Дэлхийн томоохон технологийн компани Google-ийг үүсгэн байгуулсан эрхмүүд болох Ларри Пэйж, Сергей Брин нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа өчигдөр зарлажээ. Ларри Пэйж нь Google-ийн толгой компани Alphabet-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан бол Сергей Брин ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.
Тэдний ажлыг Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай залгамжлахаар болжээ. Өөрөөр хэлбэл тэр Alphabet болон Google хоёр компанийн гүйцэтгэх захирлаар зэрэг ажиллах юм. Пэйж, Брин нар 1998 онд Google компанийг анх үүсгэн байгуулж байжээ. “Alphabet, Google компаниудын үйл ажиллагаа тогтворжиж, үүсгэн байгуулагчдаасаа хамааралгүй үр дүнтэй ажиллах хэмжээнд хүрсэн тул менежмэнтийн бүтцийг өөрчлөх цаг нь болсон гэж бид үзэж байна.
Менежмэнтийн үүргийг өөрсдөө авах нь энэ компанийг хамгийн сайн ажиллуулах арга гэж бид хэзээ ч бодож байгаагүй. Одоо Alphabet, Google-д гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч хоёр байх шаардлагагүй болсон” гэж Пэйж, Брин нар блогтоо бичжээ. 2015 онд Google компани бүтцээ өөрчилж, Alphabet нэртэй толгой компанийг байгуулж байсан юм.
Тухайн үед Сундар Пичай компанийн ажилтнууд дотроос тодрон Google-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна. 2006 онд хайлтын системийн инженерээр ажиллаж эхэлсэн Пичай сүүлд Пэйж, Брин нарыг ятгаснаар Chrome интернэт броузерыг бий болгосон гэдэг. Энэ бүтээгдэхүүн амжилттай болсноор Пичайн албан тушаал дэвших замнал эхэлж байжээ. Одоо Пэйж, Брин нар Alphabet компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж, саналын эрхээ хадгалах юм байна.
Р.Түвшин
Эх сурвалж: Business Insider
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих