаар сенсаац дэлгэдэг боллоо. Тэрэн дотроо намайг нэрлэж байгаад элдэв долоон ял тулгана. Үүнийг нь эс тоогоод дуугүй явна гэхээр ярьсныг нь хүлээн зөвшөөрсөн болчих гээд байдаг. Тоогоод хариу барина гэхээр бид хоёрын нас, намбанд зохихгүй хэрүүл маргаан болчих гээд хэцүү.
Сүүлдээ болсныг давслах биш, болоогүйг зохиож ярьдаг, шууд гүтгэдэг болсон байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний сурталчилгааны материалыг тэвш дүүрэн машинд ачаад Цагаан давааны хог дээр намын удирдлагын заавраар шатаасан ч гэх шиг. Сонгуулийн дараа би түүнтэй уулзаад “Шоронд хийнэ шүү” гэж сүрдүүлсэн ч гэх шиг... Энэ арай дэндэнэ. Хэлэх үг олдохгүй байна. Үүнийг нь сонссон ард, иргэд юу бодох вэ. Төрийн өндөрлөгүүд гээд байсан энэ хэд чинь дээрээ иймэрхүү юм хийж, ярилцаж суудаг байх нь ээ гэнэ биз дээ. Өрөөлийг гутаах гээд өөрийгөө гутааж байгаа нь түүний хэрэг. Харин Монголын төрөө эрхбиш ингэж гутааж болохгүй.
Энхбаяр бид хоёр элий балай юм ярьж, хүүхэд нохойн доог болж явах улс биш, уг нь. Би жар хүрсэн хүн. Энхбаяр надаас ганц нэг дүү ч жар шүргэж яваа. Туулсан нас намтраа бодсон ч, зүтгэсэн нам засгаа бодсон ч тэр. Бид хоёр хоёулаа хүссэн ч, эс хүссэн ч орчин цагийн Монгол Улсынхаа түүхэнд орох, дурсагдах ажил, албан тушаал хашиж явсан. Хийдгээ хийсэн улс. Зөв, бурууг маань цаг хугацаа, хойч үе маань дүгнэхээс хойш наана нь есөн шидийн яриа дэлгээд байх нь илүүц гэж би боддог юм, уг нь.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих