АН-ынхан засгийн эрхийг хүлээлгэж өгөөд бүтэн дөрвөн жил өнгөрсөн ч алдаатай бодлогынх нь гор дуусаагүй байна. Тэр бүү хэл, улс орныг эрсдэлд оруулж эхэлснийг хэлэх хүн олон байна. Учир нь, Монгол Улс өдгөө ФАТФ-ын "Саарал жагсаалт”-д орох бодит эрсдэлтэй нүүр тулаад байгааг Сангийн сайд тодотгож буй. Тэрбээр энэ тухайд "2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлаад 32 их наяд төгрөгийг ил болгосон. Гэтэл үүнийг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй шууд холбон авч үзээд байгаа юм” хэмээн онцолсон. Харин манай улс юуны учир ийм байдалд хүрснийг ухвал АН-ынхан засаглаж байхдаа дур мэдэн гаргасан олон бодлого, шийдвэрийнх нь хор уршиг өдгөө сүүдрээ унагасаар буй нь энэ аж. Тодруулбал, 2015 онд тухайн үеийн эрх баригч хүчний зүгээс санаачлан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, 32 их наяд төгрөгийг ил болгосон явдал нь Монгол Улсыг "Саарал жагсаалт”-д оруулах хамгийн том үндэслэл болоод байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, дапд эдийн засгийг ил болгож, татварын бааз суурийг нэмэгдүүлэх гэх гоё, сайхан тайлбартайгаар оруулж ирсэн энэ хуулийн цаана хуудуутай зүйл олон байжээ. Тэр дундаа Монгол Улсад оруулж ирж буй аливаа хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг тайлагнадаггүй байх боломжийг хуулиар олгосон нь өдгөө асуудал дагуулж байна.
Тодруулбал, энэ хуулийн 6.2-т Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнаас өгсөн аливаа зөвлөгөө, туслалцаа болон хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэх заалт оруулсан нь хууль бусаар оруулж ирсэн, эдийн засагт эргэлдэж буй хөрөнгийн эх үүсвэр нь хуулийн дагуу болон хууль бусаар орж ирсэн байж болно хэмээн хүлээн зөвшөөрснийх гэж олон улсын байгууллагууд хардахад хүргээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад янз бүрийн байдлаар орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг шалгахгүйгээр хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй ойлголт гэж үзэж байгаа аж. Түүнчлэн гэнэт үндэслэлгүйгээр баяжсан буюу хөрөнгөжсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөнд нь хаяснаас ялгаагүй. Хамгийн ноцтой нь аливаа иргэн, хуулийн этгээдийн татвараас зайлсхийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй төлөөгүй татварыг нь хүчингүй болгочихсон нь Монгол Улсыг ийнхүү эрсдэлд оруулжээ. Нэг талдаа бизнес эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийг татвараас зайлсхийж, хөрөнгө орлогоо тайлагнахгүй байж болно гээд хуулиар өршөөл үзүүлчихсэн нь олон улсын хараанд өртөхөд хүргэсэн байх юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, хууль бус олон үйлдпийг өршөөн хэлтрүүлсэн нь "Монгол Улсын Засгийн газар хууль бус мөнгө, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг хүлээн зөвшөөрчихдөг" гэсэн буруу ойлголтыг олон улсад төрүүлсэн төдийгүй санхүүгийн хоригт орох хэмжээний асуудал үүсгээд байна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улс руу хууль бус мөнгө орох, улмаар энэ төрлийн гэмт хэрэг цэцэглэн хөгжих таатай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхэд хүргэсэн байх талтай. Гагцхүү ФАТФ-аас ямар шийд гарахыг таашгүй. Муу мэдээ дуулдаж, Монгол Улс "Саарал жагсаалт”-д орвол хэрхэх вэ. Санхүүгийн хоригт багтсан улс гэх тодотголыг олон улсад зүүх бөгөөд улсынхаа хувьд дотооддоо хүнд байдалд орно. Товчхондоо, манай улсаас орсон гарсан бүх хөрөнгө мөнгө хяналтад орж, санхүү эдийн засгийн хувьд "далан булчирхайгаа тоочдог” болохоос аргагүй. Олон улсын тусламжтайгаар улс эх оронд өрнүүлж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр зэрэгт бодит эрсдэл үүсэх нь дамжиггүй.
Цаашлаад хөрөнгө оруулагчдын тоо буурах, улмаар оруулсан хөрөнгөө татахыг ч үгүйсгэхгүй. "Саарал жагсаалт”-д оруулсан тохиолдолд Монгол Улсаас гарч орох бүх хөрөнгийг гаднын аль нэг банкаар заавал дамжуулах үүрэг хүлээх бөгөөд хаанахын, ямар банкаар дамжуулах вэ гэдгийг ФАТФ-аас зааж өгдөг аж. Энэ тохиолдолд эдийн засгийн бүрэн хараат болох төдийгүй үүнээс гарах эрсдэлийг тоочиж баршгүй юм.
МОНГОЛ УЛСЫГ "СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРУУЛАХ ЭСЭХИЙГ ЭНЭ САРЫН 13-НД ШИЙДНЭ
"Саарал жагсаалт” гэдэг нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. ФАТФ нь олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага бөгөөд манай улс тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын гишүүн орон билээ. ФАТФ-ын гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн "Хар” болон "Саарал жагсаалт”-д оруулах арга хэмжээ авдаг. Эхний шат нь "саарал”, дараагийнх нь мэдээж "хар”. "Саарал жагсаалт”-д ФАТФ-ын стандартыг хангалттай биелүүлээгүй улс орныг оруулдаг бол "хар”-д огт биелүүлээгүй орныг багтаадаг байна. 2017 онд ФАТФ-аас манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж, "Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй орноор нэрлэж, эрчимтэй хяналтад оруулсан байдаг. Улмаар хууль, эрх зүйн орчноо ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчлөх даалгавар өгсөн юм. Нэг жилийн дараа буюу 2018 оны наймдугаар сарын 3-нд ФАТФ-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлгийн уулзалт Балба улсын Катманду хотод болж, манай улсыг "саарал жагсаалт”-д оруулах эсэхийг нэг жилээр сунгаж байв. Тус уулзалтад манай улсаас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын төлөөлөгчид оролцож, 2017 онд ФАТФ- аас өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлснээ тайлагнасан байдаг. Харин тэд тайланг сонссоныхоо дараа зөвлөмжийн үр дүнг харах нь зүйтэй гэж үзэн "саарал жагсаалт”-д оруулах хугацааг нэг жилээр сунгасан юм. Энэ хугацаа дуусгавар болсон бөгөөд эцсийн шийдвэр гаргах уулзалт энэ сарын 13-нд АНУ-д болно. Ийнхүү улс орныг эрсдэлд оруулах хэмжээний тогтоол, шийдвэр гаргасан АН-ынханд харин хэрхэн хариуцлага тооцох вэ. Хууль бус мөнгийг хаацайлах утга агуулга бүхий хуулийг санаачлан батлуулж, улс орноо олон улсын тавцанд эрсдэлд оруулах шийдвэр гаргагсдын толгойг илсээр байх уу. Ямартай ч эрх баригч намынхан энэ тухайд хөдөлж эхэлсэн сурагтай. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг цуцлуулах талаар санаачилга гаргасан бөгөөд өдгөө хуулийн төсөл дээр ажиллаж байгаагаа хэллээ. Түүний хэлснээр АН-ыхан засгийн эрхийг барьж байхдаа Эдийн засгийн өршөөлийн хууль гаргасныг өдгөө хууль шүүхийнхний мэдэлд очоод буй Хөгжлийн банк, "Чингис”, "Самурай" бонд зэрэг мөнгө санхүүтэй холбоотой томоохон шийдвэрүүдтэй нь холбон тайлбарлаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32342
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих