3-Хоёр хил
Халх голын дайн эхэлсэн шалтгаан нь монгол малчид Манж Го-гийн хилийг зөрчиж түүнийг Манж Го-гийн цэрэг довтолсон гэгддэг. Тийм ч байж магад, учир нь хоёр “хил”тэй байсан юм чинь.
Монголчууд япончуудын түүхийн томоохон энэ үйл явдлыг мэддэггүйд дурамжхан байдаг. Монголчууд Зүүн Азийн орнуудын хүмүүсээс ялгаатай нь ууч, тайван ба өмнөх үйл явдлуудаас болж гомдоллоод байдаггүй. Тиймээс одоогийн япончуудаас “уучлал гуй”, “нөхөн төлбөр төл” гээд байдаггүй. Гэхдээ Халх голын дайныг мэддэггүйд нь япончуудыг үнэхээр гайхаж, сэтгэлээр унадаг. Хоёр шалтгаан байна. Нэг нь Японы боловсролын асуудал, Халх голын дайныг албан ёсоор дайн гэж үздэггүй, “ хэрэг явдал” гэдэг . Үүний талаар тусад нь ярина. Нөгөөх нь газрын нэр. Японд “ Номунханы хэрэг явдал” гэдэг. Тэгэхээр Номунхан гэх нэршлийн хувьд настай хүмүүс мэдэх нь мэдэх боловч, “Халх гол “ гэхээр барагтай л мэдэх хүн олдохгүй. Энэ хоёр нэршил хоёр хилтэй гүнзгий холбоотой юм.
Эхлээд Зөвлөлт-Монголын талын ойлголт нь Халх голоос зүүн тийш 20 км байх Номунханы Бүрд овоог дайрсан шугамыг хил гэж үзэж байв. Номунхан гэж энэ хавьд байсан Төвдийн шарын шашны томоохон хүн гэдэг. Монголчууд Бүрд овоо гэдэг байсныг Японууд болохоор өмнөх Номунханаар нь товчилж нэрлэж хэвшиж. Овоонууд хоорондоо холбогдож буй хэсгийг хилийн шугам гэж Зөвлөлт, Монголд үзэж байв.
Нөгөөтэйгүүр, Манж Го, Японы тал улсын хил гэдэг газарзүйн хувьд уул, голоор зааглагддаг ерөнхий зүй тогтолтой гээд Халх голыг улсын хил гэж үзнэ. Манж Го болон Монгол ингээд хоёр хилтэй болов. Халх голыг улсын хил гэж Японы тал төдийгүй, Зөвлөлт улс ч тэгж үзэж үйлдсэн газрын зураг үлдсэн байдаг. Гэхдээ Зөвлөлт улс Монголын талын байр суурийг хүлээн авч, 1934 он хавьцаагаас Бүр овоог улсын хил гэж үзэх болсон байна. 1932 онд байгуулагдсан Манж Го улс, 1934 онд улсын хилийн талаарх ойлголтоо шинэчилсэн. ЗХУ энэ хоёр хил Халх голын дайны шалтгаан болсон байна.
Дайны нэрний талаар би гайхаж бодох юм. Халх голыг улсын хил байх ёстой гэж үзэж байсан Японы тал “Номунханы хэрэг явдал” гээд, Номунханы Бүрд Овоог хилээ гэх Монголд “ Халх голын дайн “ гэж буй нь эсрэгээрээ нэрлэх байсан юм биш үү.
Дайны үр дүнг бүгд мэдэж байгаа. Зөвлөлт-Монголын холбоотны цэргүүд ялж, Манж Го, Японы цэргүүд ялагдсан. Энэ бодит байдлыг би одоогийн Япон-Монголын харилцааны өнцгөөс харвал энэ үр дүнд сэтгэл ханамжтай явдаг. 80 жилийн өмнөх явдал боловч, өнөөгийн улсын хил тогтоход тэр үр дүн нөлөөлсөн. Тухайн үеийн Японы арми ирээдүйд Хятадын нутаг болох газрыг өргөжүүлэхийн төлөө тулалдсан болж байгаа юм. Тэр үед Японы тал ялсан бол Монголын газар нутаг хоргодох байсан. Одоогийн япончууд тийм үр дүн гарсан байхыг хэн ч хүсэхгүй. Өнөөгийнх шиг Улаанбаатарт ирээд Халх гол руу найз нөхдийн хамт аялж явж ч чадахгүй байх байсан биз.
4–Хохирогч нь хэн бэ?
Халх гол руу явахын урд өдөр "Шангри Ла" зочид буудалд хүлээн авалт боллоо. Монголы Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай болон Танака багштай холбоотой монголчууд цуглав. Тэр үед Очирбат гуайн гэргий Цэвэлмаа гуайн “ Манай аав Халх голын дайнд оролцсон. Гэхдээ монголчууд дайныг хүсэхгүй байсан” гэж ярилаа. Энэ үгний тайлал Танака багшийн ном зэрэгтэй хамт үзвэл дараах байдлаар тайлбарлаж болох юм.
Түүхч С. Баатар: “20 дугаар зууны Монголын түүхэн дэх хамгийн том тулаан Халх голын тулаанд Монголын хувьсгалт цэргийн 237 албан хаагч амь үрэгдэж, 32 хүн сураггүй болсон. Гэтэл, дайн болохоос өмнөх нэг жил хагасын хугацаанд “хувьсгалын эсэргүү” гэх мэт хэрэгт энэ тооны 117 дахин их хүн татагдаж, 88 дахин олон хүн шийтгэгджээ. Онцгой комисс 50 удаа хуралдаж, 19 895 хүн цаазар авахуулсан нь өдөрт 398 хүн болж байна.”
Өөрөөр хэлбэл 4 сар үргэлжилсэн Халх голын дайнд амь үрэгдсэн цэргийн тооноос хавьгүй олон хүн тайван цагт алуулсан болж таарч байна. Яагаад ийм олон хүн амиа алдав. Дээр дурдсан “ Гурван Монгол нэгдэхийг хориглох”, “Пан Монголизмыг хорих” гэсэн гүрнүүдийн санаа нөлөөлсөн.
Манж Го улс байгуулагдахад баруун хойд хэсэгт байсан барга болон дагаарууд амьдран сууж байсан. Хөлөнбуйр нутаг нь Хөлөн нуур, Буйр нуур байх нутаг , одоогийн БНХАУ-н Өвөр Монголын нутаг юм. Баргууд гэдэг бол Орост байх Буриадуудтай гарал нэгтэй, Орос Сибирьт нөлөөгөө өргөжүүлэх явцад түүнээс зугтан урагш нүүж халхын нутагт нүүж ирсэн хүмүүс. Түүнээс хойно Манж Чин улсын үед одоогийн Хөлөнбуйрт нүүж суурьшсан. Түүхээс харахад одоогийн Монгол Улс, Өвөр Монголын Хөлөнбуйр, Сибирийн буриадууд бүгд монголчуудын нутаг ба чөлөөтэй нааш цааш ирж очиж нүүдэллэж байсан газар.
Оросын эзэнт гүрний тэлэлтээр Манж Чин улстай хил тогтоож, монголчуудын нутгийг хуваасан. 1689 оны Нэрчинскийн гэрээ, 1727 оны Хиагтын гэрээ нь ирж очих, нүүдэллэхийг бүр ч хориогүй юм. Халх, Барга гэх мэт яс угсаатны нутгийн зааг маягтай байж. Тэгэхээр ирж очих, уулзах нь харьцангуй чөлөөтэй байж.
20 дугаар зуун гарснаар БНМАУ 1921 онд байгуулагдав. Манж Го гэж улс 1932 онд бий болж, өдийг хүртэл яс үндэстэний нутгийн зааг байсан нь улсын хил болж орхилоо. Орчин үеийн улс бол хилтэй , тиймээс харилцан зорчих нь хязгаартай болжээ. Халх голын дайн эхлэхэд голын баруун эрэг БНМАУ талд халхууд, зүүн эрэг тал Манж Го-д баргууд аж төрөн сууж байв. Энэ талуудын ар талд Зөвлөлт болон Япон байсан. Зөвлөлт Японууд далдуур дайсагнаж байсан тул тулалдаад үзэхэд асуудалгүй, харин халх, барга монголчууд хоорондоо алалцах шалтгаан үгүй. Тэр үед харин ч улам ойртох, Орос, Хятадад тус тусдаа байгаа ах дүүс нэгэн дор нийлэх хүсэл нь дийлэнхид байсан. “Пан Монголизм”-н үзлээс нь Орос, Хятад, Япон аль аль нь болгоомжилж байсан нь монголчуудыг эмгэнэлд хүргэсэн.
Халх нь баргатайгаа уулзан найрсаг харилцах төдийд л Зөвлөлтийн зүгээс “ тагнуул , туршуул” хэмээгдэж байсан. Зөвхөн Зөвлөлт биш, Япон ч ялгаагүй. Тэр үед сэжиглэгдэнэ гэдэг нь шууд л хэлмэгдэнэ гэсэн үг байв. Ижил үндэстнүүд мэнд мэдэн, хөөрөг зөрүүлэн тамхилах төдийд ч сэжиглэгдлээ болов уу.
Халхын голын дайн гэнэт болсон дайн биш. Түүнээс таван жилийн өмнөөс Монгол болон Манж Го хилийн ойролцоо зөрчлүүд гарч байв. Тиймээс хилийг тодорхой болгоё гэж Манжуурт Зөвлөлт, Монгол, Манж Го, Японы талууд хэлэлцээр хийж байв. 1935 онд анхны хэлэлцээрээр хоёр тал хилийн талаар өөр өөр ойлголттой байгаагаа ярилцав. Энэ хэлэлцээр амжилттай болсон бол дайн гарахгүй ч байсан байж магад. Манжуурын анхны хэлэлцээрт Монголын талаас Г.Самбуу тэргүүтэй 7 хүн, Манж Го талаас Япон, Барга хүмүүс оролцож байжээ.
Зөвлөлт болон Японы зорилго тодорхой байсан. Хилийг тогтоож, дайн болгохгүй гэхдээ өөрт ашигтай байрлалаар хилийг тогтоох. Харин халх болон баргуудын хувьд ямар байсан болж? Зөвлөлт, Японы удирдлаганд дуртай дургүй ч дайснууд болсон байдалтай байсан. Уг нь тэр хавийн газар нутаг Зөвлөлтөд ч, Японд ч хамаагүй газар , монголчуудын нутаг юм. Тэдний хүсэл бол хил тогтоох зэрэг асуудал биш , нэгдэн нийлэх л хүсэлтэй. Орчин үеийн улс болоод хоорондоо ч ирж очиж болохгүй болсон. Хэлэлцээр нэрээр харилцан биесийн санаа бодлыг тандан мэдэх таатай боломж олдов.
Үр дүн нь юу болов? Манжуурын анхдугаар хэлэлцээнд орсон 7 хүн Японы тагнуул гэгдэн бүгд хөнөөгдөв. Г.Самбуугийн дараа хэлэлцээрт үргэлжлүүлэн оролцон хүн ч алагдсан. 1939 оны 5 дугаар сар хүртэл Зөвлөлтийн эсрэг, хувьсгалын эсэргүү, Японы тагнуул нэрээр нийт 20 474 хүн буудан алуулсан . Тухайн үеийн Монголын хүн ам 700 000 гээд бодоход ямар аймшигтай үй олноор хороосон нь ойлгогдоно. Дээр Цэвэлмаа гуайн ярьсан зүйлийн утга энэ болов уу.
Тазаки Масами
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих