“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.
Энэ удаа дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
Өмнөх нь Ж.Энхбаяр: ЖДҮ авсан болохоос авлига авч, хулгай хийж, улсын мөнгө ашигласан биш
…УИХ-ын гишүүн Б.Батзориг “…ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудлаар сүүлийн хэдэн сар маш их улстөржлөө шүү дээ. Энэ зээл яаж олгогддогийг манай эрхэм гишүүд бүгд мэдэж байгаа. 2018 оны төсөв яригдаж байхад ЖДҮХС дээр мөнгө тавина, тавихгүй гэж байгаад сүүлд нь тавьсан. Засаг төр тэр үед солигдох гэж байсан. Юу яригдаж байсныг манай гишүүд бүгд мэдэж байгаа. Яривал их юм байгаа. Гэхдээ одоо ярих цаг нь биш болов уу гэж бодож байна. Би бас олон хүнтэй зөвлөж байна. Ахмад гишүүдтэй би байнга уулзаж зөвлөлдөж байгаа. Ярина л даа.
Тэгээд 70 тэрбум төгрөг 2018 оны улсын төсөв дээр тавигдсан. 27 тэрбум төгрөг эргэн төлөлтөөр тавигдсан. Нийтдээ 97 тэрбум төгрөг 2018 оны төсөвт тавигдсан шүү дээ. Прокурорын бичгийг харахад сайд тушаал гаргаад л энэ зээлийг чинь зүгээр нэг олгосон юм шиг нийгэмд ойлгуулаад байгаа байхгүй юу. Энэ чинь тусгай журамтай шүү дээ. 2016 оны Засгийн газрын тогтоолтой. Энэ зээлийг таван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй, хөнгөлөлттэй олгодог. Эхний жил нь хүүгээ төлөөд үндсэн зээлээ төлөхгүй гээд Засгийн газрын тогтоолоор батлаад өгчихсөн. Энэ тогтоолын дагуу зээл олгогдсон. Тэгээд 2016 оны Засгийн газрын тусгай сангийн хуультай баталсан. Энэ журмын дагуу л олгогдсон. Манай гишүүд бүгд саналаа хэлсэн шүү дээ. Ер нь гишүүд саналаа хэлдэг. Тийм ч үүрэгтэй. Ард түмний төлөөлөл бол гишүүд. Ард түмэн гишүүддээ мэдээж ханддаг. Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан. Одоо хэвлэл мэдээллээр бүгд явж байгаа. Яг үнэндээ үнэхээр улстөржиж бие биеэ алж байгаа. Сүүлийн хэдэн сар үнэхээр хүнд байгаа” гэсэн байна.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.6 БААСАН №242 (6209)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих