МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ БУРИАД ТҮМНИЙ УРЛАГ, СПОРТЫН "АЛТАРГАНА-2014” НААДМЫН УДИРДАМЖ
Наадмын зорилго Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэхэд оршино.
Наадмын зохион байгуулалт
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй буриад түмний урлаг, спортын "Алтаргана-2014” наадмыг 2 үе шаттай зохион байгуулна. Эхний шатыг тухайн улс орон, муж тойрог, аймгуудад 2014 оны 05-р сарын 30-ны дотор, Наадмын нэгдсэн арга хэмжээг 2014 оны 07-р сарын 18-21-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулна.
Наадамд оролцох улс орон, муж тойрог, аймаг /цаашид "оролцогч тал” гэх/-ууд 2014 оны 06-р сарын 01-ний дотор наадмын нэгдсэн арга хэмжээнд оролцогчдын нэрийн мэдүүлэг, паспортын мэдээллийг altargana_dadal@yahoo.com цахимхаягаар ирүүлнэ.
Энэ хугацаанд материалаа ирүүлээгүй тохиолдолд Монгол Улсад нэвтрэн орох визний асуудлыг шийдвэрлэх боломжгүй.
Наадмын соёл урлаг, спортын төрөл:
Нэг."Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаан
"Буриадын нэг өдөр”-ийн арга хэмжээг хуваарийн дагуу отог тус бүрт шүүгчид очиж шалгаруулна. Оролцогч тал тус бүрээс 1 хамтлаг 15-20 минутын хөтөлбөртэй оролцоно. Хамтлаг нь 20 хүртлэх хүний бүрэлдэхүүнтэй байна.
Хамтлагууд Буриад ардын аман зохиол, язгуур урлаг, дуу хөгжим бүжиг, ахуй соёл аж байдал, ёс зан заншил, өв уламжлал, ардын баяр, тоглоом наадам, хувцас хэрэглэл гэх мэт нутаг нутгийн онцлогийг харуулсан театрчилсан хөтөлбөрийг бэлтгэн оролцоно.
Хоёр.Үлгэрч туульч, ерөөлч магтаалчдын уралдаан
Оролцогч тал тус бүрээс 1-2 хүн оролцоно. Уралдаан 2 үе шаттай явагдана.
Оролцогч нэгдүгээр шатанд үлгэр, туулийн хэсгээс /5-10 минут/, хоёрдугаар шатанд магтаал, ерөөл /3-6 минут/-ийг нутгийн уламжлалт арга хэлбэрээр аялгуулан хайлж, магтаж ерөөнө. Хөгжмийн зэмсэг, фонограм ашиглаж болно.
Гурав. Буриад ардын дуу дуулаачдын уралдаан
Оролцогч талууд тус бүрээс 4 насны ангилал тус бүр /10-аас доош насны, 11-18 насны, 19-40 насны, 40-өөс дээш нас/-т 1-2 хүн оролцоно. Уралдаан хоёр үе шаттай явагдана.
I шатанд: оролцогч нь өөр хоорондоо ялгаатай 2 дууг сонгон /1 дууг дан хоолойгоор, 1 дууг дагалдах үндэсний хөгжимтэй/ дуулна.
II шатанд: шалгарсан дуучид нь Буриадын эртний болон мартагдсан эсвэл хоолойн цар ур чадвар шаардсан дуулах уламжлалыг харуулсан аль нэг дууг дагалдах ардын хөгжимтэй дуулна.
- Уралдаанд мэргэжлийн дуучин оролцохгүй.
- Өмнөх уралдаант наадамд түрүүлсэн насны ангилалдаа дахин оролцохгүй.
- Фонограмм ашиглахыг хориглоно.
Дөрөв: Буриадын орчин үеийн дууны бүтээлийн уралдаан
Уралдааныг 2 төрлөөр зохион байгуулна.
Ш Буриадын эстрадын дууны уралдаан
- Оролцогч талуудаас тооны хязгаарлалтгүйгээр тус бүр 1-2 дуугаар оролцож уралдана.
- Дууны сэдэв төрөл,хөгжмийн жанарыг уралдаанд оролцогч дуучид, хамтлагууд өөрсдөө сонгоно.
- Дууг гоцлол ба хамтлагаар фонограмм болон дагалдах хөгжимтэй, буриад хэл дээр дуулна.
- Мэргэжлийн уран бүтээлчид болон сайн дурын уран сайханчид оролцоно.
- Дуулагдах дуунуудын үг, ая, ноот клавирыг шалгаруулалтын өмнө шүүгчдэд урьдчилан хүргүүлсэн байна.
- Уралдаанд оролцож дуулагдах бүтээл нь дуучин, хөгжим зохиогчийн, шүлгийн зохиогч, дуучны хамтын бүтээл байна. Мөн зохиогчийн бүтээл байж болно.
- Уралдаанд оролцогчдын дуулалтаас гадна орчин цагийн хөгжмийн дэвшил, техникийн шинэчлэлт, найруулгын ололттой талыг хир нэвтрүүлсэн болох, дуучдын тайзны соёл, хувцлалт, үзэгчидтэй харьцаж буй чадвар зэргийг шүүгчид голлон харж шүүнэ.
Ш Буриадын орчин үеийн нийтийн дууны уралдаан
- Оролцогч талууд тус бүрээс 1-2 дуугаар оролцоно.
- Дууны сэдэв төрөл, жанр чөлөөтэй.
- Дуулах дууны үг, ая, нот клавирыг шалгаруулалтын өмнө шүүгчдэд урьдчилан хүргэсэн байна.
- Дууг гоцлол, цөөхүүл хамтлагаар фонограмм болон дагалдах хөгжимтэй, Буриад хэл дээр дуулна.
- Дууг мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчид хэнч дуулж болно.
- Шалгаруулалт нь тухайн дууны хөгжим зохиогчийн бүтээл гэдгээр явагдах бөгөөд, шүлгийн зохиогч, дуучны хамтын бүтээл гэдгийг анхаарна.
Ш Буриадын мэргэжлийн дуучдын уралдаан
- Оролцогч талууд тус бүрээс 1-2 дуучин оролцоно.
- Дуулах дууны үг, ая, нот клавирыг шалгаруулалтын өмнө шүүгчдэд урьдчилан хүргэсэн байна.
- Дууг гоцлол, цөөхүүл хамтлагаар фонограмм болон дагалдах хөгжимтэй, Буриад хэл дээр дуулна.
- Уралдаанд мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.
Тав. Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн уралдаан
Оролцогч талуудаас оролцох хүний тоог хязгаарлахгүй Буриадын язгуур урлал, ахуй соёлын уламжлалыг илэрхийлсэн шалгарсан бүтээлүүдээр оролцоно.
Буриадын язгуур урлал, ахуй соёлын уламжлалыг илэрхийлсэн зурмал, зормол, баримал, сийлбэр, хайчилбар, цоолбор, оёмол, уран дарханы урлал, арьс үс ноос боловсруулах урлал, үндэсний загвартай бэлэг дурсгалын зүйл, Буриад хээ угалз, мөнгөөр хийгдсэн гоёл чимэглэлийн иж бүрдэлгэх мэт бүтээлүүд байна.
- Уралдаанд оролцох хүний тоог хязгаарлахгүй.
- Мэргэжлийн уран бүтээлчид оролцохгүй.
- Бүтээл тус бүр хаяг /бүтээлийн нэр, хэмжээ, материалыг, зохиогчийн нэр/-тай байна.
Зургаа. "Дангина” гоо бүсгүйн тэмцээн
Тэмцээн нэг үе шаттай явагдана. Оролцогч талууд тус бүрээс 1-2 гоо бүсгүй оролцоно. Оролцогч бүр дараах хөтөлбөрийн дагуу бэлтгэж өрсөлдөнө.
1. Төрөлх нутаг, ураг төрлөө магтсан уран сайхны бүхий л төрөл чиглэлийг оруулсан мэндчилгээ үзүүлнэ. Буриад үндэсний хувцастай байна.
2. "Дагинайн хатар” – үндэсний бүжиг бүжиглэнэ. Бүжгийн хөгжмийн фонограммыг плаш, диск дээр бичсэн байна.
3. Буриадын орчин үеийн дууг дуулна.
4. Үдшийн гоёлын хувцасны үзүүлбэр /орчин үеийн Буриад үндэсний хэв маягийг харуулсан хувцас хэрэглэл, үс засалт, гоёл чимэглэл, будалт гэх мэт/
5. Өмнөх уралдаанд түрүүлсэн гоо бүсгүй оролцохгүй
Долоо. Буриад яруу найргийн уралдаан
Оролцогч тал тус бүрээс 1-3 шүлэгч, яруу найрагч доод тал нь 2 бүтээлээр оролцоно. Оролцогч нь өөрийн бүтээлээ шалгаруулалтын өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнд өгсөн байна.
– Зохиолч өөрийн биеэр шүлэг, яруу найргийн бүтээлээ Буриадаар уншиж оролцоно.
- Зохиол нь 2012 оноос хойш зохиогдсон байх бөгөөд, өмнөх наадамд уншигдаж байгаагүй бүтээл байх ёстой.
- Шаардлага гарвал шүүгчид нэмэлт буюу тодруулах шалгаруулалт явуулж болно.
Найм. "Буриад хувцас”-ны шилмэл загвар зохион бүтээгчдийн уралдаан
Уралдааныг 2 төрлөөр зохион байгуулж шалгаруулна.
- Буриадын орчин үеийн хувцасны загвар
Талуудаас 2-3 оролцогч тус бүр 3-4 иж бүрдэл хувцасны үзүүлбэрээр оролцоно. Буриад хувцас урлах зохион бүтээх, үндэсний өвөрмөц уламжлалыг хадгалсан, гоёл чимэглэл, урлах технологийг илэрхийлсэн орчин үеийн загвар ур хийц бүхий хувцасыг үзүүлэн сурталчилна.
1. Уралдаанд оролцох хувцас нь уламжлалт арга технологоор хийгдсэн эсэх, ур хийц, утга бэлгэдэл, өнгөний хослол, уран сэтгэмж зэргийг харгалзан дүгнэнэ.
2. Уралдаанд өмнөх наадмуудад ороогүй шинэ загваруудаар оролцоно.
Ес. "Алтаргана” фото үзэсгэлэн
Оролцогч тал тус бүрээс мэргэжлийн болон мэргэжлийн бус фото сонирхогчид оролцож болно. Буриадын аж байдал, ахуйн амьдрал, газар нутгийн онцлог, соёл, урлагийн давтагдашгүй өнгө төрхийг харуулсан хар цагаан болон өнгөт зургуудаар оролцоно. Оролцогч нь компьютерийн аль нэг программ ашиглан зассан зураг оролцуулахгүй. Зургийг үзэсгэлэнд шууд байрлуулахаар 30*40, 40*60 хэмжээтэй бэлтгэж авчирна.
Арав. Баримтат кино өдөр
Оролцогч тал тус бүрээс Буриадын түүх соёл, өв уламжлалыг харуулсан баримтат 1 кино байна. Толилуулж буй бүтээлүүд нь баримтат киноны шаардлагыг хангасан, мэргэжлийн төвшин бүтээгдсэн байна.
Баримтат кино нь Буриадын өв, соёл, аж байдал, ажил амьдралыг харуулсан 2012-2014 онд бүтээгдсэн байна.
Арван нэг. Буриад бөхийн барилдаан
Барилдаанд бөхчүүд 18-19 насны залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар оролцоно.
Насны ангилал тус бүрт 2 бөх нийт 4 бөх 1 дасгалжуулагчтай байна. 18-19 насны залуучууд 1995-1996 онд төрсөн байх бөгөөд иргэний үнэмлэх, паспортыг үндэслэн бүртгэнэ. Тэмцээнд оролцогч бөхчүүд 2 хувь цээж зурагтай ирж 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагаас өмнө гарын даад бүртгүүлсэн байна.
Бөхчүүд зодог шуудаг, гутал, малгай өмсгөлтэй байна.
Засуулууд Буриад үндэсний хувцастай засна. Бичиг баримтгүй, насны ангилал таараагүй тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй.
Арван хоёр. Буриад сурын харваа
- Мож /баг/харваанд10 хүний бүрэлдэхүүнтэй баг, дасгалжуулагчийн хамт оролцоно. Туламчин нь багийн гишүүдээс байх ба дасгалжуулагч 1 хүн, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй байна,
- Буриад сурын мож харваанд оролцох багуудын харваач нь зөвхөн эрхийвчилж харвах бөгөөд түүнээс өөрөөр харвахыг зөвшөөрөхгүй,
- Багийн гишүүд 1 хүний 6 үртихийгээр /сур/ тооцож, 60 ширхэг суртай байна. Харвах 20 сур нь стандартад нийцсэн материалаар хийсэн, буриадын уламжлалт сур байх бөгөөд дүрмэнд заасан хэмжээтэй байна. Үлдсэн 40 үртихийг зөвхөн шагайгаар орлуулна,
- Багууд буриадын уламжлалт мож харвааны дүрмийн дагуу урд, хойт эхийг татаж харвах бөгөөд дүрмийн дагуу тоглож, дүнг гаргана,
– Харваанд оролцох баг тамирчид нутаг нутгийн онцлогийг илэрхийлсэн хувцас гоёлтой байна.
Арван гурав. Хурдан морины уралдаан
Монгол үндэсний хурдан морины уралдааны дүрэм журмын дагуу их нас, соёолон, даага гэсэн 3 насны морины уралдааныг зохион байгуулна.
Наадмын шалгаруулах үзүүлэлт
Үндэсний язгуур, уламжлалыг хадгалсан, шинийг илэрхийлсэн, орчин үеийн өнгө төрхийг илтгэсэн уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн байдал;
Ур чадвар, гүйцэтгэл, бүтээлийн хийц, чанар, шинэлэг байдал, ардын язгуур урлагийн мартагдаж ховордсон зүйлийг сэргээн үзүүлсэн, ардын гар урлалын уламжлалыг бүтээлчээр баяжуулсан зэрэг нь шалгаруулалтын гол үзүүлэлт байх болно.
Шүүгчид
Шүүгчид нь Буриадын өв уламжлал, ёс зан заншил, соёл урлагийн мэдлэг боловсрол өндөр, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байна. Шүүгчдийг оролцогч талуудын төлөөллийг багтаан "Алтаргана-2014” наадмын зохион байгуулах үндэсний хороо томилж ажиллуулна.
Шагнал, урамшил
Шүүгчдийн нэгдсэн дүнгийн үзүүлэлтээр уралдааны төрөл тус бүрд 1, 2, 3 дугаар байруудыг эзлүүлэн медаль, өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнана.
НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХОРОО
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих