Цагдаа нар цаг наргүй их ажилтай байдгийг хүмүүс мэднэ бас ойлгоно. Тэднийг хайрлаж, хүндлэх хүн ч олон. Гэвч тэд сүүлийн үед сошиал орчинд ихэд шүүмжлүүлэх болов.
Учир нь хар тамхи, мөрийтэй тоглоомын үүр уурхай болсон газрууд борооны дараах мөөг шиг олширчихоод байхад ийм төрлийн үйл ажиллагаа явуулаад байгаа газруудад нэгжлэг шалгалтаа хийхгүй байж, айлын нүүрсний амбаар шалгаж явах ч гэж дээ хэмээн тэднийг буруутгах, шүүмжлэх хүн сошиалд хэдэн мянгаараа байна.
Айлын амбаар шалгаж байгаа цагдаа нар бол үүрэг гүйцэтгэгчид. Тэдний ажил албыг дээрээс нь дарга нар зааж, чиглүүлж байгаа. Гэтэл тэдний ажлыг чиглүүлэн зааж өгөх учиртай дарга нар нь өөрсдөө тэдний эсрэг ажиллаж, түүнийгээ албан тушаалаараа хаацайлаад байна уу гэж хардах сэтгэл төрөөд байгаа юм.
Саяхан нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага нэг өдрийн дотор гурван ч мөрийтэй тоглоомын газрыг илрүүлснийг олон нийт үзсэн байх. Энэ мэтээр байрны булан тохоо, орц хонгилд энэ төрлийн үйл ажиллагааг явуулсаар байхад цагдаа нар хараагүй, сонсоогүй, мэдээгүй мэт явсаар байв гэдэг анхаарал татсан.
Өмнө нь цагдаагийн хурандаагийн мэдлийн байранд мөрийтэй цахим тоглоомын газар ажиллаж байсан нь олон нийтэд илчлэгдсэн. Тэгвэл сүүлд илэрсэн гурван мөрийтэй тоглоомын газрын нэгийг өөр нэг цагдаагийн хурандаагийн гэргий ажиллуулдаг болохыг албан бус эх сурвалж мэдээллээд байгаа. Хэрэв энэ үнэн бол цагдаагийн дарга нар өөрсдөө ийм төрлийн бизнесийг цэцэглүүлчихээд түүнийгээ албан тушаалаараа хаацайлж суугаагаад, доод албан тушаалтнууддаа айлын нүүрсний амбаар шалгуулах төдийхний ажил даалгадаг болох нь илт байгаа юм. Энэ хардлага үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу. Хүн бүрт хардах эрх бий шүү дээ.
Эх сурвалж: mminfo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих