Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Москва орчмын Жуковский хотод болж буй агаар-сансрын техникийн МАКС үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Түүнд багагүй саналууд, тэр дундаа нэлээд үнэтэй саналуудыг тавьжээ. Туркийн Ерөнхийлөгчид ямар санал тавьсан бол? Харин тэр өөрөө юу сонирхсон бол?
1. Су-57 ба Су-30 онгоцоор нисэх
Агаар-сансрын техникийн үзэсгэлэнд зочлох үеэрээ Эрдоган Оросын тав дахь үеийн шинэ сөнөөгч онгоц Су-57-г худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
“Энэ Су-57 сөнөөгч онгоц мөн үү? Нисэж байгаа юу?” гэж Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс асуужээ. “Нисэж байгаа” гэж Путин хариулсан байна. “Энэ онгоцыг худалдаж авч болох уу?” гэж Эрдоган асуухад “Худалдаж авч болно оо” гэж Оросын Ерөнхийлөгч хэлээд инээмсэглэжээ.
Путин дараа нь хэвлэлийн бага хурлын үеэр, Туркийн нисэгчдэд зориулж Су-30СМ сөнөөгч онгоцоор нислэг хийхэд ОХУ бэлэн байгааг мэдээлсэн байна.
ОХУ-ын шадар сайд Юрий Борисов мөн Турк улс Оросын Су-35 сөнөөгчийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлснийг мэдээлжээ.
Гэхдээ Турк Оросын байлдааны нисэх онгоцуудтай дөнгөж танилцаж байгаа тул худалдаж авах тухай ярих нь эрт байна гэж ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Дэнис Мантуров цохон тэмдэглэсэн байна.
2. Туркийн сансрын нисэгчдийг сансарт илгээх
Төрийн мэдлийн “Роскосмос” корпорацын тэргүүн Дмитрий Рогозин Туркийн сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станц руу илгээхийг Эрдоганд санал болгожээ.
“Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны ойгоор танай улсын сансрын нисэгчдийг тойрог зам руу илгээх ажлыг хамтран зохион байгуулахыг бид танд санал болгож байна. Сансрын нисэгч бэлтгэх төв энэ ажилд бэлэн байна” гэж Рогозин хэлсэн байна. Туркийн Ерөнхийлөгч саналыг тэр дороо хүлээж авсан бөгөөд “энэ ариун ажилд” нэгдэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.
3. С-400-гийн нийлүүлэлт
Турк улстай байгуулсан гэрээний дагуу Оросын зенитийн пуужингийн С-400 цогцолборын бас нэг бүрдэл хэсгийг мягмар гарагт нийлүүлснийг Путин мэдээлжээ. Уг цогцолборыг нийлүүлэх үйл явц нэг сар орчим үргэлжилнэ гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
"Алмаз-Антей" концернын ерөнхий захирал Ян Новиковын хэлснээр, Туркийн цэргүүдэд С-400-г ашиглах сургалт есдүгээр сарын 1-нд эхлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ. Эрдоганы цохон тэмдэглэснээр, С-400-гийн нийлүүлэлтийн эргэн тойронд "маш олон хов жив" гарсан боловч Туркийн эрх баригчид "тэдэнд өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй байна".
“С-400-гийн асуудалд бид санаа нэгдэж байгаа. Бид үүнийг батлан хамгаалах салбарын бусад бүх салбарт нэвтрүүлэхийг хүсэж байна. Энэ нь мөн цэргийн нисэх онгоцны хувьд ч хамаатай байж болох юм” гэж тэрбээр нэмж хэлжээ. Оросын тал хариуд нь эхний багц нийлүүлэлт дууссаны дараа С-400-г цаашид дахин нийлүүлэхийг санал болгоход бэлэн байгаагаа мэдэгдэв.
4. "Туркийн урсгалаар" хий дамжуулах
Путиний хэлснээр, “Туркийн урсгал” дамжуулах хоолойгоор Оросын хийг энэ онд багтаан дамжуулж эхэлнэ.
“Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлсний дараа хоёр дахь шугамаар Туркийн нутаг дэвсгэрээр дамжуулан Европт хий нийлүүлнэ” гэж Путин нэмж хэлсэн байна. Тэрбээр мөн "Росатом" компани Туркт атомын анхны цахилгаан станц барьж байгааг дурджээ. Уг станцын эрчим хүчний нэгдүгээр блокийг 2023 онд ашиглалтад оруулах ёстой юм.
5. Вологдагийн зайрмаг
Агаар-сансрын тенхикийн үзэсгэлэнг үзэж сонирхож байх үеэрээ Путин Туркийн Ерөнхийлөгчийг зайрмагаар дайлжээ. Эрдоган Вологдагийн ванилтай зайрмагийг сонгосон бол Путин шоколадтай, цөцгийтэй торхтой зайрмаг авсан байна.
Зайрмагийн үнэ нийлээд 210 рубль болсон байна. Путин худалдагчид 5000-тын дэвсгэрт өгчээ. “Хариултыг сайдад өгөөрэй. Түүнд нисэх хүчнийг хөгжүүлэхэд өгч буй юм” гээд Путин Худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров руу заажээ. Мантуров Путиний “өгөөмөр сэтгэлд талархаад" инээмсэглэн байна.
Д.Жаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих