УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 10 орчим
асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн пүрэв гарагт болсон хуралдааны үеэр гишүүд
тэр дундаа сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртсөн асуудал нь Эдийн засаг,
нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт. Эдийн засгийн
нөхцөл байдлаас үүдэн биелэлт дутуу байгааг гишүүд шүүмжилж, хариуцлага
тооцох асуудлыг ч хөндөж байсан юм. Харин баасан гарагт мөн л сөрөг
хүчний шүүмжлэл үргэлжилсээр.
Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ.
Тэд энэ удаад 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлт анхаарал хандуулж, муу үгээр "булсан” юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгөөс 47.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон төрлийн ажил гүйцэтгэсэн гэдгийг хэлж байлаа.
Түүний багцад хуваарилсан мөнгийг хэрхэн зарцуулсан задаргааг танилцуулахад 1.7 тэрбумыг замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэхэд зарцуулсан байна. Мөн төрийн үйлчилгээг буюу шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох ажилд 1.9 тэрбумыг зарцуулжээ. Энэ хүрээнд хот хоорондын шуудан тээвэр, хүргэлтийн автомашин нийлүүлж, шуудангийн тээвэр хүргэлтийн GPS суурьтай хяналтын систем нэвтрүүлэх, ухаалаг шуудангийн хайрцаг худалдан авч суурилуулах зэрэг ажлыг зохион байгуулсан аж.
Түүнчлэн Ховд, Увс, Баян-Өлгий аймагт худалдаа үйлчилгээний битүү төв барих ажилд нийтдээ 9.7 тэрбумыг зарцуулсан бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.3 тэрбумыг зарцуулжээ. Хүүхэд, залуучуудын төвийг иргэд чөлөөт цагаа гэр бүлийн хамт өнгөрөөх үйлчилгээний төв болгох зорилгоор зайлшгүй тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 3.1 тэрбум, Улаанбаатар хотын Эх нярайн тусламж үйлчилгээний төвд тоног төхөөрөмж, антиграфийн аппарат худалдан авахад 2.2 тэрбумыг зарцуулсан байна.
Түүнчлэн 11 аймагт оношлогооны төв байгуулахад 23.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин Ерөнхий сайдын танилцуулагатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлт гаргажээ. Үүнд "Ерөнхий сайд өөртөө ямар ч задаргаагүй 50 тэрбум төгрөг хуваарилж болохгүйг МАН-ын бүлгээс удаа дараа сануулж, Төсвийн болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөхийг шаардсаар ирсэн ч олонхи хүч түрэн баталсан.
Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ. Үүнээс 2013 оны төсвийн жилд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 26.342.659.844 төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байх бөгөөд үлдсэн зөрүү болох 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны төсвийн жилд хэрхэн санхүүжүүлсэн нь тайлбар шаардаж байна.
Өөрөөр хэлбэл, үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй зөрчсөн” гэх дүгнэлтийг Б.Бат-Эрдэнэ гишүүн уншиж танилцуулсан юм.
Үүний дараа сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдаас асуулт асуун хариулт авлаа. Тэдний хувьд 50 тэрбумаас битүү зах барих ямар ч шаардлага байхгүйг хэлэхээс гадна замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар төлүүлэх систем маш үнэтэй гэх мэт шүүмжлэлийг хэлж байлаа. Түүнчлэн Н.Алтанхуяг сахилга баттай байхыг анхааруулсан юм.
Харин Ерөнхий сайд 1.9 жил доромжлуулж, гүтгүүлж буйгаа дуулгаж, цаашид доромжлуулж чадахгүй гэдгээ хэлж байсан юм. Ийнхүү баасан гарагийн үдээс хойшхи чуулганы хуралдаан хэрүүл, шүүмжлэл дунд өрнөсөн юм. Харин үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.
2003 онд шинээр "далай аварга” цол бий болгосон нь Монгол үндэсний бөхийн хөгжил, өрсөлдөөн өндөр төвшинд хүрч буй өнөө үед уламжлалт "даян аварга”, "дархан аварга” цолонд хүрэх боломжийг хязгаарлаж байгааг үндэслэн хууль санаачлагчид нь шинээр бий болсон "далай аварга” цолыг хасахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Засгийн газраас 100 хоногийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилд нь бодитой дэмжлэг болох хоёр хуулийн төслийг баталлаа. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан юм.
Үүнээс гадна Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох
бусад хуулийн төсөл болон Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын
тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох бусад хуулийн төслийг
хэлэлцлээ.
Э.Пагма

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих