Цөлжилт гэдэг үг бидний чихэнд дуулдсаар үргэлж л "ярьсаар” байх
ёстой зүйл мэт болчихож дээ. Энэ талаар хүмүүс сайн мэдэхгүйдээ, аль
эсвэл хэт их мэддэгтээ дахин сонсох шаардлагагүй болчихоод аль эсвэл энэ
асуудлын талаар яриад ч авч хэрэгжүүлж байгаа ажил үйлс нь хомс байгаа
болоод хүмүүс үүнд ийм хайхрамжгүй хандах болов уу?
Манай улсын хувьд хөрсний эвдрэл, элсжилт, бэлчээрийн доройтол зэрэг ар араасаа гэнэт гараад ирсэн ойлголтууд мэт үзэх хүмүүс цөөнгүй бий. Гэтэл дээрх нэршил ойлголтуудын уг үндэс нь 1940- өөд оноос үүдэлтэй ажээ. Тэртээ 60, 70 оны өмнөөс аюулын дохио өгч эхэлсэн эдгээр асуудлуудыг анхаарч авч үзэлгүй, дорвитой алхам, шийдвэр гаргалгүй явсаар хориод жилийн өмнөөс эрчимтэй ярих болсон нь дээрх ы ойлголтыг ард иргэдэд өгсөн гэхэд хэлсдэхгүй биз.
Монгол улс 1974 оноос цөлжилт, газрын доройтлын эсрэг ажил хийж эхэлсэн боловч төдийлөн үр шимээ өгч чадалгүй өдийг хүрсэн аж. Манай орны уур амьсгал сүүлийн 60 жилийн хугацаанд 20 С- ээр нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Хэдий бага тоо мэт харагдаж байгаа ч далайд гарцгүй, чийгшил багатай манай орны хувьд байгалийн гамшиг элдэв үзэгдэл тохиолдоход хангалттай их тоо юм. Энэ мэтчилэн тулгамдаад байгаа асуудлын талаар тоо баримт хавсарган цухас дурдъя.
Цас хайлахад хөрс биш элс гарч ирэх вий…
Монгол орон Төв Азийн хойд хэсэгт Сибирийн ойн өмнөд төгсгөлд оршдог. Уур амьсгалын хувьд эрс тэс, хур тунадас багатай, хуурай гандуу бүс нутагт хамрагддаг. Дэлхийн дулаарал болон монгол орны уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан сүүлийн 60 жилийн хугацаанд нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50- иас илүү хувийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог болох нь судалгаагаар батлагджээ.
Монгол улсын цөлжилтийн нэгдсэн дүнг харвал нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн бөгөөд үүнээс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд, 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Эдгээрээс нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд багтах газарт Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Увс аймгийн Өмнөговь, Завхан аймгийн Сантмаргац, Говь-Алтай аймгийн Халиун, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, Төв аймгийн Баяндэлгэр, Хэнтий аймгийн Дархан, Баянхутаг, Дорнод аймгийн Матад, Чулуунхороот, Гурванзагал, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түвшинширээ, Дорноговь аймгийн Хатанбулаг, Замын Үүд, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумдын ихэнх нутаг хамрагдаж байна.
Дээрх дүнгээс харахад сүүлийн жилүүдэд монгол оронд цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нь харагдаж байна. Дэлхийн дулаарлаас үүдэж хавар орой цас ихээр орж хүйтрэх, хөрсөн дээр цочир хүйтрэл явагдах мөн намар эрт сэрүү орох зэргийг дэлхийн дулаарлаас ангид авч үзэх хүн олон байгааг энд дурдах нь зүйтэй.
Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын сөхөж ярья гэвэл зайлшгүй хөндөгдөх асуудал нь хүний буруутай үйл ажиллагаа түүний хор хөнөөлийн талаар юм. Үүнд:
Бэлчээр ашиглалтын даац хэтэрсэн
Ойн хууль бус ашиглалт
Уул уурхайн нөхөн сэргээлт шаардлагын түвшинд хийгдэхгүй байна
Хөдөө орон нутаг дахь зам харгуй ихэссэн
Говь нутгийн бэлчээрийн усжуулалт хангалтгүй
Ард иргэдийн цөлжилттэй тэмцэх ойлголт сул
зэрэг орж байна.
Хамгийн сэтгэл эмзэглэм зүйл нь иргэдийн цөлжилттэй тэмцэх ойлголт сул, түүнийг үл ойшоож байгаа явдал юм. Аливаа зүйл жижгээс том руу, багаас ихрүү шилждэгийн адилаар дан ганц төр засаг руу хамаг бурууг тохон өөрсдөөсөө асуудлыг холдуулах нь буруу юм. Харин үүнд хувь хүн бүрийн оролцоо, санал санаачилга, идэвх чармайлт юу юунаас илүү чухал гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй.
Хэрэглээг чухалчлах болсон бидний нийгэмд нүдний ил болон далдуур, санаатай эсвэл санамсаргүйгээр байгаль экологидоо учруулж буй хор хөнөөл бидний төсөөлснөөс их болсныг нуух юун. Наад зах нь хөрсний бохирдол үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг болох хог хаягдлаа хэрхэн зөв ялгаж хаях талаар зөв ойлголтгүй байна. Өөрөөр хэлбэл хогийн саваа "энгийн”, "дахивар” хэмээн ялгаад удаагүй байгаа, түүнийхээ талаар бүрэн сайн ойлгоогүй олон хүн байгаа цагт байгаль экологитойгоо зөв харьцах цаашлаад цөлжилт болон бусад асуудлуудтай тэмцэх ойлголт сул байх нь дамжиггүй мэт.
Тэгвэл Монгол Улс цөлжилттэй тэмцэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг жагсаавал:
Төрөөс экологийн талаар баримтлах бодлого
Монгол улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцид нэгдэн орсон
Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр
Ойн тухай үндэсний хөтөлбөр
Усны үндэсний хөтөлбөр
Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр
Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр зэрэг 20 гаруй хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ мэт олон хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлж байгаа хэрнээ "Яагаад?” дорвитой үр дүнд хүрэлгүй, ард иргэд нь зохих ойлголтгүй явсаар өдийг хүрсэн юм бол?
Одоо яах вэ?
Монгол улс 1996, 2003, 2012 зэрэг онуудад Засгийн газрын тогтоолоор Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны ажлын албыг байгуулан чамгүй ажлыг хийж гүйцэтгэн өдийг хүрлээ. Дэлхийн томоохон улсуудтай хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ бусдыгаа уриалан дуудаж, идэвхитэй тэмцэгч орнуудын тоонд багтан үлгэр жишээ болж яваа нь магтууштай хэрэг.
Гэвч аливаа зүйлийн үр дүн, түүнээс хүртсэн үр шим нь чухал байдгийг та бид мэднэ. Тэгвэл 1974 оноос эхтэй энэ үйл ажиллагаа өдийг хүртэлх 30-40 жилийн хугацаанд одоо байгаагаас илүү үр дүнтэй ажиллаж болох байсан гэвэл толгой дохих хүн олон гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ олон жилийн нүүрийг үзчихсэн хэрнээ цөлжилтийн хамрах хүрээ багасах нь битгий хэл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Цөлжилттэй идэвхитэй тэмцэгч бусад орнуудтай харьцуулбал манай улс муучуудын тоонд орж байгаа нь нүднээ ил байна.
Тухайлбал БНХАУ- ын авч хэрэгжүүлсэн арга, технологийн талаар энд дурдъя л даа. Хятад улс 1978 оноос эхэлж буюу манай улсаас дөрвөн жилийн дараа цөлжилтийн эсрэг тэмцэх болж мөн адил дорвитой алхам хийж сэргийлж чадалгүй явсаар дэлхий дээрх хамгийн ноцтой цөлжсөн улсуудын тоонд орох болсон байна. 2006 оны байдлаар Хятадын цөлжсөн газар нутгийн хэмжээ нийт газар нутгийн 34,6 хувьтай тэнцэж байжээ.
Тиймээс Хятадын Засгийн газар цөлжилтөөс сэргийлэх бодлогоо чангатган улмаар нийт ард иргэдээ уриалан дуудаж улс үндэстнээрээ нэгдэн тэмцэх болсон байна. Үүний дагуу 1978-2050 он хүртэлх "Ногоон хэрэм” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн явцаас харахад 1978-2000 он хүртэл 345 мянган ам км талбайг ойжуулах зорилго тавьснаас 220 мянган ам км талбайг бүрэн ойжуулж чадсан байна. Энэ нь манай улсын хувьд үлгэр дуурайлал авахуйц, урам зориг өгөхүйц үйл хэрэг болсон юм.
Цөлжилттэй идэвхитэй тэмцэгч хоёр орны харьцуулан харъя гэвэл Замын- Үүд, Эрээн хоёр боомтын төрх байдлаас илхнээ харагдах биз.
"Сайн санаачлагч байж чадахгүй бол сайн үлгэрлэн дуурайгч бай” гэсэн үг байдаг. Энэ мэт дээрх улсын жишээнээс харахад даган суралцаж улмаар үе шаттайгаар хэрэгжүүлэн цөлжилтийн аюулаас мултрах арга бидэнд хангалттай байгаа юм. Энд онцлон тэмдэглэхэд Хятад улс цөлжилтийн аюулаас ийн ангижрахад хятад хүн бүрийн идэвх оролцоо, эх орноо гэсэн сэтгэл, тууштай хичээнгүй чанар чухал байсныг хэлэх хэрэгтэй.
Тиймээс бид өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүйн тулд нэгийг бодож хоёрыг хийх хэрэгтэйг сануулъя.
Э.Болортуяа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих