“Эрдэнэт”-ийн оффшорын хэргээр баривчлагдсан тус үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн “Хар” Б.Отгонбаатар нарыг цагдан хорих 30 хоногийн хугацаа дуусч байна.
Ер нь сар шахмын өмнө болсон энэ баривчилгаанаас өмнө “Азаргын гол чонот” ХХК-ийг элдэв шалдав яриа хөөрөө их л гардаг байв. Тухайлбал, “…Булганы Тэшигт Азарган голыг хэдэн км ухаж алт олборлоод нөхөн сэргээлтийг огт хийгээгүй “Азарган гол чонот” ХХК-ийн Баасанжавын Отгонбаатар бол цагдаа, прокурор, АТГ, шүүхийг тэр чигээр нь атгаж байгаа. Ц.Элбэгдоржийн үед бүх томилгоог энэ нөхөр хийдэг байсан гэж ойлгож болно. Эрдэнэтийн захирлууд байсан Даваацэрэн, Даваасамбуу нарыг шууд удирдаж 2016 оны сонгуулиар маш их шахаа “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн. Манай ТББ анх 2017 оны наймдугаар сард Булганы иргэдийн мэдээллийн дагуу Тэшигт хилийн бүсэд очиж “Азарган гол чонот” ХХК-ийн Б.Отгонбаатар яаж ухаж сэндийлгээд гольдролыг сольж намаг болгосоныг нотлоод дүрс бичлэг, гомдлыг АТГ, ЦЕГ-т гаргаж өгөөд шалгалтыг эхлүүлж чадсан. Булганы Цагдаагийн газрын мөрдөн байцаагч нар газар дээр нь манай мэдээллийг нотлоод ирсэн. Тэгээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар тэр Б.Отгонбаатарыг байцаасан тайлбар нь “…Хилийн бүсэд хайгуул хийж олборлоод эхлүүлэх гэсэн чинь төр дархан цаазтай газар болгох шийдвэрлэсэн учраас төрөөс нөхөн төлбөр нэхнэ” гэсэн байгаа юм. Тэшигийн иргэдийн мэдээлээр “Азарган гол чонот” ХХК нь өдөрт 100-600 гр алт олборлоод хэдэн жил болсон байхад цагдаагийнхан энэ мэдээлийг нотлож чадаагүйгаас прокурор хэргийг нь хаажээ. Тэгэхээр цагдаа, прокурор, АТГ, шүүхийг өөрчлөхгүй бол энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэхгүй” гэж “Хууль бусаар олборлосон алтыг Монгол Улсад буцаах” ТББ-ынхан мэдээлсэн.
Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий энэхүү “Азаргын гол чонот” ХХК-ийг Б.Отгонбаатар 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд үүсгэн байгуулсан. Улмаар арван жилийн дараа буюу 2016 оны аравдугаар сарын 26-нд Довжидын Түвшинжаргалын нэр дээр 100 хувь шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа шилжсэнээс хойш Д.Түвшинжаргал нь “Азаргын гол чонот” ХХКийн захирлын албан тушаалыг хашиж буй юм.
Эндээс бас сонирхолтой “олс” хөвөрнө. Д.Түвшинжаргалын 100 хувь эзэмшилд “Альтаиргоулд” ХХК байдаг. 2008 оны аравдугаар сарын 30-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нарынх нь дунд ОХУ-ын иргэн Волохин Вечяслав гэж бий. Бас нэг сонирхолтой хүн гарч ирдэг нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, цагдаагийн хурандаа Цамбасүрэнгийн Батсүх юм. Тэрээр 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс “Альтаиргоулд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна. Түүх сөхөхөд, таван жилийн өмнө Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас агцруулахын төлөө тухайн үеийн Зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, ЭЦГ-ын дарга нар хуйвалдсан гэх яриа бичлэг цахим сүлжээнд тарж байсан юм.
Б.Отгонбаатараас “Азаргын гол чонот” ХХК-ийг шилжүүлэн авсан Д.Түвшинжаргалын 100 хувийн эзэмшилд байдаг бас нэг компани нь “Бүтээл” ХХК юм. Энэ компанийг 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд гадаад, дотоод худалдаа зуучлал, Металл хийцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр байгуулжээ. “Бүтээл” ХХК-ийг УУХҮЯ-ны Хүнд үйлддвэрийн бодлогын газрын даргаар 2015-2016 онд ажиллаж байсан Бандийн Баатарсүх, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Гомбожавын Баярцогт, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Дагвадоржийн Сандуйрагчаа нар юм.
Энэхүү “Бүтээл” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй машид ойр ажилладаг. “Эрдэнэт үйлдвэр”ийн Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд ашиглагддаг хаягдал зайлуулагч 1200 мм-ийн диаметртэй төмөр хоолойн доторлоог ОХУ, Чехэд үйлдвэрлэсэн базальтан хавтанг ашиглаж хийх технологийг судалж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ЭҮХХХК/201804159 Булинга хоолой Ф-1200 №2-ын их засвар буюу уг хоолойн 450 метрийг базальтаар доторлох ажлын 2.500.000.000 төгрөгийн тендерт 2.498.760.000 төгрөгөөр шалгарсан байдаг.
Б.Отгонбаатар 2006 онд байгуулсан “Азаргын гол чонот” компаниа арван жилийн дараа Д.Түвшинжаргалд шилжүүлсэн. Энэ компани Д.Түшинжаргалд очоод гурван жил болж байна. Ингэлээ гээд “Хар” Б.Отгонбаатар “Азаргын гол чонот” ХХК-иасаа салчихсан хэрэг биш ажээ. Тэд хамтарч ажилласаар л байгаа гэхэд болно. Өнгөрсөн 2018 онд л гэхэд “Хар” Б.Отгонбаатараас Д.Түвшинжаргалын эхнэрт 4656 УНК улсын дугаартай PORSCHE CAYENNE автомашин өгч байжээ.
Эрэн сурвалжлах алба
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих