Өнгөрөгч оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.
Өмнө нь хэргийн талаар АТГ-аас “Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзнэ үү гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн. Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн Монголбанкны таван албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгаж байгаа” гэсэн тайлбар өгч байсан. Тэгвэл Н.Золжаргалд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Н.Золжаргалыг шүүх хурал энэ сарын 25-ны өдөр шүүхээр хурлын тов гараад байгаа ба хэрэгт түүний гэр бүлийн хүнийг гэрчээр дуудах саналтай байгаа аж. Учир нь Н.Золжаргалын Австри улс руу гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байдаг. Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийг Австри улсын хуулийн байгууллагаас битүүмжлээд байгаа ба одоо болох шүүх хурлаар түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл дээрх хөрөнгийг худалдаж, орлогыг улсын хөрөнгө болгох ажээ.
Б.Гантуяа
Эх сурвалж: Zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих