Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын ихээр АНУ-д төрийн айлчлал хийж Цагаан ордонд зочлон тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзав.
Энэ үеэр Монголын голлох экспортын бараа бүтээгдэхүүний нэг болох ноолуурыг АНУ-ын зах зээлд татваргүй худалдаалах талаар яригдсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хамгийн чухал нь хоёр орон ардчилсан үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүнлэг нийгэм, хууль эрх зүйн шударга тогтолцоог бүрдүүлэх, дэлхийн энх тайвны төлөөх үйл хэрэгт гаргах хүчин чармайлт зэрэг нийтлэг үнэт зүйлс, өмнө нь хийгдсэн хамтарсан мэдэгдлүүд, хамтран ажиллах санамж бичгүүдээ үндэслэн стратегийн түншлэлээ дэлхий дахинд тунхаглав.
Энэ бол гуравдагч хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн Монгол Улсын хувьд гайхалтай түүхэн үйл явдал байх нь гарцаагүй. Ингэснээр АНУ-ын эдийн засгийн далайц, олон улс дахь нэр хүнд, дэмжлэгийн тусламжтай Монгол Улс нь хоёр хөршийнхөө эдийн засгийн хэт нөлөөллийг бууруулах ололтын эхлэл тавигдана. Нөгөө талдаа АНУ-ын хувьд БНХАУ болон ОХУ гэх өрсөлдөгч их гүрнүүдийн дунд орших Монгол Улстай стратегийн түншлэл байгуулсан нь алсдаа геополитикийн хувьд асар давуу талыг тэдэнд авчрах юм.
...Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалтын дараа барууны хэвлэлүүдийн бичсэн өнцөг. Үнэхээр ч хоёр орон стратегийн түншлэл байгуулснаар харилцан ялалт байгуулсан мэт хэнд ч харагдана.
Гэтэл учир мэдэх хүмүүсийн тайлбарлаж байгаагаар энэхүү айлчлал нь АНУ болон БНХАУ-ын хооронд үргэлжилж байгаа худалдааны дайн түүхэн дээд цэгтээ тулсан болон Ерөнхийлөгч Доналд Трамп цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс гарах тухайгаа зарласнаас болж ОХУ-тай урд урьдынхаасаа ч илүү хүйтэн харилцаатай болж эхлээд буй үед тохиолоо. Их гүрнүүдийн иймэрхүү сөргөлдөөний үед энэ айлчлал болсон нь нэгийг бодогдуулна.
Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь нь урд хөрш БНХАУ-аас хамааралтай. Тэр дундаа коксжих нүүрсний хэмжээ нэлээдгүй хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөний, мөн гадаадаас орж ирэх ам.долларын дийлэнх нь уул уурхайнх. БНХАУ нь нүүрсний импортоор дэлхийд тэргүүлдэг хамгийн том зах зээл. Мөн дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн 50 хангадаг гэдэг утгаараа коксжих нүүрсний хамгийн том худалдан авагч, тоглогч гүрэн.
Монголыг оролцуулаад цөөн хэдэн орон л энэ зах зээлд нүүрсний экспорт хийдэг. БНХАУ-ын эрх баригчид Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглээний болон коксжих нүүрс нийлүүлэгч болох Австрали улстай мэдээллийн аюулгүй байдлын асуудлаас болж улс төрийн үл ойлголцол үүсгэх болсон. Хятадын эрх баригчид энэхүү зөрчилдөөнд давуу тал олж авахын тулд хэд хэдэн шат дараатай хориг арга хэмжээг Австралийн нүүрсний экспортод тогтоож, нүүрс хүлээн авах усан боомтуудаа тодорхойгүй хугацаанд хаагаад буй. Хятад-Австралийн энэхүү харилцаа нэг талаар нүүрсний зах зээлд Монгол Улс тоглолт хийх, нүүрсний экспортоо ахиулах боломж юм. Гэвч Монголын эрх баригчид үүнд санаа тавьсангүй. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв. Харин ОХУ нь манайхаас хол илүү дэд бүтэц, хөрөнгө санхүүгийн нөөц бололцоогоо шавхан Австралийн экспортын хоосорсон орон зайг овжиноор ашиглаж байна.
Монгол Улс энэ жил БНХАУ-д 42 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Оны эхний долоон сарын байдлаар 20.4 сая тонн нүүрс экспортолжээ. Хэрвээ төсвийн орлогоо зуун хувь бүрдүүлнэ, төлөвлөснөө экспортолно гэвэл одоо бидэнд 22 сая тонн нүүрсийг энэ ондоо багтааж Хятадын зах зээлд нийлүүлэх ажил үлдэж байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний 2019 оны хэтийн байдлаас харахад ямар нэгэн улс төрийн үл ойлголцол үүсэхгүй л бол бид БНХАУ-ын нүүрсний зах зээлээс энэ ондоо 3.5 тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой. Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 2018 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 15 хувиар өсөж, орлого 25 хувиар нэмэгдсэн таатай статистик мэдээ гарч байв.
Харин Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын дараахнаас Гашуунсухайтын боомтоор өдөртөө ердөө 400-500 нүүрс ачсан машин нэвтрэх болжээ. Өмнө нь өдөртөө дунджаар 1500 гаруй машин нэвтэрдэг байв. Гурав дахин буурсан нь тохиолдлын чанартай юу. Өмнө нь Далай ламыг Улаанбаатарт хийсэн айлчлалын дараа нүүрсний тээвэр ингэж огцом буурч байв. Энэ нь урд хөршийнхний дипломат хориг байлаа. Харин Хятадын эрх баригчид тусгаар Монгол Улсын Ерөнхийлөгч худалдааны дайнтай байгаа АНУ-д айлчилсныг далай Ламын айлчлалтай адилтган үзэв үү. Тэгтлээ эмзэглэв үү. Ямартай ч энэ айлчлалын дараа Монголоос БНХАУ руу гардаг нүүрсний экспортын хэмжээ огцом буурсан нь үнэн юмдаг.
Манай улс эдийн засгийн хувьд хоёр хөршөөс, тэр дундаа Хятадаас хэт чанга уяатай. Ийм нөхцөл байдалд гуравдагч хөршийн бодлого яалт ч үгүй чухал. АНУ, Япон зэрэг өөр их гүрнүүдийн эдийн засгийн далайцаар бид тэнцвэрээ олж авах нь зүйн хэрэг. Гэвч нийт эдийн засаг, экспортын 90 гаруй хувь нь БНХАУ-аас хараат байгаа үед Монголын эрх баригчид улс төр, дипломат балансаа барих гээд эдийн засгийн балансаа алдаж байна гэж хэд хэдэн нэр хүндтэй судлаач бичжээ.
Мөн АНУ болон Монгол Улсын хамтарсан мэдэгдлийн дараагаар БНХАУ болон ОХУ гэх манай хөрш хоёр орны талаас Ази номхон далайн бүсэд Америкийн пуужингийн эсрэг байгууламж байгуулахыг зөвшөөрөхгүй гэсэн утга бүхий мэдэгдэл гаргав. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Индо-Номхон далайн бүсэд баримтлах шинэчилсэн бодлогыг танилцуулсан зэргээс шалтгаалан энэ нь цэвэр тохиолдлын шинжтэй байж болох. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалаар хоёр орон батлан хамгаалах чиглэлд цаашид улам нягт хамтран ажиллаж, Монголын хүйтэн цаг уурын нөхцөлд Америкийн цэргүүдийг бэлтгэлжүүлэх тухай яриа болсон. Үүний дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрөгч оны аравдугаар сард цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс гарах тухайгаа зарлаж, ОХУ-ын газар нутагтай ойр хэд хэдэн бүсэд пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байгуулах тухай яриа гарч, Москвагийн эрх баригчдын зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байв.
АНУ-ын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Марк Эспэр үүрэгт ажлаа хүлээн авмагцаа төрийн албан ёсны анхны айлчлалаар Ерөнхийлөгчийн араас Монголд ирлээ. Үүнийг олон улсын ажиглагчид харж ажиглаж суугаа. Түүний энэхүү айлчлал ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александар Фомины айлчлалтай нэг өдөр давхацсаныг тохиолдол байсан гэхэд бас л хэцүү.
Биднийг өөрсдөөсөө хэтэрхий хол, ахадсан том тоглоомоор тоглоод байгаа юм биш биз гэдгийг олон улсын зарим, тухайлбал “The Hill” сонины тоймд бичжээ. ШХАБ гэх байгууллагадаа биднийг зэрэг уриад байхад гишүүн болохгүй зугтсаар байгаа хэрнэ Москва, Бээжинтэй улс төрийн гүн асуудалтай болоод буй АНУ-тай хэт ойртохыг хоёр хөрш юу гэж харж байгаа бол? Тэрийг монголчууд бид мэдэхгүй. Харин мөнхийн хоёр хөршийн маань төрийн тэргүүн нар хэзээ хэзээнээс илүүтэй бие биедээ ойртон нөхөрлөж, хундага тулгах болсныг бид сайн мэдэж, хажуухнаас нь өдөр тутам харж байгаа.
О.Мөнхбат
Эх сурвалж: Itoim.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих