Халх голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ахмад үеийнхээ баатарлаг хөдөлмөрч дайчин уламжлалыг залуу хойч үедээ улам ихээр таниулан тэднийгээ цэрэг эх оронч үзлээр цэнэглэх нь төрийн үүрэг төдийгүй түмний нэг болсон цэрэг миний үүрэг бас мөн.
Ахмад үе маань юуны төлөө Алтайн нуруунд Оспаны дээрэмчидтэй алалцаж алтан амиа алдаж, Халх голд харийн дайсантай тулалдаж халуун цусаа урсган Элст манханд элдэж Хянганы нуруунд хиаруулж байв. Тэд алга дарам газар шороо эх орон тусгаар Монголынхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулан байж асар их үнэ цэнээр азтай жаргалтай алттай мөнгөтэй оюутай зэстэй есөн эрдэнийн орныг халдашгүй дархан хил хязгаар тусгаар тогтнол тугтай тамгатай нь бүрэн бүтнээр нь бидэнд хүлээлгэн өгсөн юм.
1945 оны чөлөөлөх дайнд Аюуш баатар Ардын армийн байлдагчаар цэргийн алба хааж байхдаа Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар арваннэгэн удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Баатар Гэлэгбаатар Халх голын дайнд Японы самурай нарын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдаа чадамгай удирдан зохион байгуулж байлдсан ба мөн сарын 28-ны өдөр дайсны давшилтыг пулемётчин есөн нөхрийн хамт арвуулхнаа тогтоон барин эрэлхэгээр тулалдаж байгаад амь үрэгджээ.
Даваадорж баатар Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминдааны 150 дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ. Тэгшээ баатар мөн дээр өгүүлсэн зэвсэгт тулгаралтад оролцож хэдэнтээ шархдаж, сум нь дууссан үед тал талаасаа бүчин ирсэн дайсанд амьдаар олзлогдохгүй гэсэндээ гранатаа тэсэлж олон дайсныг устгангаа амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.
Лхагвадорж баатар мөн баруун хязгаарт дайсны элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг нь олон удаа илрүүлэн баривчилж байсан бөгөөд 1948 оны 6 сарын 2-нд ”Оспаны 22 баатар” гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ. Дамба баатар 1938 оноос цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил нэвтэрч ирсэн Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Гиваан баатар Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн Оспаны дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж яваад амь үрэгджээ.
Баатар Бадам хилчдэд туслах ардын сайн дурын бүлгийн гишүүнээр олон жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж гоминдааны болон Оспаны зэвсэгт дээрэмчдийн эсрэг эх орныхоо үүрэг даалгаврыг олон удаа биелүүлж яваад дайсанд баригдаж тамлуулсан ч цэрэг, улсын нууцыг чанд хадгалсаар амь үрэгдсэн юм. Бадамыг зэвсэгт дээрэмчид үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан хөнөөсөн.
Самдан баатар мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгасан байв. Жанчив баатар Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж ангийнхаа холбоо харилцааг залгуулсаар амь үрэгджээ.
Халх голын тулалдааны үеэр Экей баатар дайсны галын байршлыг тогтоох зорилгоор тэр морьт цэргүүдээ командлан дайсны их бууны сум, нисэх онгоцны бөмбөг дэлбэрэлтийн дундуур уулгалан довтолж байхдаа дэлбэрэлтэнд өртөхөд түүний баруун гар Дэмид жанжны дурсгалт сэлмээ бат атгасан хэвээр тасран унаж зөвхөн цэрэг цамцных нь ханцуйд санжигнан тогтож байжээ. Гэсэн хэдий ч Экей зүүн гараараа бөмбөгний ширмэнд хүү татуулсан шороотой хутгалдсан гэдсээ буцаагаад чихэж гар буугаа сугалж хэд хэдэн самурайг буудан хөнөөгөөд сум нь дуусангуут хажуудаа хэвтэх үхсэн самурайн жадыг суга татан довтлон ирэх дайсны цээжинд тултал зоон эцсийн дусал цусаа дуустал эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдсаар алтан амиа алджээ.
Экэйн энэхүү нүд халтирам ч баатарлаг гавьяаг давхин ирж нүдээр харсан Дандар баатар амьд сэрүүндээ тээр жилийн Халх голын ойгоор яг тэр газар дахин ирж баларшиж бүдгэрсэн нуувчны элс шороог атган торгон цэрэг Экей баатарыгаа санан дурсаж нэрээр нь дуудан цурхиртал уйлж цуг явсан хүмүүстээ Ялалт ямар их үнэ цэнээр олдсоныг л мэдэж яваарай хэмээн захиж хэлж байжээ.
Шарав баатар Ардын армийн 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх бууны тусгай салааны захирагч, дэслэгч цолтой байхдаа 1939 онд Халхын голын байлдаанд оролцож 8 дугаар сарын 3-нд дайсны их бууг тоотынх нь хамт, 11-12-нд 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудынх нь хамт, дайсны 4 их буу, 3 танк, 6 автомашин, хүнд, хөнгөн 20 орчим пулемёт, амьд хүч хэдэн арвыг устгаж, мөн амь үрэгдсэн наводчикийнхоо оронд наводчикийг хавсран гүйцэтгэж мэргэн галаар дайсны хэд хэдэн галын цэгийг тоотынх нь хамт устгаад байлдааны талбарт амь үрэгджээ.
Баатар Данзанваанчиг Ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудтай байлдан таван удаа шархадсан ч баатарлаг гавьяа байгуулжээ. Гуулин баатар 1937 оноос Ардын армид алба хааж Халхын голын дайны үед Чогдон баатар даргатай Сүмбэрийн 7 дугаар заставт пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ.
Чогдон баатар 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож гарамгай гавьяа байгуулсан.
Миний аав Жамсран овогтой Доржпалам нь Чогдон баатрын ангид Халх гол Хянганы нуруунд харийн дайсантай байлдахдаа самурайн япон винтовын сум шилэн хүзүүндээ зоолгон шархдаж, энгэртээ хэд хэдэн Ялалтын медальтай дайнаас ирж байсан энэхүү үнэмлэхийг /зураг дээр/ харах тусам миний аав таны өвөө мянга мянган монгол эрс эх орон тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн тулалдаж Асар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж яваарай Тун чиг их үнээр олдсон тусгаар тогтнолоо хамгаалж яваарай хэмээн захиж хэлсэн ахмад үеийнхээ алтан сургаалийн үнэ цэнийг монгол хүнийхээ хувьд ч, тангараг өргөсөн цэрэг хүний хувьд ч өдрөөс өдөрт улам ихээр ухаарч байна.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31905
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих