Израйлийн тагнуулын алба гар утас чагнах төхөөрөмжийг Цагаан ордон болон АНУ-ын нийслэлийн бусад онцгой байгууламжуудад суурилуулан хоёр жилийн турш ажиллуулж байсныг холбогдох албаны хүмүүс баталсан байна.
Харилцаа холбооны станцыг дуурайлгасан хэлбэртэй төхөөрөмжүүдийг Дональд Трамп болон түүний ойрын хүмүүсийг тагнах зорилготойгоор Израйлийн тагнуулын алба байрлуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн тухай Politico сайтад мэдээлжээ.
Тус сайтад ярилцлага өгсөн тагнуулын гурван экс ажилтны нэгний хэлснээр Трампын хүмүүс Израйль улс тагнаж чагнасан тухай мэдээллийг аваад ямар нэг арга хэмжээ авалгүй өнгөрсөн байна.
Трампын баг энэ тал дээр Обамагийн засаг захиргааныхнаас тэс өөр хандлага гаргасанд гайхснаа тэр ярьжээ.
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху уг мэдээллийг “ор үндэсгүй худлаа” гээд “манай улс АНУ-ын нутаг дэвсгэрт ямар нэг тагнуулын ажиллагаа явуулахгүй гэсэн амлалтыг олон жилийн турш сахиж байгаа” гэж мэдэгдсэн байна. Тэрээр ирэх долоо хоногт болох сонгуулийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар Сочи хотод ирээд байгаа. Нетаньяху ирэх сонгуулиар Израйлийн орос гаралтай нэг сая орчим иргэнийхээ саналыг авахын тулд Путинтай уулзсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэр сонгуулийн зарим сурталчилгаагаа орос хэл дээр гаргаж, Тель Авив дахь намынхаа байрны гадна хананд Путинтэй гар барьж буй асар том зураг байрлуулаад байгаа юм.
Вашингтон дахь Израйлийн элчин сайд дээрх мэдээллийг няцаасан бол Цагаан ордон, АНУ-ын тагнуулын төв газар, холбооны мөрдөх товчоо энэ талаар тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: The Guardian
Р.ТӨМӨР, IKON.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих