Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баянбүрд болсон Орхон голыг алтны компаниуд онилж байгааг манай сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ. Архангай аймгийн Цэнхэр суманд Орхон голыг тэжээдэг есөн гол байдгийн тав нь алтны компаниудын олборлолтоос бол ширгэж алга болсон. Отрын бүс нутаг болсон 1000 га газрыг алтны компаниуд сэндийчсэнээс малчид дайжиж хүн, мал амьдрах аргагүй болоод удаж байна. Тэнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 гаруй компани олборлолт явуулахдаа байгаль дэлхийн амин судлуудыг тасалж, амьтан ургамал дахин сэргээхгүйгээр сэндийчээд хаяад явдаг. Түүнчлэн алт угаасан бохир ус Орхон гол руу цутгаж, хүн мал ч шар уснаас ундаалах болсон талаар нутгийн иргэд болон холбогдох хүмүүсийн байр суурийг өмнөх дугаартаа нийтэлсэн.
Тэгвэл энэ удаад бид Засгийн газрын тэргүүн болон Архангай аймгаас сонгогдсон гишүүдэд сурвалжлагаа хаяглалаа. Байгаль орчны төлөөх иргэний хөдөлгөөнийхөн орон нутгийн удирдлагаас эхлээд төр засгийн тэргүүнүүдэд удаа дараа хандсан байна. Энэ талаар “Ариун суварга” хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж “1999 онд анх Алтандорнод, Монгол газар гэдэг хоёр компани алт ухаж эхэлснээс хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Заримдаа 40-50 компани олборлолт хийдэг. Ихэнх нь албан ёсны лицензгүй.
Алтандорнод, Монгол газар компаниуд газраа жижиг аж ахуйн нэгжүүдэд зарж татвараас зайлсхийдэг. Орон нутгаас эхлээд аймаг, сум, яам, Засгийн газарт нөхцөл байдлыг маш олон удаа танилцуулсан ч анхааралдаа аваагүй. Нэгэнт алт олборлох лиценз олгосон юм бол хууль журмын дагуу ажиллуулж, нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй.Гэтэл нөхөн сэргээлт ерөөсөө хийгдээгүй.
Алт олборлох явцад Орхон гол руу шар ус алддаг. Тухайн үед нь аргалаад өнгөрдөг. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Архангайд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Газар тариалан мал аж ахуйгаар хангалттай амьдарч чадна” гэж сайхан ярьдаг ч Засаг дарга болоод дөрвөн жил болохдоо хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Болохгүйг нь засч сайжруулсангүй. Аймгийн удирдлагууд бүгд л алт ухах сонирхолтой. Алтны компаниудын үйл ажиллагааг дэмжсэн янз бүрийн захирамж гаргадаг. Архангайгаас сонгогдсон гишүүдийг нутаг орноо хамгаалж, Орхон голоо цэвэр тунгалагаар нь авч үлдээсэй гэж хүсч байна. Энэ үүднээс албан тоот өгсөн ч тодорхой хариулт өгөөгүй өдий хүрлээ.
Уул уурхайгаас болж байгалийн үзэсгэлэн, ой мод, малын бэлчээр бүр мөсөн сүйдэж үгүй боллоо. Компаниудын олборлолтыг дуусгаж нөхөн сэргээлтийг нь хийлгээд түргэн гаргах хэрэгтэй. Уул уурхай явуулж байгаа компаниуд жил бүр менежментийн төлөвлөгөө гаргаж биологи болон техникийн нөхөн сэргээлт хийх ёстой. Үүнийгээ Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал газар тосны газарт өгдөг. Гэтэл хуулийн дагуу нөхөн сэргээлт хийсэн компани байхгүй байхад орон нутаг нь худал мэдээлэл өгдөг. Эрүүл газрыг тэлж компаниуд дуртай газраа хайгуулж хийж байна” гэсэн юм.
Бид алтны компаниудтай холбоотой асуудлаар Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад “Хяналт шалгалтыг мэргэжлийн хяналт мэднэ. Хариуцдаг хүн эзгүй байгаа” гэв. Мөн БОАЖ-ын яамнаас өнгөрсөн хавар шалгалтаар очсон хүн нь эрүүл мэндийн шалтгаантай байгаа гэсэн мэдээллийг өгөв. Харин МХЕГ-аас “Аймгийн мэргэжлийн хяналтынхан уул уурхайн компаниудыг шалгахаар Орхон баг руу явсан” гэсэн юм.
Харин өчигдөр болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гол мөрөн чинь ширгэж дууслаа. Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Таван аймгийн газар дамжиж урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа. Алтыг нь ухсан олигархууд баяжсан. Орхон, Сэлэнгэ, Ерөө, Гутайн давааг хамгаал. Ажлаа хий, чадахгүй бол албан тушаалаа өг. Монгол Улсад олгогдсон бүх тусгай зөвшөөрлийг шалгах цаг болсон. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу. Эко системийг нурааж болохгүй. Дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө. Ерөнхий сайд Орхон голыг хамгаалах талаар дуугарсан нь сайн хэрэг. Харин Тост, Тосонбумбын нурууг хамгаалсан шигээ Орхон голыг хамгаалж, Цэнхэр сумын нутгийг сүйтгэсэн алтны компаниудыг цэгцлэх ажлыг яаралтай албажуулах хэрэгтэй. Харин уул уурхайн компаниудын лицензийг цуцлахдаа нөхөн сэргээлт хийлгэж байгаль дэлхийгээ бүрэн бүтэн авч үлдэх нь хамгийн чухал юм.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих