Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь бодит ажил болж эхэлж байгаа ч “Үйлдвэр байгуулах нь ашигтай юу” "дотоодын нөөц хүрэлцэх үү" гэдэг асуудал үүнтэй зэрэгцэн байсаар байна.
Олон Засгийн газар дамжин яригдаж, 30 жилийн нүүрийг үзсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил өдгөө бодит ажил болж эхэлж, Сайншандаас 27 км төмөр зам тавьж өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад оруулсан. ТЭЗҮ нь бэлэн болсон ирэх сард албан ёсоор танилцуулна. Түүнчлэн Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар тэрбум ам.доллар дээрээ нэмж 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон. Энэ эрчээрээ үйлдвэрийн бүтээн байгуулалт урагшлах юм бол 2022 онд газрын тос боловсруулж эхэлнэ. Ингэхдээ жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Дотооддоо ийнхүү боловсруулах үйлдвэртэй болсноор литр авто бензин ойролцоогоор 900 төгрөгийн үнэтэй гарах юм. Ингэснээр цаашлаад шатахууны хараат байдал арилж, хямд шатахуун хэрэглэх, олборлосон газрын тосоо зөвхөн экспортлох биш дотооддоо ашиглана хэмээх алсын амбицтай байгаа.
Албан эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн таван жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд тэрбум орчим ам.доллар зарцуулжээ. Энэ нь нийт импортын 25-30 хувийг эзэлж байна. Тиймээс энэ эрэлт дээр үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэр манай улсад ус, агаар шиг л хэрэгтэй байгааг хэн хүнгүй мэднэ. Гэвч өнөөдрийн яригдаад, баригдах гээд байгаа тус үйлдвэр хүлээлтэд хүрч чадах уу, дотоодын нөөц хүрэлцэх үү гэдгийг ярих нь зүйн хэрэг болоод байна.
Манай улсад газрын тосны олборлолтыг урд хөршийн компаниуд хийдэг. Тэгэхээр бүтээгдэхүүн авах тухай асуудал хөндөгдөнө. Үүнийг төрийн байгууллагаас тайлбарлахдаа “Газрын тосны тухай хуулийн дагуу зохицуулна” гэдэг. Гэтэл бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийн дагуу компаниуд олборлосон бүтээгдэхүүнийхээ 20 хувийг л үнэ төлбөргүй өгөх боломжтой. Тэгэхээр үлдсэн түүхий эдээ мөн л экспортлохтой ижил худалдан авах хэрэг гарна. Мөн энэ дунд зах зээлээс шалтгаалсан үнийн өсөлт бууралт байх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар жилд хоёр сая тонноос доошгүй газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр баривал үйлдвэр нь ашигтай, бүтээгдэхүүн нь ойрын ирээдүйн хэрэгцээг хангах болно. Гэтэл манай улсад олборлож байгаа газрын тосоор ийм хүчин чадалтай үйлдвэрийн хэрэгцээг хангах баталгаа байхгүй. Одоо жилд олборлож байгаа газрын тос хэдэн оноос хоёр сая тоннд хүрч нэмэгдэж тогтворжих эсэх нь тодорхойгүй гэж байгаа. Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хөндөж "Газрын тос боловсруулах үйлдвэр саальгүй сав уу" гэдэг асуулт гарсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Газрын тос боловсруулах үйлдвэр барилаа гэхэд түүхий эдээ яах вэ. Гадаадаас түүхий нефть авах уу. Дотоодын нөөц хүрэлцэхгүй. Дотоодын нөөцдөө суурилж ажиллаж байж л ашигтай, ашиггүй гэж ярих хэрэгтэй. Тиймээс энэ үйлдвэрийг тэрбум ам.доллароор бариад ямар ашигтай вэ” гэж түүхий эд хийгээд, үйлдвэрлэл дотоодын асуудал хөндсөн. Ингэхэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ирээдүйтэй 5-6 талбай бий. Эдгээрийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д уламжилна. Монголын газрын тосыг чанар муутай гэдэг. Үнэн хэрэгтээ манайх маш сайн чанарын газрын тостой. Цаашид нөөц нь 10-20 дахин нэмэгдэх тооцоо бий. Зүүн өмнөд хэсэгт хайгуулыг эрчимжүүлнэ” гэсэн.
Эх сурвалж: eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих