Зуны таргүүн сар гарчихлаа. Хамгийн өргөн дэлгэр түгээмэл илэрхийллээрээ бол наадам наргианы улирал ирж байгаа нь энэ.
Удахгүй улсын баяр наадам болно. Үүний араас шил шилээ харсан том жижиг наадмууд хөвөрч эхэлнэ.
Энэ зуны тухайд Монгол Улсын олонхи сум 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нутгийн зөвлөлийнхэн гэж нуруугаа авахуулсан морьд шиг хүмүүс ойн хандив мөнгө босгох гэж амьсгаа өндөр, алхаа түргэн байцгаах шиг байна билээ. Өнгөрсөн жил. бас баахан аймаг тэгш ойгоо тэмдэглэсэн юм даг. Ой гэхээр наадам наргиан түрүүлж сэтгэлд буудаг болчихжээ. Уг нь бол үүнийг далимдуулаад аймаг орон нутгийнхаа томоохон асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлаар ойдоо бэлэг барьдаг баймаар.
Өнгөрсөн жил ойгоо ( тэмдэглэсэн аймгуудын жишээ жишгээс харвал аймаг бүр хоёроос доошгүй хөшөө цогдолборын нээлтийг баярынхаа үеэр хиисэн юм даг. Тухайлбал Дэнтий аймаг Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын цогцолбор, мөн аймгаасаа төрсөн үндэсний бөхийн аваргуудын цогцолбор хөшөөг барьж байгуулсан бол Завханчууд Жалханз хутагтынхаа цогцолбор болон Доной баяны гэрэлт хөшөөг энэ үеэр нээв. Архангайнхан Зая гэгээний "ГҮДЭН" гээд цогцолборыг нээх тууз хайчилсан. Энэ мэтчлэн баахан хөшөө дурсгалаар аймгууд 90 жилээ мялаасан юм даг. Харин тэгш ой тохиож байгаа сумынхан ийм хөшөө дурсгал босгоод байж чадахгүй ч түрүү, морь бөхөө бийлэгжүүхэн байлж, ирсэн очсон бүхний өвөрт хийх сумын ном, энгэрийн тэмдэг тэргүүтнийг зэхэж байгаа сурагтай. Наадмын маргааш намар гэж ярилцдаг байсан бол одоо наадмын маргааш наадам гэж хэлцдэг болсон байна билээ.
Уул овооны тахилга, бүсийн уралдаан, ураг садны баяр,
анги төгсөлтийн уулзалт, байрны найр гэхчлэн наргиа цэнгээ, ууж идэхийн
төрөл зүйлд шалтаг шалтгаан улам бүр нэмэгдсээр байна. Бүр үерхэж
нөхөрлөснийхээ ойг хүртэл тэмдэглэж бэсрэг наадам хийдэг болжээ.
Хэдхэн
хоногийн өмнө танил нэгнийхээ ийм наадамд очив. Төв аймгийн нэгэн сумын
багахан багийн төвд ажиллаж амьдардаг танил маань нутаг усныхаа
нэгэнтэй олон жилийн турш сайн нөхөд явж байгаа гэнэ. Тэгээд танилцаж
нөхөрлөснийх нь 30 жил тохиожээ. Хоёр найз үүнийгээ хөлтэйхэн
тэмдэглэхээр хэлэлцэж, өөрсдөөсөө төдийгүй үр хүүхдүүдээсээ мөнгө босгож
бэсрэг наадам хийв. Ихэнхдээ эль хульхан байдаг багийн төв дээр болсон
энэ наадамд харин нутаг усныхан нь хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж
ирээ юү гэлтэй хүн олонтой байлаа. Хөдөөнийхөн маань чухам наадам
наргианаар цангачихаа юу гэлтэй. Хоёр насны морь уралдуулж, хорь шахам
залуус зодоглосон энэ бэсрэг наадмын түрүүг хятад мотоциклоор байлж
байгаа харагдана билээ. Үүнээс ч санаа авсан уу, ураг барилдсаны баяраа
удахгүй тэмдэглэхээр хоёр худ хоорондоо ярилцаж байгааг тэндэх нутгийн
нэгэн ярианы далимд дуулгана билээ.
Үнэхээр баярлах шалтгаан олон болсон юм байна. Үүнийг бичигч миний хувьд гэхэд энэ зун бас ураг садны баяр, төгсөлтийн уулзалт, сумын ой, дунд сургуулийн маань ой гэхчлэн дөрвөн ч том даваа хүлээж байгаа. Гэтэл надтай барьцаж байгаа юм шиг эхнэрийн талынхны уулзалт заллагын урилга түрүүчээсээ ирдэг байна. Амралтаа аваад нэг талаас нь эхлэн шувтрах төлөвлөгөөтэй байгаа ч хандив хуримтлал, ах дүү, амраг садны гар дээр тавих бэлэг сэлт гээд асуудал их байна. Олон жил нутагтаа очоогүйг хэлэх үү, жинсэн өмд, резинэн пүүзтэй буултай ч биш дээ. Бусдын жишгийг дагаж хийц загвар сайтай дээл, хээ хуартай том мөнгөн бүс, ээтэн хоншоортой гутлаар гангармаар байдаг. Асуудал байна аа байна, тэр бүрт очих хэцүү, очихгүй байх бүр ч хэцүү. Жил бүрээр нэр төрөл нь нэмэгдэж, жингийн цуваа шиг хойно хойноосоо хөврөх энэ мэт баяр наадам барьц алдуулж мэдэхмээр байна.
Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хувь хүний асуудал. Гэхдээ л монголчууд баяр наадмынхаа тун хэмжээг арай л хэтрүүлээд байх шиг. Зун намрын хэдэн сарыг наадаж наргиж өнгөрөөнө, өвөл хаврын зургаан сарыг ичээндээ байгаа юм шиг үднэ.
Гадныханд бол хийх юмаа олж ядсан зав зайтай хүмүүс шиг л анзаарагддаг байх.
Зам
барилгаас эхлээд хадлан тэжээлээ бэлтгэх хүртэлх бидний бүх ажил цаг
нараар хэмжигдсэн улирлын хамааралтай. Гэвч үүлэн чөлөөний нар шиг энэ
ахархан хугацааг ийн наадам наргиан гэсээр дуусгадаг болжээ.
Улсын хөгжил бол ард түмнийх нь хичээнгүй нягт хөдөлмөр зүтгэлээр бий болдог капитал. Өмнөд Солонгосын хөгжлийн хүчин зүйлийг чухамдаа энэхүү хичээл зүтгэлийн үр шим хэмээн тодорхойлдог. Тэнд манайхан шиг ээлжийн амралт энэ тэр гэсэн ойлголт бараг үгүй. Өглөөнөөс орой болтол хөдөлмөрлөнө. Үүнийхээ үрээр улсаа хөгжүүлсэн, бусдын түрүүнд гаргасан гавьяатай ард түмэн. Ингэлээ гээд харин тэд цаг нартай уралдсан их ажлаасаа хойш суугаагүй хэвээр.
НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллага саяхан Нобелийн энх тайвны шагнал хүртлээ. Тэнд химийн зэвсгийн шинжээчээр ажилладаг Монгол Улсын иргэн Д.Эрдэнэцогт хэд хоногийн өмнө амралтаараа эх орондоо ирлээ. Түүний амралт ердөө л 7-8 хоног гэж байна. Бидний хамгийн сайн мэдэх өөр нэг жишээ гэвэл манай сүмочид амралтаараас эх орондоо ирлээ гээд л долоо ч хонож амжилгүй буцдаг. Энэ мэтээр монголчуудын бүтэн сараар үргэлжилдэг ээлжийн амралт гэсэн ойлголт гадаад ертөнцөд арай өөр байдаг бололтой.
"Залуу хүн завтай байна гэдэг бол эмгэнэл" гэх үг бий. Завтай байх нь зорилгогүй байгаагийн илэрхийлэл байх. Хийх юмаа олж ядахаараа сайтны сэтгэгдлээр хэн нэгнийг муулж, эсвэл хийж бүтээж амжилтад хүрч байгаа бусаддаа атаархаж, аль эсвэл ам хэлээ билүүдэж суудаг биз.
Монголын нийгэмд хөллөж бойжсон архидалтыг зав зай нь дэндэж, хийх юмаа олж ядсан сэлгүүцлийн үр дагавар хэмээн харах нь зөв байх. Завтай учраас л ингэж их баярлаж наргиж, нэр төрлийг нь нэмэгдүүлж байгаа хэрэг. Намрын адаг сар хүртэл үргэлжлэх Монголын "их" найр наадам архи дарс, хөлчүүрхэл дагуулахгүй гээд ч яах билээ.
П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих