Дүүгүүрдэх дархан мэхээрээ улсын начин Дандарын Гомбосүрэн орон даяар
"Дүүгүүр” хэмээн алдаршсан ясны сайн бөх билээ. Гомбосүрэн бидэн хоёр
хөдөө аж ахуйн дээд сургуульд ойролцоо ангид суралцаж төгссөн болохоор
бие биеэ сайн мэднэ.
Дүүгүүр хэмээх Дандарын Гомбосүрэн мал зүйч мэргэжил эзэмшиж төрөлх
Булган нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан. Тэрбээр Булган аймгийн
Бүрэгхангай сумын уугуул, нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, бөхийн
хорхойтнуудын хайр хүндэтгэл хүлээж явсан бөх буюу. Оюутан ахуй үедээ
хаана л заалны барилдаан болно Д. Гомбосүрэн маань хэзээний оччихсон
учраа болгоноо дүүгүүрдэж хаясаар "дүүгүүр”-ээс өөр нэргүй болох шахаж
билээ.
Түүнийг барилдах гээд дэвээд гараад ирэхэд үзэгчид "Дүүгүүр, дүүгүүр”
хэмээн хоолой нийлүүлэн хашгиралдаж, нижигнэтэл алга ташдагсан. Гооёо
маань зэгсэн аатай бөх байсан болоод тэр биз учраатайгаа өрж эхэлмэгц
үзэгчид "Дүүгүүрд, дүүгүүрд” хэмээн хашгиралдана.
Д.Гомбосүрэн барьцандаа хүрмэгц ёс шиг дүүгүүрдэж, учраагаа сэнсэртэл
эргүүлж түвэггүйхэн давдагсан. Дүүгүүрдэх мэх бол чац сайтай, бяртай
бөхийн хийдэг ховорхон сайхан мэх. Д.Гомбосүрэн "Дүүгүүр” нэрэндээ
дуртайсан. Дархан мэхээрээ алдаршина гэдэг бөх болгонд олдох хувь заяа
биш ээ.
1990-ээд оны эхээр Д. Гомбосүрэн начин бидэн хоёр Булган аймгийн Сайхан
сумын мал хаваржилт, төлийн бэлтгэл шалгах ажлаар 14 хоног хамт
ажиллаж, улам дотно танилцсан юм.
Тэр л үедээ улсын начин Д. Гомбосүрэнгийн яриаг тэмдэглэж авсанаа сийрүүлж, уншигч абугай нартаа толилуулъя.
-Та бөхийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Би 1956-1960 Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникумд суралцаж байхдаа
Сэлэнгэ нутгаас бөхийнхөө гарааг эхэлсэн юм. Тэр үед манай сургуулийн
ахлах ангид улсын начин (хожим улсын заан болсон)Ч. Дугарсүрэн суралцаж
байлаа. Барилдах дуртай бидний хэдэн хүүхэд Ч. Дугарсүрэн начинг
бараадаж үе үе болдог том, жижиг барилдаануудад очиж томчуудын аманд
гарцгаана.
Нэг хавар майн баярын барилдаанд оролцож Сэлэнгийн сайн бөхчүүдийг
давж, Дугарсүрэн начинтай үзүүр түрүүнд үлдэж, санамсаргүй түрүүлсэндээ
учиргүй баярлаж, барилдаж болох юм байна гэж баясаж байснаа мартдаггүй
юм.
Сэлэнгэ, Төв аймгийн атрын сангийн аж ахуйнууд нийлж 1960 оны хавар
тариалалтын баяраа Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутагт хийж 128 бөх
барилдахад би тав давж их шөвөгт хүрч Ш. Батсуурь аваргад өвдөг
шороодлоо. Энэ баяр дээр надад аймгийн начин цолны үнэмлэх гардуулахад
тун их баярлаж байж билээ.
Тэр зун Өвөрхангай аймгийн наадамд зодоглож үзүүрт үлдэж хэлтгий Дорж гэдэг аймгийн арсланд унаж аймгийн заан цол хүртсэн юм.
-Улсын цолтой том бөхчүүдтэй барилдаж эхэлсэн тухайгаа ярихгүй юу?
-1961 оны тав дугаар сард Хоршоолол нийгэмлэгийн биеийн тамирын танхим
ашиглалтад орж нээлтээ хийхэд түүнд зориулсан барилдаан болов оо. Тэр
барилдаанд улсын арслан У. Мижиддорж, улсын заан Ц. Дамдиндорж, улсын
начин Ө. Эрдэнэочир (арслан болоогүй байсан) улсын начин Д. Жамц нарын
тэр үед нэрд гарч байсан шилдэг хүчитнүүдийг дараалан хаяж түрүүлсэн
маань надад сайн бөх болж болох юм байна гэдэг итгэл үнэмшил төрүүлж
билээ.
Тэр жилээ улсын наадамд зодоглож улсын начин Г. Баттогтохоор дөрөв давж
тавын даваанд улсын арслан Л.Сосорбарамд өвдөг шороодсон. Би ХААДС-д
суралцаж байхдаа улсын начин цол хүртсэн юм.
Ардын хувьсгалын 40, 41, 42 жилийн ойн баяр наадмуудад гурван жил
дараалан дөрөв давж, начны даваанд Төв аймгийн уугуул бөх Л.Сосорбарам,
Ө.Эрдэнэ-Очир, Ж. Мөнхбат нарт унаж, дараа жил нь улсын начин болчихоод
авах ёстой цолоо авлаа гэж бодож байсан шүү.
-Та дүүгүүр хэмээн алдаршсан бөх. Чухам хэдий үеэс дүүгүүр нэртэй болсон юм бэ?
-Эв нь таарвал заалны барилдаануудад зарим том бөхийг дүүгүүрдэж
хаясандаа урамшиж энэ мэхээ сайн давтаж байнга дасгал сургууль хийвэл
өөрийнхөө дархан мэх болгож болмоор санагдаж, найз нөхөдтэйгээ сав л
хийвэл барилдаж, дүүгүүрдэх мэхээ хийдэг байж билээ.
1963 онд болсон Монголын үйлдвэрчний эвлэлийн спартакиадын үндэсний
бөхийн аварга шалгаруулах барилдаанд бүх учраагаа дүүгүүрдэх мэхээр хаяж
түрүүлэв ээ. Д. Дамдин аваргыг гарлаа, давлаа гэж ид гялалзаж байх үед
нь дүүгүүрдэх мэхээрээ нэг удаа хаясан юмдаг.
-Та Монголын шилдэг начингуудын нэг. Заан цол авчихаж болоогүй юм уу?
-Болоогүй л юм даа. Уг нь заан цол санаанд багтаж байсан боловч Ж.
Мөнхбат аваргын ятгалганд орж, түүнийг сүүдэр шиг дагаж, Х.Баянмөнх
аваргыг үзүүрт хүргэлгүй цуцааж унагах хуйвалдаанд нь оролцож, базаахгүй
бөхчүүдтэй нийлж явааг минь Х. Баянмөнх дотнынхоо бөхчүүдээс мэдчихсэн
юм билээ л дээ.
1967 оны улсын их баяр наадмын бэлтгэл маш сайн хийснийх биз миний бяр
мэдэгдэхүйц нэмэгдэж, би их сайн байсан болохоор энэ жил заан болно гэж
бодож байлаа. Тэр наадмын дөрвийн даваанд ид хаваа гайхуулан гарч ирж
томчуулыг айлгаж байсан Д.Долгорсүрэнг амлаж хаяаад хэн намайг амлах бол
гээд хүлээж суутал Х. Баянмөнх намайг амлаж хаясан юм.
Х. Баянмөнхөөс өөр хүн таарсан бол ч...гэж бодож байсансан. Хэрвээ би
Ж. Мөнхбатын ятгалганд орж түүнийг дагаж гүйлгүй Баянаа аваргыг түшсэн
бол заан болчих байсан гэж боддог.
-Таныг зэгсэн аатай бөх байсан гэж боддог. Та хэлсэн ч ,
хэлээгүй ч дүүгүүрдэнэ гэж аархаад учраагаа дүүгүүрдэж хаяж байсан гэдэг
байх аа?
-Нэг удаа заалны барилдаанд Л. Сосорбарам арслантай барилдахаар гарлаа.
Үзэгчдийн зарим нь наадах чинь дүүгүүрдэнэ шүү гэж Л. Сосорбарам
арсланд аминчлан захиж байгаа дуулдлаа. Би шаралхахдаа хэлсэн ч
дүүгүүрдэнэ, хэлээгүй ч дүүгүүрдэнэ гэж чанга гэгч хэлчихээд
Л.Сосорбарам арсланг дүүгүүрдэж хаяж билээ.
Ер нь хоёр Мөнхөөс бусдыг дүүгүүрдээд хаячихдаг байлаа. Залуу ч байж,
аатай ч барилддаг байлаа даа. Аанд маань бяр нэмэгддэг байсан байх аа.
Аа, бяр хоёр нийлж байж амжилтанд хүрдэг юм. Аа гэдэг нэг ёсондоо
өрсөлдөгч бөхөө хаяна гэсэн сэтгэлийн хүч зориг юм уу даа. Бөх хүнд байж
болох л зүйл.
-Та ямар бөхөөр начин цол авсан бэ?
-Дээр үед жудаг сайтай ахмад бөхчүүд сайн бөх болох ирээдүйтэй залуу
бөхийг дэмжих гэж тавын даваанд зориуд амлаж начин болгодог байснаас
биш начны найраа гэдэг ёс бус юм байгаагүй юм шүү. Би гурван жил
дараалан дөрөв давсан ч начны даваанд бүдэрсэн юм шүү дээ.
Ардын хувьсгалын 43 жилийн ойн баяр наадамд аанай л дөрөв давчихаад хэн
амладаг бол гэж хүлээж суулаа. Тэгтэл Өвөрхангайн уугуул Самданжигмэд
арслан Булганы Гомбосүрэн гурван жил дараалан дөрөв давчихлаа. Начин
болгочихвол ахиж юу магад гээд намайг амлаж авсан юм гэнэ лээ.
Ингэж би Самданжигмэд арслангаар начин болсон. Начин цолоо дөрөв
дахин баталсан болохоор Самданжигмэд арслангийн нүүрийг улайлгаагүй
байх гэж боддог.
Сан.ПҮРЭВ
Бөх судлаач, зохиолч
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих