Хятадын нөлөө бүхий дипломатч болох БНХАУ-аас Энэтхэгт суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сун Вейдонг энэ сарын 8-нд Энэтхэгийн “Hindustan Times” сонинд “Төвд бол хэзээнээс Хятадын нэг хэсэг байсаар ирсэн бөгөөд тэд өнөө хэрнэ Бээжингийн удирдлага дор шашны эрх чөлөөгөө эдлэн аз жаргалтай амьдарч байна” гэх агуулга бүхий нийтлэлийг хэвлүүлсэн нь ихээхэн маргаан дагуулаад байна. Судлаачид энэ асуудалд “Элчин сайд Сун Вейдонг уг нийтлэлдээ түүхэн баримт, үндэслэлүүдийг илтэд гуйвуулан, хуурамч нотлогоог ихээр ашигласан” гэсэн шүүмжлэлийг ирүүлжээ. Тиймээс Энэтхэгийн Дарамсала дахь Гадаад Төвдийн Засгийн газраас энэхүү нийтлэлтэй холбоотой албан ёсны залруулга гаргажээ. Энэхүү залруулгад монголчуудын тухай дурдсан учраас тоймлон хүргэж байна.
Гадаад Төвдийн Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Цэвээнданзан Арья:
Элчин сайд Сун Вейдонг маргаан дагуулсан нийтлэлдээ Төвд нь эртнээс Хятадын нэг хэсэг байсаар ирсэн гэх эргэлзээтэй олон түүхэн үндэслэлүүдийг дэлгэн тавьжээ. Тэрээр үүнийг батлах түүхэн эх сурвалжуудаас эш авахдаа Гималайн нуруун дахь Төвд үндэстэн нь XIII зуунд Юуан гүрэн, XVI зуунд Чин гүрэн, XX зуунд Манж гүрний захиргаанд орж байсан талаар дурджээ.
Гэвч үнэндээ Юань гүрэн нь Хятад бус Их Монгол Улсын эзэнт гүрний үргэлжлэл байсан. Өөрөөр хэлбэл Юань гүрнийг үндэслэгч Хубилай хаан нь Хятадыг бүхэлд нь эрхшээж, эзэлж явсан түүхтэй. Тиймээс өнөөгийн Хятадын эрх баригчид Монголчууд XIII зуунд Төвдийг байлдан дагуулсан түүхэн баримтаар “Төвд бол эртнээс Хятадын нэг хэсэг байсан” гэх үндэслэлийг гаргаж тавин, нэхэмжлэх боломжгүй юм. Хэрэв энэ үндэслэлийг эш болговол Хятадаас илүүтэй Монголчуудад Төвдийг өөрсдийн нэг хэсэг гэж үзэх түүхэн үндэслэл, шалтгаан бий. Мөн Элчин сайд Сун Вейдонгийн дурдсанчлан XVI зууны Чин гүрэн, XX зууны Манж гүрэн нь хоёул Хятад бус тэднийг захирч явсан эзэнт гүрэн билээ.
Үүнийг нотлох шашны эх сурвалжуудыг сөхвөл буддизм нь анх Төвдөөр дамжин Хятадад дэлгэрсэн түүхтэй. Харин Төвдийн буддизмын эх сурвалж Энэтхэгээс эхтэй. Тухайлбал Энэтхэгийн хуврагууд анх Төвдөд ирж бурхны шашныг дэлгэрүүлснээр олон зуун жил тус хоёр улс нь харилцан буддизмыг нэгэндээ зааж сургасаар ирсэн байдаг. Энэ хугацаанд Төвдийн бурхны шавь нар Хятадад буддизмыг дэлгэрүүлсэн олон баримтууд түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлджээ. Харин Хятадын нэг ч хувраг Төвдөд сууж бурхны шашныг дэлгэрүүлж байсан гэх эх сурвалж үгүй билээ.
Үүний сацуу Элчин сайд Сун Вейдонг Бээжингийн удирдлага дахь Төвдөд шашны эрх чөлөө хангалттай бий гэжээ. Гэвч эсрэгээрээ бодит байдал дээр шашны эрх чөлөө бүрэн хангагдаагүй бөгөөд Төвдийн улс төр, шашны нөлөө бүхий зүтгэлтнүүд байнгын хэлмэгдэл, хавчлагад байдаг болохыг нотлох олон баримт бий.
О.Мөнхбат
Эх сурвалж: Radio Free Asia
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих