УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх Газрын тухай хуульд малчдад
бэлчээрийн газрыг эзэмшүүлэх талаар тусгасан. Тэгвэл Өвөрмонголчууд
бэлчээрийн газраа хэрхэн шийдвэрлэсэн талаар ӨМӨЗО-ны Багшийн их
сургуулийн Газар зүйн сургуулийн багш, доктор, профессор Б.Хайшаантай
ярилцлаа.
-Өргөн барьсан Газрын тухай хуультай танилцсан байх. Хууль
санаачлагчид малчдад бэлчээрийн газрыг эзэмшүүлэх тухай ярьж байгаа л
даа. Өвөрмонголчууд бэлчээрийн газраа хэрхэн шийдэж ирсэн бол?
-1980-аад оны эхэн үед хөгжилтэй орны аргыг суралцах хөдөлгөөн улс
даяар өрнөсөн юм. Үүний дараа мал, сүргээ малчдад тэгш хувааж бэлчээрийг
нь хот саахалтаар нь нэгж болгож зааж өгсөн л дөө. Өөрөөр хэлбэл, танай
саахалт айл энэ хавиар амьдарна гэж зааж өгсөн. Ингээд 1990-ээд оны
эхэнд бэлчээрийн газрыг өрхөд өгсөн.
Ингэж явсаар 1998 онд өрх айлд га гүйцэтгэлээр бэлчээрийн газрыг
эзэмшүүлсэн. Эдгээрээс болж үндсэндээ малчдын нүүдэл хийх амьдрал
зогссон. Бэлчээрийн газрыг малчдад ингэж эзэмшүүлж, ашиглуулснаар
амьдрал нь дээшилсэн малчин өрх нэлээдгүй бий. Нөгөө талаар амьдрал нь
муудсан малчин өрх олон.
Юунаас болж амьдрал нь муудав гэхээр ам бүл нь цөөн хүн хүч хүрэлцээгүй
байж болно. Эдгээрээс гадна хамгийн гол нөлөөлсөн зүйл оногдсон газар
нутаг нь шим
тэжээл багатай байсан байгаа юм. Газар бүр харилцан адилгүй шүү дээ.
Нэг хэсэгт нь шим тэжээлтэй ногоо ургаж байхад, нөгөө хэсэгт нь юу ч
ургахгүй байх жишээтэй.
Цаад утгаар нь аваад үзвэл бэлчээрийн газрыг өрхөд эзэмшүүлсэн нь
малчдын амьдрал доошилж, нүүдлийн мал аж ахуй зогсоход хүрсэн. Энэ
бүхнээс үүдэн манай төр, засаг болон малчид бэлчээрийн талаар авч
хэрэгжүүлсэн бодлого, арга замаа дахин эргэн харахад хүрсэн л дээ.
Ер нь манай өвөг дээдэс малаа нүүдлийн мал аж ахуйгаар маллаж байхад
бэлчээр ингэж доройтож байгаагүй юм билээ. Бэлчээрийн газрыг
эзэмшүүлснээр нүүдлийн мал аж ахуй зогсч, бэлчээр доройтох болсон.
Манайх бэлчээрийн газартаа авч хэрэгжүүлсэн хамгийн том алдаа нь энэ юм.
Малчид бэлчээрээ түшиглэж амьдардаг шүү дээ. Бэлчээр муудвал мал муудна. Мал муудахаар цаана нь малчдын амьдрал дагаад муудна.
-Манайхны бэлчээрийн газрын талаар ярьж байгаа зүйлийг
Өвөрмонголчууд тэртээ арав гаруй жилийн өмнө бодитоор хэрэгжүүлсэн юм
байна шүү дээ. Эцсийн үр дүнг нь ч мэдэрч төр,засгаас бэлчээрийн газарт
баримтлах бодлогоо эргэж харах болсон байна?
-Тэгэлгүй яах вэ. Гашуун сургамж болсон манай улс бэлээхэн байна.
Өвөрмонголд очоод нүдээрээ харвал асуудалд арай өөрөөр хандах байх.
Бэлчээрийн газрыг хувьчилна гэдэг олон сөрөг талтай. Би дээр хэлсэн.
Хамгийн наанадаж малчид малгүй болсон. Цаашлаад туурайн зуд, бэлчээрийн
доройтол, цөлжилт гээд олон зүйлийг өгүүлж болно.
Монголчууд эрт үеэсээ нүүдлийн мал ахуй эрхэлж ирсэн өв соёлтой улс шүү
дээ. Үүнийгээ л хадгалж, хамгаалж үлдэх учиртай. Өвөрмонголд бэлчээрийн
нутаг доройтож байгаатай холбогдуулан эрдэмтэд өөр өөрсдийнхөө
дүгнэлтийг гаргасан. Ихэнх нь малын тоо толгой бэлчээрийн даацаас
хэтэрч, бэлчээр муудлаа гэдэгтэй санал нэгдсэн.
Би юу гэж дүгнэсэн бэ гэхээр нутгийн өрхөд бэлчээрийг хэсэглэн хувааж
өгснөөс болж нүүдлийн мал аж ахуй зогсч, туурайн зуд нүүрлэсэн. Туурайн
зуд гэдэг нь манай дээдсийн ярьдаг байсан хэллэг л дээ. Малыг газар
нутаг сэлгэхгүйгээр нэг газраа жилийн дөрвөн улиралд бэлчээрлэснээс болж
туурайн зуд нүүрлэдэг. Үүнээс болж өвсний үндэс шавхагдаж, бэлчээр
мууддаг юм.
Бэлчээрийн газрыг эзэмшүүлснээс мал муудна, өвс, ургамлын төрөл цөөрнө.
Мал үргэлж өлсгөлөн байдалтай байдаг. Цаашлаад өвсний шим тэжээл
муугаас болж малын халдварт өвчин их гарсан. Үүндээ эм тариа их
зарцуулсан. Энэ мэтээс болоод малын мах, сүүний амт муудах нь тодорхой
шүү дээ.
Ингээд сүүлийн жилүүдэд өвөрмонголчууд ямар нэгэн арга хэмжээ авахгүй
бол болохгүй нь гэдгийг ухаарсан. Нам засаг, малчид гээд хаа хаанаа
үүнийг л бодож байна. Төр, засгаас малчдыг болон бэлчээр усаа нийлүүлэх
бодлогыг барьж байна. Өнгөрсөн хугацаанд бэлчээрийн газар нутгийнхаа
талаар буруу бодлого баримталж ирснийхээ хариуцлагыг үүрч малгүй болсон
малчдыг малтай болгох ажлыг хийж байгаа.
Малчид ч бэлчээрээ яаж хурдан сэргээх вэ гэдгийг бодох болсон. Малчид
хоршиж, холбоо байгуулах нь малчдын оршин тогтнох урьтал нөхцөл гэж
манай туршлагатай малчид ярьж байна. Үүнийг нь засаг төрөөс дэмжсэн,
дэмжээгүй ч хорших замаар явна гэж байгаа.
-Хэдэн зуун жилийн түүхтэй нүүдлийн мал ахуйн соёл алдагдахаас
гадна чиний, миний гэсэн жалга довны аминчхан үзэл хамгийн аюултай юм
шиг ээ?
-Тэгэлгүй яах вэ. Өвөрмонголын өнгөрсөн сургамжаас харахад нэг хэсэг
газрыг энэ танайх гээд заагаад өгчихөөр малчид тэр газартаа уягдчихаж
байгаа юм. Мэдээж өөрийн эзэшлийн газраасаа явж чадахгүй шүү дээ. Уг нь
нүүдэлчин монголчууд нэг газарт удаан малаа маллаж, тогтож суух учиргүй.
Дөрвөн улиралтай ийм оронд нэг газартаа удаан байж бүр ч болохгүй.
Монгол Улсын баруун хойд хэсгээр хур тунадас сайн орно. Ийм газар
малчид малаа удаан хугацаагаар маллаад байж болох байх. Монголчууд хэдэн
мянган жил газар нутгаа өрхөд хувааж байсан түүх байхгүй. Ийм нэг үг
байдаг юм. "Хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ" гэж. Хаана цас, бороо
орж, өвс ногоо ургана бүгдээрээ тэнд очно гэсэн үг.
Чиний ч газар байж болно, минийх ч байж болно. Чиний, миний гэж
өмчлөлгүйгээр. Гэтэл манай улсад чиний хэлдэг жалга довны үзэл бий
болсон. Энэ жил миний газарт бороо ороод чиний газарт бороо ороогүй гэж
бодьё. Мэдээж бороо орсон өөрийн эзэмшлийн газартаа өөр мал оруулахыг
хүсэхгүй. Гэтэл дараа жил нь чиний газарт бороо ороод миний газар бороо
орсонгүй. Хариу нь ямар байх уу. Бас л адилхан. Ийм байдлаар явбал
жинхэнэ мөхөл рүүгээ явна гэсэн үг.
Өвөрмонголд хувааж өгсөн газраа торлочихсон байдаг юм. Торлохгүй бол
хүний мал орж ирнэ. Дээр үед монголчууд хэдий сайн нүүдэллэнэ төдий
чинээ өөдөлж мандаж байсан. Энд нэг зүйлийг өгүүлье л дээ. 1958 онд
Хошууны дотор ардын нэгдэл гэж гарсан байдаг юм. Ардын нэгдлийн доор
үйлдвэрлэлийн бригад гэж гарсан.
Бригад гэдэг нь танайхаар баг гэсэн үг. Бригад гарч ирээд хошуун дотроо
газар нутгаа жижиг хэсэгт хуваасан. Нэг багийн хэдэн арван өрх тэр
багийнхаа нутгаас гарч болохгүй гэсэн бодлоготой. Ингээд ирэнгүүт манай
баруун Сөнөдийн нутаг бэлчээрт цөлжилт үүссэн. Хүн амьдарч тогтоё гэвэл
нэгдүгээрт, байгалиа сайхан болгох хэрэгтэй. Байгалиа сайхан болгоно
гэдэг нь бэлчээрийн газрыг сэргээх хэрэгтэй гэсэн үг.
Жижиг, жижиг хэсгээр нь өрхөд өмчлүүлж, эзэмшүүлвэл мөхөл рүүгээ явна
гэсэн үг. Өвөрмонголын хэдэн арван жилийн зам үүнийг гэрчилнэ. Манай
дээдэс мундаг хүмүүс байсан шүү дээ. Тиймээс миний бодлоор Монгол Улс
бэлчээрийн талаар баримтлах бодлогоо өөр замаар авч хэрэгжүүлсэн нь дээр
гэж хэлэх байна.
Өвөрмонголын бэлчээрийн газраа өрхөд эзэмшүүлсний гашуун туршлагыг
давтах вий. Өвөг дээдсийнхээ нүүдлийн мал аж ахуйг орчин үетэй
хослуулбал монголчуудын тогтвортой хөгжлийн үндэс болно. Энэ замаар
явбал энэ үедээ ашигтайгаар тогтохгүй хойч үедээ үлдээх томоохон өв
болно. Манайд бэлчээрийн газрыг малчдад эзэмшүүлснээр гарсан бас нэг
аюултай зүйл нь уул уурхайн компаниуд байсан юм.
Малчид эзэмшсэн газраа уул уурхайн компанид зарах болсон. Энэ чинь бүр
муу хор уршигтай. Үүнээс болж олон малчин газар нутаггүй болсон. Энэ мэт
сөрөг үр дагавартай шүү гэдгийг монголчуудад хэлье. Бэлчээрийн газар
малчдын өмч болоод ирэхээр худалдах сөрөг дагаврыг дагуулж байгаа юм.
Мөнгөтэй хүн мөнгө гаргаж ирээд газрыг чинь авья гэхэд худалдах нэгэн
байхад худалдахгүй нь ч байна. Цаашдаа хэдэн мянган жилийн түүхтэй
нүүдэлчин мал аж ахуй сөнөх аюултай. Тиймээс малчдад газрыг өмчлүүлж,
эзэмшүүлж болохгүй. Өвөрмонгол үүний бэлээхэн сургамж болсон орон юм шүү
дээ.
-Монголын бэлчээрийн газарт тулгамдаж байгаа бэрхшээлийг та юу гэж харж байна вэ?
-Монголд би өмнө нь хоёр удаа ирэхдээ 14 аймгаар явж малчидтай уулзаж,
судалгаа хийсэн. Монголын малчид нүүдэллэдэг. Гэхдээ хол биш ойр
нүүдэллэдэг. Тэрүүхэн хавьдаа усаа тойроод байдаг юм. Бас ганц айл хол
нүүж чадахгүй шүү дээ. Жилийн дөрвөн улиралд нүүдэг тэр нүүдлыг
саахалтаараа хийх ёстой. Нүүдэл хийх нь бэлчээрийг сэргээх хамгийн
гаргууд сайн арга.
Зуслангаасаа нүүгээд өвөлжөө, намаржаа, хаваржаа гээд гурван улирал
дамнахаар зуслангийнхаа бэлчээрийг амрааж байгаа биз дээ. Малын улирал,
улиралд идэх өвс нь ч адилгүй. Ингэж байж л бэлчээрийн газар сэргэж, мал
тарга тэвээрэг авдаг. Түүнээс биш нэг газраа байх нь сайн зүйл биш.
Байгаль дэлхий хэврэг.
Зуны гурван сард л өвс, ногоо сайн ургадаг. Энэ хооронд нэг газраа
удаан байж болохгүй гэсэн үг Монголд сүүлийн үед цөлжилт эрчимтэй
явагдаж байгаа. Миний харснаар малчид нэг газраа удаан байхаар цөлжилт
болж байгаа юм. Тиймээс Монгол Улс бэлчээрийн газраа малчдад эзэмшүүлж,
өмчлүүлэх тухай ярих биш харин ч сэргээх тухай ярих нь зүйтэй болов уу
гэж бодож байна.
Одоо ярьж байгаа энэ асуудлын гашуун түүхийг өвөрмонголчууд амсаад
хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Бэлчээрийн газрын талаар төр, засгаас
буруу бодлого авч явуулж байжээ гэдгээ одоо эргэж харж байна шүү дээ.
Тиймээс бэлчээрийн газрыг өрхөд хувааж өгснөөр ямар үр дагавартай вэ
гэдгийг Өвөрмонголд очоод нүдээрээ харахыг зөвлөж байна. Магадгүй
нүдээрээ харвал дэмий зүйл байна гэдгийг ойлгох байх.
Малч ухаантай ахмад буурай нарыг амьд сэрүүн байгаа дээр нь нүүдлийн
мал аж ахуйгаа сэргээх талаар бодохгүй бол залуу малчид мэдлэг
туршлагагүй. Нүүдлийн мал ахуй гэдэг чухал. Монгол шиг ийм хатуу цаг
агаартай улсад хэсэг газрыг эзэмшээд нэг газраа удаан байх нь мал,
малчин гээд аль алинд нь хор уршигтай. Бэлчээрийн газрыг эзэмшүүлнэ
гэдэг ийм л хор уршигтай.
С.Дуламсүрэн
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих