Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн "нялх” амраг гэгдээд буй Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Ингээд Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Г.Батбаяртай ярилцлаа.
-Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн гэсэн. Яг хэзээнээс ажиллаж эхлэв?
-Би саяхнаас өмгөөлөгчөөр нь ажиллаж эхэллээ. Надаас гадна хоёр өмгөөлөгч байгаа. Хүссэн хүсээгүй "Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно" гэдэг шиг санамсаргүй тэр охины талаар ам дуугарчихсан өөрийн эрхгүй татагдаад орчихлоо. Г.Сарангэрэл охин өөрөө намайг өмгөөлөгчөөр авна хэмээн хүсэлт гаргасан. Одоогоор хэргийн материалтай танилцаад явж байна.
-Г.Сарангэрэлийн хэрэг юу болж байна вэ. Мөрдөн байцаалт дууссан уу?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Г.Сарангэрэлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн.
-Г.Сарангэрэлд яг ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн юм бэ?
-Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ зүйл анги Эрүүгийн хуулийн 17.1-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд орж байна. Хүндэвтэр гэмт хэргийн ангилал дээр яагаад хориод байгаа юм бол гэдэг дээр хүсэлтээ гаргаад явж байна. Эхний ээлжинд батлан даалтад гаргах хэрэгтэй байгаа.
-Цагдан хорих хугацааг сунгасан гэж сонссон?
-Г.Сарангэрэл хоригдоод 4-5 сар болчихсон юм байна. Гэхдээ яахав надад шүүгчийн захирамжинд гомдол гаргах хугацаа байгаа. Тодруулбал, Г.Сарангэрэл охиныг энэ сарын 2-ноос долдугаар сарын 2 хүртэл хорих хугацааг сунгасан. Тэгэхээр ямар учраас үргэлжүүлэн хорьж байгаа гэх мэт зарим зүйлтэй танилцаж байж шүүгчийн захирамжийн эсрэг гомдол гаргахаа шийднэ дээ.
-Ер нь биеийн байдал нь хэр байгаа вэ. Өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл гараад байсан. Та өөрөө уулзаж үзсэн үү?
-Биеийн байдал нь гайгүй. Гэхдээ сэтгэл санаа гутарсан байдалтай байгаа. Өөрөө энэ хэргээс болоод нийгэмд сенсаци тарьчихсан, энэ хэргээс болж намайг хоригдож байхад хүртэл өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах гээд гарч ирэхэд "Нөгөө охин байна. Х.Тэмүүжинтэй явалдахад ямар байсан" гэх мэтээр дарамталж сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Хүн болгон л буруугаар ойлгож харж байна. Би бол тэр хүнийг танихгүй, мэдэхгүй гэсэн байр суурьтай байгаа.
-Гэхдээ баригдсан шөнөө Х.Тэмүүжин сайд руу залгасан болохыг нь УМБГ-аас тогтоосон шүү дээ. Тэрэн дээрээ ямар тайлбар хийж байна?
-Өөрөө бол энэ учрыг сайн ойлгох ч үгүй, мэдэх ч үгүй байгаа. Би бол энэ хэрэгтэй сайн танилцаагүй байгаа. Гэхдээ би өмгөөлөгчийнхөө хувьд өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ "Тухайн хэрэгт ямар байдалд, гэмт хэрэг хаана, хэдийд, ямар нөхцөл байдалд болсон бэ, зохион байгуулалттайгаар хэн нэгэн этгээдийг буруутгахын тулд энэ охиныг ашигласан уу, эсвэл үнэхээр энэ охин эл гэмт хэрэгт холбогдсон уу, холбогдохдоо санамсар болгоомжгүйгээр холбогдсон уу, эсвэл удаа дараа энэ зүйлийг хэрэглэдэг байж байгаад холбогдсон уу" гэдгийг хавтаст хэрэгтэй танилцаж байж л мэднэ.
-Г.Сарангэрэл насанд яг хүрсэн байсан уу?
-Өөрөө бол 19 настай. Насанд бол хүрчихсэн.
-Гэрэл гэгч эмэгтэй Г.Сарангэрэл нарын охидод турдаг гээд хар тамхи хэрэглүүлсэн гэсэн. Энэ тал дээр?
-Яахав хажууд нь бүдүүн, тарган янз бүрийн охид цуг байсан байж болзошгүй. Тэдгээр охид нь турна, сэтгэл санаа сэргэнэ гэсэн байж магадгүй. Ер нь бол дээр үеэс гутлын цавуу үнэрлэх, олс өвс татах ийм гэмт хэргүүд байсан. Одоо л хар тамхи гэж манайд хүндээр хүлээж аваад байгаагаас. Гэхдээ ийм төрлийн гэмт хэрэг нийгэмд гарч байгаа гэмт хэргийн 0.1 хувийг эзлэх түвшнийх л байсан. Одоо ч өсөөд, нийгмийн цочроох түвшинд хүрчээгүй байгаа. Ер нь бол би одоогоор өөрийнхөө үйлчлүүлэгчийг хэрэглэсэн гэж хэлж мэдэхгүй байна. Хэрэглэсэн эсэхийг нь шүүх шийднэ. Би бол өмгөөлөгчөөр орж байгаа учир аль болох үйлчлүүлэгчдээ ашигтайгаар нөхцөл байдлыг эргүүлэхийг л хичээнэ.
-Энэ хэрэгт яг хэдэн хүн холбогдон шалгагдаж байгаа вэ?
-Хэд, хэдэн холбогдогчид байгаа. Тухайн хүмүүс энэ хэрэгт ямар, ямар байдлаар холбогдсоныг хэлэх боломжгүй. Ер нь энэ охины нэр хүнд, алдарт шүүхээр шийтгэх тогтоол гараагүй байхад халдаж болохгүй. Гэм буруутайг нь тогтоогүй байхад хэвлэл мэдээллээр нэр хүндэд нь халдаж, гэр бүлийнхнийх нь сэтгэл санаанд нөлөөлсөн энэ байдалд гомдолтой байгаа. Ер нь шүүхээр ороод буруутай ч , буруугүй ч байсан нэр хүнд, алдар хүндийн хохирлыг нэхэмжилнэ.
-Г.Сарангэрэлийг 2-3 өмгөөлөгч хулхидсан буюу өмгөөлөл үзүүлнэ гэчихээд залилж алга болсон тохиолдол гарсан гэж сонссон?
-Тиймэрхүү гомдлын шинжтэй зүйлийг ар гэрийнхэн нь ярьдаг. Намайг ч бас "Та биднийг битгий залилаад алга болчихоорой" гэдэг байдлаар хандаж байсан. Энэ бол зүй бус харьцааг үүсгэсэн өмгөөлөгч нартай л холбоотой асуудал.
http://undesten.mn/s/49018
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих